Туршилтын хугацаа, цагийн ажлыг хуульчилна
Хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалж, шинэ зохицуулалт оруулсан
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...” эрхийг эдлэхээр заасан байдаг. Гэвч үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүйгээр ажиллуулдаг. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн цоорхойг нөхөхөөр болжээ. Төсөлд туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс туршилтын хугацаа болон дагалдан ажиллуулах хугацаа гэсэн зүйл шинээр нэмж, тусгажээ.
“Туршилтын хугацаа” гэдэгт тухайн ажилтны мэргэжпийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, хувь хүний болон ажил хэргийн зан чанар нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох, эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл ажил олгогч, ажилтан хоёр туршилтын хугацааг харилцан тохиролцож тогтоохоор төсөлд тусгажээ. Хугацааг тохиролцох нь тухайн байгууллагын ажлын онцлог, гэрээний талуудын сонирхол, эрэлт хэрэгцээтэй холбоотой бөгөөд туршилтын хугацаа нь гурван сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн хуулийн төсөлд цагаар ажиллах гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгажээ. Ингэхдээ тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заасан байна.
Д.ДАМБА-ОЧИР: ТУРШИЛТЫН ХУГАЦААНД ЗААВАЛ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛНА
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос дараах зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн өөрчлөлтөөр ямар зохицуулалт хийхээр тусгасан вэ?
-Ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтыг зохицуулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажилд хүн авчихаад туршилтын хугацаа нэрийн дор хоёр, гурван сар ажиллуулаад цалин өгөлгүй “чи таалагдахгүй байна” гээд явуулдаг байдлыг болиулж байгаа хэрэг.
-Туршилтын хугацааг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Туршилтын хугацаанд ажиллуулж болно. Гэхдээ гурван сараас илүүгүй байна. Энэ хугацаанд ажиллуулахдаа заавал хөдөлмөрийн гэрээ хий гэж байгаа юм. Мөн дор хаяж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр цалинжуулах хэрэгтэй. Ер нь туршилтаар ажиллуулаад цалин өгдөггүй үзэгдэл гол төлөв үйлчилгээний салбарт гардаг. Хэр сайн ажиллахыг нь харж байж авна гэж ажиллуулаад дараа нь зүгээр явуулчихдаг. Ихэнхдээ жижиг аж ахуйн нэгжүүд дээр ийм асуудал гараад байгаа. Томоохон аж ахуйн нэгжүүдийн нийгмийн болоод ажилчдынхаа өмнө хүлээсэн хариуцлага нь арай өөр байдаг. Сүүлийн үед бүр дэлгэрэх маягтай болчихлоо. Цалин өгөхгүй, хөдөлмөрийн гэрээ хийхгүй байна гэдэг чинь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд бүгдийг нь төлөхгүй гэсэн үг. Тэгэхээр аж ахуйн нэгжийн эздийг хариуцлагатай болгож хүн ажиллуулж байгаа бол цалинг нь өгдөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлдөг болгож байгаа юм.
-Хэрэв туршилтаар ажиллуулж байгаад цалин өгөхгүй томиолдолд ямар хариуцлага ногдуулах вэ?
-Хэрэв туршилтын хугацаанд хүн ажиллуулж буй бол хөдөлмөрийн гэрээ хий гэсэн шаардлага тавьж байгаа юм. Ажил олгогч үүрэг хүлээгээд гарын үсэг зурчихсан, тамга дарчихсан. Нөгөө талдаа гарын үсэг зурсан ажилтан гээд эрх зүйн баримт байвал үүнийгээ бариад шүүхэд хандах ч нээлттэй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөх, цалингаа авах эрхийг нь хамгаалах баримт нь болно. Хэрэв гэрээ хийгээгүй бол ажил олгогч хариуцлага хүлээнэ. Дээрээс нь бас торгуультай. Хариуцлагыг сайжруулах үүднээс торгуулийг нь нэмсэн. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр хүн хохироосон бол 50-100 мянган төгрөгөөр торгодог байсан. Үүнийг нэмэгдүүлж 500 мянгаас сая төгрөгөөр торгохоор оруулж байгаа. Торгуулийн хэмжээг өндөрсгөснөөр хариуцлага нэмэгдэнэ гэж бодож байна.
-Туршилтын хугацааны нийгмийн даатгалыг ажил олгогч заавал төлөх ёстой юу?
-Энэ чинь ажилласнаар тооцогдоод явж байна л гэсэн үг. Туршилтын хугацаанд ажил хийсэн үү, хийсэн. Бас амьдрал дээр тухайн хүнийг харж байж ажиллуулах, эсэхээ шийддэг юм бий. Гэхдээ заавал цалинжуулах хэрэгтэй. Хэрэв тэр хүн сарын хугацаанд сайн сурсан бол жинхлээд явчихна. Хувийн компани бол сайн ажиллаж байгаа хүнийг халах, солих бодолгүй шүү дээ. Ажлаа бодоод аваад үлдэнэ.
-Цагийн ажлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Энэ хуульд цагаар ажиллуулах зохицуулалтыг сайн тодруулж өгсөн. Одоо бол ийм зохицуулалт Хөдөлмөрийн хуульд байхгүй. Жишээ нь, оюутнууд цагийн ажил хийсэн бол оройдоо хөлс мөнгөө авдаг байна. Мөн ажил олгогч эрхлэгч цагийн ажилтны цалинг өгөөгүй хариуцлага хүлээлгэх талаар зохицуулж өгсөн. Ингэснээр хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ч гэсэн ажил олгогч хариуцлага хүлээх боломжтой болох юм. Энэ зүйлүүдийг зохицуулж өгөхгүй бол залуус ажилд орохоор очоод нэг, хоёр сар ажиллаад цалин авч чадахгүй болохоор ажил хийх сонирхолгүй болж байна. Өөрөөр хэлбэл, итгэл алдарч, итгэл үнэмшилгүй болж байгаа юм. Үүнийг зохицуулах үүднээс л энэ хуулийг өргөн барьсан. Цагийн ажлын хувьд манай улсад төлөвшиж, жигдрээгүй байна. Түүнээс Герман, Солонгос, Англи зэрэг оронд монголчууд, оюутнууд цагийн ажил хийж байгаа. Цалин хөлсний хувьд ч ямар нэгэн асуудал гардаггүй. Хэрэв найман цаг ажилласан бол тухайн ажил олгогчтойгоо тохиролцсон тэр хөлс мөнгөө аваад л явна. Мөн гаднын улсад цагийн ажилчнаар тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсийг голлон авдаг. Өдөртөө ажиллачихаад маргааш нь ирэхгүй гэх юм байхгүй. Сургууль соёлд сурахын хажуугаар нэг газраа хоёр, гурван жилээр ч цагийн ажил хийнэ шүү дээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй