Ардчилсан намд шинэ салхи сэвэлзэж эхэллээ

Сурвалжилга

Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд бүх анхаарлаа хандуулна

Ардчилсан намын VII Их хурал өнгөрсөн амралтын өдөр сүр дуулиантайхан болов. “Улаанбаатар палас”-ын том танхим АН-ын төлөөлөгчдөөр дүүрсэн байлаа. Нийт 2800 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн гэхээр VII Их хуралд хэр хэмжээний ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Үндсэн дүрмээ шинэчлэх, түүхийн шинэ хуудас нээх, энэхүү хурлын үеэр болсон гол арга хэмжээний нэг нь С.Эрдэнийг намын даргад албан ёсоор батламжилж, тамга, тэмдгээ атгуулсан явдал байв. Ингээд АН-ын даргын тамга “Шонхор”-ын гэх тодотголтой З.Энхболдоос фракц нэгт С.Эрдэнийн гарт очсон нь энэ.

С.Эрдэнэ тамгаа атгасны дараа индэр дээрээс үгээ хэллээ. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлогч, тэргүүлэгч улс төрийн хүчин, ардчиллыг түүчээлэгч болохын төлөө бид улам илүү хичээж ажиллах болно. Анхан, дунд шатны намын шинэчлэлийг эхлүүлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын төлөө одооноос бэлтгэл ажлаа хангах болно. Шинэчлэлийг бүрэн утгаар нь хийж, 2020 оны бүх шатны сонгуульд ялалт байгуулахын төлөө хичээнэ” хэмээн том амлалт өгөв. Тэрчлэн ирэх дөрвөн жилд талцаж хуваагдсан фракц бүлэглэлийг нэгтгэж, нэг цул нам байлгах тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. АН цаашид хэрхэн шинэчлэгдэх нь С.Эрдэнийн үйл хэргээс харагдах юм.

Хурлын уур амьсгалаас харахад хуучин, шинэ хоёр даргадаа Ардчилсан намынхан сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдаж байлаа. Ардчилсан намын дарга асан З.Энхболд “Бид 2016 оны сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, намын шинэчлэлийг эхлүүллээ. Манай нам түүхэндээ анх удаа намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонголоо. Энэ бол улс төрийн намуудад шинэ хуудас нээсэн явдал. Мөн фракц бүлэглэлийн овоо хараанаас салж чадлаа” гэлээ. Энэ бол түүний намын даргын хувиар хэлсэн сүүлийн үг байв.

380 төлөөлөгчтэй Үндэсний бодлогын хороо байгуулна

Энэ хурлын дараа анхан шатны байгууллагуудын даргын сонгууль, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаа, ҮЗХ-ны гишүүний сонгууль зэрэг олон үйл ажиллагаа болно. Түүнчлэн шинэчилсэн дүрмийн төслөөр аймаг, дүүрэг, сумын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгохоор болсон нь дараагийн нэг томоохон шинэчлэл хэмээн тэд дүгнэж байв.

Үдээс хойших хуралдаанаар намын үндсэн дүрмийн шинэчлэлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталсан юм. Ингэснээр анхан, дунд шатны бүх албан тушаалтныг шинэчлэх ажил эхэлнэ. Шинэ дүрмийн дагуу хуучин ҮЗХ бутарч, 380 төлөөлөгчтэй Үндэсний бодлогын хороо байгуулна. Энэ хүрээнд 21 аймгийн намын дарга, 338 сум, 152 хорооны үүрийн дарга нарыг ч шинэчлэн томилох учиртай. Энэхүү ажлууд нь намын шинэчлэлийн хоёр дахь том давалгаа байх аж.

Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ийнхүү баталсан бол хавар буюу тавдугаар сарын эхээр болох Ардчилсан намын VIII Их хурлаар үзэл баримтлалын төсөл, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батлах юм байна. Тэрчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-7-нд тодруулахаар товолжээ. Тэгвэл Ардчилсан намын байр суурь нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн эхний үе шатыг бүх гишүүнээс санал авах замаар шалгаруулна. Хамгийн олон санал авсан хоёр хүнийг VIII Их хурлаар оруулж, эцсийн нэр дэвшигчийг тодруулах аж.


Их хурлын үеэр олон нийтийн дунд анхаарал татсан нэг зүйл нь намын генсекийн асуудал байлаа. Намын даргын санал болгосноор генсекийг батална. Гэхдээ Үндэсний бодлогын хороогоор ЕНБД-ыг батлах ёстой бөгөөд хороо баталтал Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол батлахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, намын даргын шийдвэрээр генсекийг түр томилох юм байна. Тэгвэл үдээс өмнөх хуралдаанаар намын дэд даргад УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нэр яригдаж байлаа. Түүнээс энэ талаар тодруулахад “Энэ удаагийн хурлаар намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсны дараа намын бүтцийн гурван том дүрмийн, хяналтын, санхүүгийн хорооны бүрэлдэхүүн байгуулна. Намын генсек болон дэд даргын тухайд дараагийн буюу VIII Их хурлаар шийдэгдэнэ” гэв.

2016 оны сонгуулийн ялагдал АН-д том цохилт болсон нь харин ч эсрэгээрээ шинэчлэгдэх ёстой гэсэн мессежийг өгч чаджээ. Төлөвлөсөн шигээ бүх зүйлээ ажил хэрэг болгож чадвал АН-д дараагийн дөрвөн жил ард түмний итгэлийг дахин хүлээх бололцоо олдох юм.
САНАЛ БОЛГОХ