Жанет Йеллен: Төв банк бодлогын хүүгээ алгуур өсгөнө

Мэдээ

"АНУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүгээ алгуур өсгөнө" гэж тус банкны тэргүүн Жанет Йеллен мэдэгдлээ. Жанет Йеллен ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш анх удаа Конгрессын өмнө мэдээлэл өгсөн бөгөөд "Татварын орчин, Засгийн газрын төсвийн зарцуулалтад томоохон өөрчлөлт орвол энэ нь Холбооны Нөөцийн банкны шийдвэрт нөлөөлнө" гэж онцолсон байна.

Түүнчлэн Жанет Йеллен “Нээлттэй зах зээлийн хороо ажил эрхлэлт, инфляцын түвшин цаашид таамагласан хэмжээнд хадгалагдах эсэхийг ажигласаар байх болно. Хэдий тийм боловч Төв банк бодлогын хүүгээ өсгөх төлөв байна гэж харж байна. Эдийн засгийн төлөв тодорхойгүй байна, мөнгөний бодлогын арга хэмжээг урьдчилан таамаглах нөхцөл хомс байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдээж сангийн бодлого болон бусад эдийн засгийн бодлогууд цаашид хэрхэн яаж өөрчлөгдөх эсэх нь эдийн засгийн төлөвт нөлөөлнө. Одоогоор бодлогын түвшинд ямар өөрчлөлт гарч хэрэгжиж эхлэх, энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх эсэхийг тодорхойлоход хэтэрхий эрт байна” гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын хэмжээг огцом бууруулж, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэхээс гадна Төрийн санхүүгийн зохицуулалтыг бууруулна гэсэн хүлээлт үүсээд байна. Дональд Трамп АНУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр дахин өсгөж, дөрвөн хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм. Харин одоогоор АНУ-д эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл тэлсэн үзүүлэлттэй байгаа төдийгүй тус улсын инфляцын түвшин Холбооны Нөөцийн банкны зорилтот түвшин болох хоёр хувьд дөхөж ирээд байна.

Үүнээс гадна Дональд Трамп АНУ-ын банк санхүүгийн салбарын зохицуулалтын тухай хууль болох "dodd frank"-т шүүмжлэлтэй хандаж байсан юм. Харин тус улсын Төв банкны тэргүүн Жанет Йеллен үүний эсрэг байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр "2008 оны санхүүгийн хямралаас хойш АНУ-ын банкнууд аюулгүй, ашигтай ажилласаар ирсэн" гэж мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