Нүүрснээс салах эрмэлзэл төгс Энэтхэг
Энэтхэг улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэтийн төлөвийн шинэ тайлан гаргалаа. Сэргээгдэх эрчим хүчний одоогийн үнэ унасаар байвал Энэтхэг улс 2025 оноос хойш нүүрсэн галлагаат цахилгаан станц нэгийг ч нэмж байгуулахгүй талаар уг тайланд дурджээ.
Ирэх арван жилд сэргээгдэх эрчим хүч, зай хураагуурын үнэ өртөг буурсаар нүүрснээс хямд эрчим хүчний үүсвэр болж хувирна хэмээн Шинэ Дели дэх Эрчим хүч, нөөцийн хүрээлэнгээс (TERI - The Energy and Resources Institute) даваа гарагт нийтлэсэн тайланд тайлбарлав. Тооцоо зөв байх аваас Энэтхэгийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 2030 он гэхэд 10 хувиар буурч 600 сая орчим тонн болох юм. Эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс шалтгаалан Энэтхэг нь хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд тэргүүлж болзошгүй нөхцөл бүрдлээ. Тус улс нүүрстөрөгчийн ялгарлаа багасгах нь дэлхийн дулаарлыг бууруулахад чухал үүрэгтэй. Энэтхэгийн сайд нар зөв бодлого тууштай баримтлаж чадвал амласнаасаа ч ихийг хийж, энэ зуунд нүүрсэн галлагаат эрчим хүчнээс бүрэн ангижирч чадна хэмээн тайланд өгүүлжээ. “Засгийн газар оновчтой бодлого хэрэгжүүлбэл Энэтхэгийн эрчим хүчний салбар 2050 он гэхэд нүүрс хэрэглэхээ болино” хэмээн TERI-ийн ерөнхий захирал Ажай Матур мэдэгдэв.
Эдүгээ тус улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаар БНХАУ, АНУ-ын дараа, дэлхийд гуравдугаарт ордог. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын дөрвөн хувь нь Энэтхэг улсад ноогдож байна. Гэхдээ сүүлийн 12 сард эдийн засаг нь долоо гаруй хувиар өссөнтэй уялдан хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ ч хурдацтай өссөөр. Ялгарлын өсөлтийн хурдацаар тус улс 2014 онд дэлхийд тэргүүлсэн. Мөн онд Энэтхэгийн хүлэмжийн хийн ялгарал жилийн өмнөхөөс даруй 8.1 хувиар их байв. Дараа жил нь буюу 2015 онд агаарт ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээ дахин 5.2 хувиар өсчээ.
Энэхүү өсөлтийн шалтгаан нь хүртээмжтэй эрчим хүчийг хүн бүрт гэсэн бодлого баримталж буй ерөнхий сайд Нарендра Модигийн ачаар нэмэгдсэн цахилгааны аварга хэрэглээ юм. Өнөөдөр Энэтхэгийн эрчим хүчний 60 орчим хувийг нүүрснээс гаргадаг. Сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх лут зорилттой зэрэгцүүлэн тус улс нүүрсэн галлагаат цахилгаан станц цаашид ч нэмж байгуулахаар төлөвлөсөн. Энэтхэг нь ойрын хэдэн жилд нийт 65 ГВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсэн галлагаат станцууд нэмж байгуулахаар төлөвлөсөн нь 20 ширхэг цөмийн хүчирхэг реакторынхтой тэнцэхээр байгаа юм. Энэтхэг оронд цаашид хэр хэмжээтэй эрчим хүч шаардлагатай нь одоо ч маргааны сэдэв. Эдүгээ тус улсын эрчим хүчний нийт хүчин чадал 308 ГВт. Гэтэл тасалдалгүй ашигласан үнэмлэхүй хэрэгцээ нь ердөө 156 ГВт болж байжээ. TEN-ий судалгааг үзвэл Энэтхэг нь нэгэнт төлөвлөсөн нүүрсэн галлагаат цахилгаан станцуудаа ашиглалтад оруулах мөртлөө 2025 оноос хойш дахин нэмж байгуулахгүй гэвэл хоёр хүчин зүйл чухал.
Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч, зай хураагуурын үнийн уналт одоогийн эрчээр үргэлжлэх ёстой. Ингэж чадвал 2025 он гэхэд үнэ өртөг нь одоогийнхоос тал хувиар буурч, нүүрс орлох боломж бүрдэнэ хэмээн ноён Матур тайлбарлав.
Хоёрдугаарт, Холбооны Засгийн газар сэргээгдэх эрчим хүч хадгалах найдвартай нөөцлөх систем үүсгэх ёстой. Үүний тулд цахилгаан эрчим хүчийг газар дээр нь шуурхай худалдан авах чадвартай компаниудыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. “Нарны аварга фермийн дээр үүл хурж, сүүдэрлэх тохиолдолд тухайн сүлжээ шууд нөөц үүсвэрээс, жишээ нь зай хураагуураас эрчим хүчээ худалдаж авдаг тогтолцоог Энэтхэгийн сайд нар дэмжих хэрэгтэй” хэмээн ноён Матур өгүүллээ.
Компаниуд 2025 оноос хойш нүүрсэн галлагаат цахилгаан станц нэмж байгуулахаа зогсоохын зэрэгцээ ажиллаж байгааг нь 2050 он орчмоос хааж эхэлнэ. Үүүний дүнд дэлхийн цахилгааны гол хэрэглэгчийн нэгийнх нь түгээх, хуваарилах сүлжээ үндсэндээ сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлаж ажиллах юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй