Ялимгүй өсөх найдлага

Нийтлэл

Экспортоос улбаатай өсөлт худалдааны тэнцэлд эергээр нөлөөлөв

Улиран одсон 2016 оны эдийн засгийн өөрчлөлтийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцуулах товтой байна. Монголын эдийн засаг өмнөх оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 хувиар уруудчихаад байгаа юм. Харин жилийн эцэст ДНБ-ий зураглал хааш чиглэснийг албаныхан танилцуулах гэж буй нь энэ. Тэгвэл үүнээс урьтаад эдийн засагчид болоод олон улсын санхүүгийн байгууллагуудын таамгийг тандъя.

Олон улсын валютын сан манай эдийн засгийн өсөлтийг 2016 онд 0.04 хувьд хүрнэ гэж таамаглажээ. Энэ таамгаас үл ялиг өндөр төлөвийг бусад байгууллага танилцуулаад байгаа. Тодруулбал, Дэлхийн банк 0.1, Азийн хөгжлийн банк 0.3, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс 0.4 хувийн төлөв дэвшүүлээд байгаа юм. Мөн “Bloomberg Mongolia” телевизийн шинжээчид өнгөрсөн онд манай макро эдийн засаг 0.06 хувиар тэлсэн гэж таамагласан.

Монголын эдийн засгийн зүтгүүр уул уурхайн өсөлт саарсан. Гэвч хөдөө аж ахуйн тэлэлт эрчимжсэн. Монгол малын тоо толгой өнгөрсөн оны эцсийн байдлаар түүхэн дээд цэг буюу 61 саяыг давлаа. Үр тарианы хэмжээ ч огцом өсөж, 483 мянган тоннд хүрсэн юм. Энэ нь макро эдийн засагт дэмжлэг болсныг шинжээчид онцолж байна.

Үүнээс гадна шинэ онтой уралдан өссөн түүхий эдийн үнийн сэргэлтийг мартаж болохгүй. Зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн ханш оны өмнө огцом сэргэлээ. Зэрэгцээд түүхий эдийн биет хэмжээ ч тэлсэн юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр зэс, цайр, төмрийн хүдэр, алт, нүүрсний экспорт 8.3-46 хувиар тэлжээ. Үнэ болоод биет хэмжээ ийнхүү тэлснээр экспортын орлого таван хувиар өссөн. Алтны экспортын орлого гэхэд л 300 сая ам.доллараар өссөн. Энэ мэт экспортоос улбаатай өсөлт худалдааны тэнцэлд эергээр нөлөөлсөн. Манай гадаад худалдааны ашиг түүхэн дээд цэг буюу 1.5 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа юм.


ШУТИС-ийн Бизнесийн сургуулийн багш Д.Баярмаа “ДНБ-ий өсөлт олон улсын байгууллагуудын таамаглаж байсан шиг 0-1 хувийн хооронд хэлбэлзэх болов уу. Учир нь 2016 оны сүүлээр эдийн засагт эерэг шинж ажиглагдсан” гэж ярилаа. Тэгвэл эдийн засагч Ч.Хашчулуун “Зарим үзүүлэлт таамаглаж байснаас эерэг гараад байгаа. Мал аж ахуй, тариалангийн салбар өссөн. Тээврийн салбар үл ялиг дээшлээд байна. Барилгын салбар 17 гаруй хувийн уналттай байгаа ч орон сууцнаас бусад нь тогтвортой байна” гэв. Шинжээчдийн таамгаар агшаад буй эдийн засаг 2016 оны эцэст үл ялиг өсөх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, оны эцсээс эрчимжсэн эерэг өөрчлөлтүүд Монголын эдийн засгийг уналтаас өсөлтөд шилжүүлэх нь.
САНАЛ БОЛГОХ