Археологийн олдворуудын “үнэгүйдэл”

ЗГМ: Сэдэв

Эртний эд өлгийн зүйл худалдах нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг

Монгол орон эртний түүх дурсгалын олдвор арвинтай болохоор гадныхан битүүхэн атаархдаг. Гэвч манайхан түүх, археологийн ховор олдворуудаа арчилж, хамгаалж төдийлэн чадахгүй байна. Уг нь улсын хэмжээнд соёлын өвийг хамгаалах 11 байгууллага бий. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтний хэлснээр аймаг бүрт хоёр музей байх ёстой ч ихэвчлэн нэг музей байдаг аж. Энэ нь төр засгаас хангалттай төсөв хөрөнгө өгч чаддаггүйтэй холбоотой. Археологийн олдвор илрүүлэх судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ч ихэвчлэн гаднын байгууллагууд гаргадаг. Төсөв мөнгөгүй хоосон гээд эрдэмтэн, судлаачид гар хумхиж зүгээр суусангүй. Тэд эртний олдворуудыг илрүүлэн судалсаар буй. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт 2005-2007 онд хайгуул, судалгаа, малтлага хийсээр 2009 онд нэгэн сэдэвт бүтээл илрүүлсэн байдаг. Энэ нь тухайн үедээ оны шилдэг шинжлэх ухааны бүтээл болж байв. Ховд аймагт мөн ижил хайгуул судалгааг 2008-2010 онд хийгээд дуусчээ. Нэг аймгийн нутгаас л гэхэд 10 мянга гаруй археологийн өв бүртгэж баримтжуулсан нь тэдний зүтгэлийг илтгэнэ.

Соёлын өв, археологийн олдворыг илрүүлэх томоохон төслийг Увс аймагт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн ч төсөв баталж өгөөгүй тухай холбогдох мэргэжилтэн нь сэтгэл дундуур сууна билээ. Ер нь соёлын өвийг үл хайхарч буй талаар эрдэмтэд дуу нэгтэй учирлаж байв. Судлаачид, археологичид хөдөө хээр хэдэн сараар явж, малтлага хийхдээ илүү цагийн хөлс, хоолны мөнгө зэргийг авдаггүй бөгөөд өөрсдийнхөө боломж бололцоогоор яаж ийгээд аргалдаг байна. Соёлын өвийг судлах, археологийн олдвор илрүүлэх малтлага хийх ажилд гадны байгууллагууд л ихээхэн ач холбогдол өгч, санхүүгээр дэмждэг болохоос Монголын төр өчүүхэнд санаа тавьдаггүй аж.

               ХӨДӨӨГИЙНХӨН АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛЫГ СҮЙТГЭДЭГ
Ард түмний амьдрал улам ядуурч, ухамсар дорой байгаагаас нүд цагаан, мөнгө улаан гэдэг болж түүхийн үнэт олдворыг юу ч үгүй болтол нь сүйтгэчихдэг болжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон суманд байдаг бүх булш, бунхныг тоносон байна. Тус суманд ямар булш бунхан байсныг бүртгэж, судалж амжаагүй байхад нь аль хэдийнэ тоносон тухай судлаачид харамсангүй хэллээ. Ийн соёлын өвийг сүйтгэдэг үзэгдэл алсдаа улсын түүх, соёлд хор учруулж болзошгүй гэдгийг ч эрдэмтэд хэлж байгаа юм. Ялангуяа хятад иргэд монголчуудаас түүхийн үнэт өвийг өндөр үнээр худалдаж аваад, судалгаа хийж, хожим нь бидний түүхийг өөрсдийнхөө мэт зарлахыг үгүйсгэх аргагүй хэмээн болгоомжлох хүн олон байна.


