Ким Чен Намыг хэн хөнөөв

Мэдээ

Малайзын Цагдаагийн албан хаагчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт холбоотой байж болзошгүй эмэгтэйг сэжиглэн баривчилсан байна. 28 настай Доан Ти Хуон гэгч этгээд Вьетнам улсын паспорттай явж байсан ба түүнийг лхагва гарагийн өглөө Куала Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан талаар Малайзын Цагдаагийн албаны ерөнхий байцаагч мэдэгджээ. Сэжигтэй этгээдийг хяналтын камерын бичлэгийг үндэслэн баривчилсан аж. Лхагва гарагт Куала Лумпурын эмнэлгээс Ким Чен Намын цогцсыг БНАСАУ-ын Элчин сайдын яамны машинаар тээвэрлэн авч явсан байна. Харин Ким Чен Намыг Малайз улсад халдлагад өртөн амиа алдсан явдалд БНХАУ анхаарал хандуулж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

Даваа гарагт ази төрхтэй хоёр эмэгтэй Куала Лумпурын онгоцны буудалд Ким Чен Намын биед халдан, улмаар хэргийн газраас зугтсан талаар БНСУ-ын хууль тогтоогч мэдэгдсэн юм. Ким Чен Намыг зүү эсвэл цацлага ашиглан хөнөөсөн гэж үзэж байгаагаа тус улсын албаныхан мөн илэрхийлжээ. Үүнээс гадна БНСУ-ын шинжээчид болон албаныхан Ким Чен Намын амийг хөнөөсөн хэргийн цаана түүний дүү, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун байж болзошгүй талаар байр сууриа илэрхийлээд байна.




САНАЛ БОЛГОХ