2017 оны төсөв батлахтай холбогдуулан үндэсний хэмжээнд хэмнэлтийн горимд шилжсэн. Энэ хүрээнд төсвийн бүх ерөнхийлөн захирагчийг том жижиг гэлтгүй хувийн хэмнэлт гаргахыг даалгасан юм. Ингээд бүх шатандаа эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан эхний хоёр сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 550 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол зардал 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тооцоо гарчээ. Эндээс харахад Засгийн газраас сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч эхэллээ хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа онцоллоо.
Өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн УИХ-ын намрын чуулган 85 өдөр хуралдахдаа бие даасан 22 хууль баталж, 200 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ихэвчлэн нийгмийн салбарын болон Монгол Улсын батлан хамгаалах салбарын багц хуульд өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн олон нийтийн анхааралд байсан Гэр бүлийн хүчирхийлэл, Дипломат албаны, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Авлигатай тэмцэх хөтөлбөрийг баталсан нь энэ чуулганы онцлох үйл явдал байлаа хэмээн МАН-ын бүлэг дүгнэв.
Мөн иргэдийн дунд хэл ам дагуулж байсан зарим хуулийн талаар бүлгийн дарга нэмэлт тайлбар хийсэн юм. Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд эхний ээлжинд жилийн борлуултын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хөдөө аж ахуйн чиглэлийн салбарын албан татварыг нэг хувь болгон, цаашид хүнс, нэхмэл хувцас зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт шат дараатай татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтлахаар болжээ.
Эхний хагас жилд багтаан Тавантолгойг эргэлтэд оруулна
Тэрчлэн хөдөө орон нутагт судалгаа хийсний дүнд малчдад төрөөс үзүүлэх тэтгэлэг гарцаагүй хэрэгтэй гэсэн шийдэлд хүрч, дараах халамжийг үзүүлэхээр болсон гэдгээ хэллээ. Малчдын тэтгэвэр тогтоох насыг таван жилээр урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцохоор боллоо. Ингэснээр уламжилж ирсэн мал аж ахуйг хамгаалж үлдэнэ гэж үзэж байгаа юм.
Намрын чуулганы хуралдааныг дүгнэх хэвлэлийн хурлын үеэр Тавантолгойн асуудлыг хөндлөө. Тодруулбал, иргэдэд өмчлүүлсэн хувьцаа хэзээ ашгаа өгөх вэ, МАН төр барих хугацаандаа Тавантолгойн хувьцааг эргэлтэд оруулах боломж байгаа, эсэхийг сэтгүүлчид тодруулсан юм. Энэ асуултад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хариулахдаа “Тавантолгойг эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газар нухацтай судалж байна. Бүлэг дээр нэг удаа танилцуулсан. Бүлгийн гишүүдээс гарсан саналыг тусгахаар ажиллаж байгаа. Аль болох богино хугацаанд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Засгийн газрын зүгээс эхний хагас жилдээ багтааж, УИХ- д оруулж ирэх болов уу гэж найдаж байна” гэв.