Нөгөөтэйгүүр, эртний эд өлгийн зүйлс худалддаг хүмүүс соёлын өвийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа нь илт. Тэд захиалга өгч булш бунхан ухуулдаг том бизнестэй, бүлэг болсон байдаг аж. Мөн эртний эдлэл цуглуулдаг хувийн цуглуулагчид бий. Үүгээрээ үзэсгэлэн нээсэн хувь хүмүүс ч байдаг гэнэ. Энэ асуудлыг хуулиар л зохицуулахгүй бол өөр аргаар тэмцэх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав. Ялангуяа хариуцлага хүлээлгэх асуудлыг захиргааны хэрэг төдий биш эрүүгийн хэрэг болгох шаардлагатайг онцолсон юм. Өнгөрсөн жил гэхэд л Германы спорт хувцасны алдарт брэнд “Адидас”-ын бэлгэ тэмдэг болсон урт, шулуун зураас бүхий гуталтай адилдуу шарил Монголын нутгаас олдсон талаар олон улсын агентлагууд онцолж байсан. Үүнийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялан гэх нутгаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлийн хамт тус аймгийн музей, “Ховд” их сургуулийн хамтарсан багийнхан олж илрүүлсэн юм. Үүнийг тодруулбал, эд өлгийн зүйл дунд эсгийгээр ороож, оршуулсан хүн, хонь, адуу, эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэлүүд гарч ирсэн байна. Дээрх олдвор, эд өлгийн зүйлсийг Улаанбаатар хотод авчран бүртгэх, цэвэрлэх, сэргээн засварлах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа “Соёлын өвийн төв”-ийн Сэргээн засварлах лабораторид хийжээ.

Гаднын хэвлэл, мэдээллүүд энэхүү олдворыг Төв Азиас олдсон дэлхийд хосгүй үнэт олдвор хэмээн тодотгосон байна.

                               ХАМГААЛАХ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Эртний хүн, малын ясны цуглуулга, хүн чулуу, булш, хиргисүүр, хадны зураг бүгд манай үндэстний соёлын өвд багтана. Эдгээрийг хадгалах, хамгаалах хатуу бодлого, сэтгэл дутаж буй. Учир нь жил болгон Соёлын өв, музейн үзмэрийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг ч иргэд энэ хуулийн талаар мэдлэг нимгэн байдаг. Энэ нь соёлын өвийг сүйтгэхэд нөлөөлдөг байна. Үндсэн хуульд “Байгалийн баялаг, соёлын өв нь нийтийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Уг нь бол түүхийн энэ үнэт олдвор, хөшөө дурсгал, хиргисүүр, хадны зураг зэрэг нь монголчуудын эртнээс хадлагдаж ирсэн өв соёл. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалыг татах бас нэгэн боломж юм.
» Соёлын өвийг сүйтгэдэг үзэгдэл алсдаа улсын түүх соёлд хор учруулж болзошгүй гэдгийг ч эрдэмтэд хэлж байгаа юм.
» Эрүүгийн хуулиар олдворыг зөвхөн хил давуулахад л хариуцлага хүлээлгэх заалттай байдаг.
» Эртний булш, хиргисүүрийг тонож, сүйтгэдэг бүлэглэл бий болжээ.
Түүхийн өвийг хамгаалахад иргэдийн оролцоо чухал гэдгийг анхаарч үзэх ёстой. Учир нь манайд төдийгүй олон улсад өв соёлоо хамгаалахдаа ард иргэдээ татан оролцуулдаг юм билээ. Гэтэл өнөөдөр манайхан хялбар аргаар мөнгө олох шуналын сэтгэлээр тонож, сүйтгэх явдал газар авч байна. Дэлхийн улс орнуудад соёлын өвийг хамгаалах бодлогоо хангалттай төсөв хөрөнгөөр шийддэг, сайн эрх зүй, олон нийтийн оролцоо байх ёстой гэж хуульчилсан байдаг юм. Хууль хэрэгжиж, иргэд сэтгэлтэй хандаж байж улс соёлын өвөө хамгаалж чадна гэсэн үг. Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмж хамгийн чухал юм.

                                     ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭЭР

Зөвшөөрөлгүй хайгуул малтлага хийсэн төрийн бус байгууллагад 2008 онд лиценз олгож, АНУ руу Монголын доод цэрдийн палеонтологийн олдворууд, динозаврын толгой, чөмөгний дээжийг буцааж авчрах нөхцөлтэйгээр хилээр гаргасан ноцтой зөрчлийг илрүүлжээ. Үүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэрэгсэхгүй болгосон тохиолдол бий. Мөн БНХАУ руу хичнээн тооны соёлын өв, дурсгалыг гаргасан баримт ч байдаггүй. Учир нь Монголын өнцөг булан бүрт байгаа олон хүн чулуу, хадны сүг зураг, булш, хиргисүүр гэх мэт соёлын өвийг тэр болгон шалгаж тоолоод байх боломжгүй байдаг талаар соёлын өвийг хариуцсан мэргэжилтэн дурдаж байлаа. Шинэ малтлага, хайгуул хийх тоолонд өмнө нь гаргасан тоо өөрчлөгддөг гэнэ.

