Одоо л жинхэнэ “хатуу самар”- тай өрсөлдөх нь

Спорт

Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд найм дахь тулаанаа хийх тов гарсан нь спортын сүүлийн үеийн гол мэдээлэл байв. Тэрбээр өмнөх долоон тулаанаа бүгдийг нь хугацаанаас өмнө нокаутаар дуусгасан үзүүлэлттэй. Ингэхдээ ердөө 17 раунд зарцуулжээ. Товчхондоо бол өмнөх долоон боксчин түүнд хүчтэй эсэргүүцэл үзүүлэх хэмжээнийх биш байв. Тиймдээ ч дээд тал нь гурван үе тулалдсан юм.

Харин энэ удаа нударга зөрүүлэх боксчин нь өмнөх хэдтэй харьцуулахад эвгүй нөхөр бололтой. Енифел Висенте гэгч энэхүү доминикан эр 2006 оноос хойш мэргэжилд 35 тоглолт хийхдээ 32 ялж, ердөө гуравхан удаа дийлджээ. Ингэхдээ хүнд цохилтоор ялагдаж үзээгүй гэж байгаа. Цохилт сайн даадаг, “унаа холтой” гэсэн үг. Тэрбээр сүүлийн таван тулаандаа дараалж ялаад байгаа юм.

Мэргэжлийн бокс бол 12 раунд хүртэл тулалддаг, тамирчнаас асар их тэвчээр хатуужил шаарддаг спорт. Харин Төгсцогтын хувьд одоогоор олон раунд үргэлжилж, хүч шавхсан тулаан хийгээгүй яваа. Харин Висенте түүний хувьд анхны чанга өрсөлдөгч байх болов уу. Цаашдын хүнд тулааны бэлтгэл ч гэж болно. Тулаан гуравдугаар сарын 14-нд болох бөгөөд Fox Sport суваг шууд дамжуулах юм. Энэ өдөр олон тулаан явагдахаас Төгсцогтынх хамгийн гол гэдгээрээ онцлог аж. Манай тамирчны нэр хүнд, чанар чансаа дээшилсээр байгааг эндээс харж болох болов уу.

Дашрамд сануулахад, түүний өрсөлдөгч Висенте жингийнхээ чансааны 60 дугаарт эрэмбэлэгдэж буй. Харин Төгсцогт сүүлийн тулаандаа Г.Марезийг хожсоноор 69 дүгээрт бичигдэх болсон билээ. Энэ жинд 1560 боксчин бүртгэлтэй байгаа юм. Төгсөөгийн хувьд 3-4 тоглолтод ялалт байгуулж чадвал дэлхийн аваргын төлөө тулалдаж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглал дэвшүүлжээ.

САНАЛ БОЛГОХ