Саппорог зорих Монголын тамирчид

Спорт

Наадамд оролцох тамирчдад зориулж улсаас 172 сая төгрөг гаргажээ

2017 онд Монголын тамирчдын оролцох спортын томоохон үйл явдлын нэг нь гурав хоногийн дараа Японы Саппоро хотноо эхлэх Азийн өвлийн наадам. Энэ жил найм дахь удаагаа зохиогдох гэж буй тус наадамд манайхан гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккей гэсэн зургаан төрөлд 42 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Мөн дасгалжуулагч, эмч, албаны нийлсэн 28 хүн Наран улсыг зориход бэлэн болжээ. Наадамд оролцох тамирчдад Монгол Улсын төрийн далбаа гардуулах ёслол лхагва гарагт МҮОХ-ны байранд болсон юм.

                    Тамирчдын хувцсыг дотоодын компани үйлдвэрлэжээ

Азийн цагаан наадам анх 1986 онд зохиогдсон бөгөөд Монголын баг анхны наадмаас эхлэн тасралтгүй оролцож иржээ. Улмаар хоёр дахь наадмаас гүйлтийн цанын буухиа төрлөөр хүрэл медаль зүүж, өвлийн спортын анхны том амжилтаа гаргасан түүхтэй. Энэ амжилт 2007 онд давтагдаж, уулын цанын Ү.Марал багийнхаа ганц хүрэл медалийн эзэн болсон билээ. Харин 2011 онд Казахстанд болсон долоо дахь наадамд бид хамгийн өндөр амжилтаа гаргасан юм. Тэр жил бөмбөгтэй хоккейчид мөнгөн медаль зүүсэн бол цанын зүг чиг олох төрлийнхөн дөрвөн хүрэл эх орондоо авчирч байв. Монголчууд өвлийн спортоор амжилт гаргах бололцоотой гэдэг нь эдгээр медалиас харагдах болов уу.

Энэ жилийн хувьд манай тамирчид хоккей, цана, гүйлтийн тэшүүрийн төрөлд медалийн төлөө өрсөлдөх болно. Амжилт гаргаж магадгүй гэж харуулдах тамирчид ч байна. Тухайлбал, өнгөрсөн жил Норвегид болсон залуучуудын өвлийн олимпоос алтан медаль зүүсэн тэшүүрч охин Б.Сумъяа багийн бүрэлдэхүүнд бий. Дэлхийн хэмжээний олимпоос алт авсан тамирчин тивийн наадамд ногт ганзагалаж очих нь тодорхой. Түүнчлэн хоккейн тэмцээнд оролцох багуудыг гурван ангилалд хувааж, тус бүрд нь медаль өгөхөөр болсон нь манайханд том боломж олгожээ. Монголын баг “В” дивизионд багтсан болохоор медаль авах боломжтой гэсэн үг. Хэд хоногийн өмнө бөмбөгтэй хоккейн ДАШТ- ээс хүрэл медаль хүртсэн тамирчид багийн гол цөмийг бүрдүүлсэн болохоор хоорондоо ойлголцох тал дээр асуудалгүй. Мөн бэлтгэл сургуулилалт ч жигдрээд байгаа болов уу.

Дөрвөн жилд нэг удаа болдог тивийн хэмжээний том наадамд оролцох багтаа улс чадлынхаа хэрээх тусалж буй. Тухайлбал, тамирчин, дасгалжуулагчдын замын зардал, хувцас хэрэглэлд зориулж 172 сая төгрөг төсөвлөсөн болохыг БСШУСЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн юм. Манайхан өмнө нь гаднын том брэндийн хувцсаар тамирчдаа ижилсүүлдэг байсан. Харин энэ жил дотоодын үйлдвэрлэгч компани тамирчдынхаа хувцсыг урласан нь гол онцлог болжээ. Тухайлбал, “Мон пауэр”, “Төмөр трейд” гэсэн хоёр компанийн хийсэн хувцсыг манайхан Азийн олимпод өмсөх юм. Цаашид спортын бусад том наадамд оролцохдоо энэ жишгийн дагуу үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих юм байна.

                                   Хамгийн олон оролцогчтой наадам

Азийн өвлийн наадам дөрвөн жил тутам болдог хуваарийн дагуу 2015 онд зохиогдох байв. Гэвч өвлийн олимп өндөрлөснөөс ганцхан жилийн дараа болох нь зохимжгүй байна гэж үзсэн тул дахин хоёр жилээр хойшлуулж, 2017 он болгожээ. Харин үүнээс хойш 2021, 2025… зэргээр дөрвөн жилийн мөчлөг хадгалагдах аж.

“Саппоро-2017” бол хамгийн олон оролцогчтой наадам болж, түүхэнд тэмдэглэгдэж байна. Өмнөх наадамд 26 улс тамирчнаа илгээсэн бол энэ удаа 32 орон өрсөлдөх мэдүүлгээ ирүүлжээ. Индонез, Шри-Ланка, Зүүн Тимор, Вьетнам улс анх удаа оролцохоор болсон юм. Түүнчлэн Азийн олимпийн зөвлөл Далайн бүсийн орнуудад урилга илгээсний дагуу Австрали, Шинэ Зеланд улс шар тивийн наадамд төлөөллөө оролцуулахаар боллоо. Энэ хэрээр өрсөлдөөн ширүүсэх нь тодорхой. Ялангуяа өвлийн олимпоос 12 медаль авсан чамлахааргүй амжилттай Австралийн тамирчид өрсөлдөөнд шинэ өнгө нэмэх биз ээ.

Саппоро хот цагтаа өвлийн олимп зохиож байсан туршлагатай болохоор наадмыг амжилттай хийнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй байх. Тэд наадмын зохион байгуулалтад зориулж нийт 3.5 тэрбум иенийн зардал гаргажээ.
САНАЛ БОЛГОХ