Соёлын өв алдагдах, сүйтгэгдэж тоногдоход хувь хүн болон байгууллагуудад мөнгөн торгууль оноож хариуцлага тооцохоос гадна ял эдлүүлдэг болсон. Тодруулбал, Эрүүгийн хуулиар олдворыг зөвхөн хил давуулахад л хариуцлага хүлээлгэх заалттай байдаг аж. Гэвч тэр болгон хуулийн дагуу хариуцлага хүлээдэг нь цөөхөн. Учир нь соёлын үнэт дурсгалуудыг хүнгүй, шөнө оройн цагаар ухаж тонон, хулгайлчихдаг байна. Соёлын өвийг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд “гадаад гэхээс илүү монголчууд түүхийн үнэт дурсгал, өвөө устгаж байгаа нь харамсалтай” хэмээн халаглаж суух нь эртний олдворууд хөсөр хаягдсан гэдгийг илтгэнэ.

                                                            ЗГМ:ТОДРУУЛГА
                               Монголчууд соёлын өвөө өөрсдөө сүйтгэдэг

Түүх, археологийн олдворыг тонож, хууль бусаар худалдвал 2-4 сая төгрөгөөр торгоно

Сүүлийн үед соёлын өвийг тонож, хууль бусаар худалдах явдал олширч байна. Энэ талаар БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодрууллаа.

-Түүхийн олдворуудыг тонож, хулгайд алдах явдал олон гардаг. Үүнд ямар арга хэмжээ авч байна?

-Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн тухай ойлголт муу байгаагаас үүдэлтэй. Үнэт өвийг тонож дээрэмдэх нь ерөөсөө хялбар аргаар мөнгө олох гэсэн арга. Үүнийг хэн сургаад байна гэвэл захиалж, тодорхой хэмжээний мөнгө амлаад байгаа хүмүүс юм. Мөн монголчууд маань соёлын өвийн дурсгалыг үнэлэхгүй байна. Хэрвээ соёлын өв алдагдсан, нээн илрүүлсэн, тоногдсон гэх мэдээлэл байвал мэргэжлийн судлаачидтай уулзаж мэдээлэл өгөх хэрэгтэй.

-Энэ онд төлөвлөсөн ажил юу байна?

-Энэ онд соёлын өвийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжууд хэрэгжинэ гэж ойлгож болно. Энэ хуулийн дагуу торгуулж, шийтгүүлсэн хүмүүс ч цөөнгүй бий. Удахгүй хариуцлагын тогтолцоог иж бүрнээр шийдэх хууль гарах гэж байна. Үүнтэй холбоотой Эрүүгийн хуулийг баталсан. Энэ нь 17 заалттай бөгөөд хуулиар хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оноохоор тусгасан.

-Соёлын өвийг байрны подвольд хадгалдаг тухай сонссон. Тиймээс тоног төхөөрөмж, барилга байгууламжийг хэр анхаарч байна вэ?

-Тоног төхөөрөмжийн хувьд Япон, Солонгос зэрэг азийн орнуудаас төсөл, хөтөлбөрийн хүрээнд оруулж ирдэг. Хэрвээ өөрсдөө төсвөөрөө худалдаж авна гэвэл баршгүй их үнэтэй. Бодис ч мөн шаардлагатай байдаг. Үүнийг мөн гаднаас 3-4 дахин өндөр үнэтэй авдаг. Учир нь манайд энэ төрлийн бодис хийдэггүй юм. Мөн зайлшгүй шаардлагатай зүйл бол олон улсын стандартад нийцсэн лаборатори. Үүнийг байгуулахад маш их төсөв хөрөнгө шаардагдана. Хуучин байрны подваль ашигладаг байсан нь үнэн. Удахгүй соёлын өвийг хамгаалах төвийн байр ашиглалтад орох гэж байна.

-Соёлын өвийг хамгаалах чиглэлээр энэ салбарт ажилладаг хүн, хүч хэрхэн ажиллаж байна вэ?

-Судалгаа шинжилгээний хүрээнд цөөн хэдэн байгууллага бий. Гэхдээ ажиллах хүч хангалттай. Түүх археологийн дурсгалыг судалдаг нарийн лабораторийн маш үнэтэй шинжилгээг гадаадад хийлгэдэг учир ийм мэргэжилтэн одоогоор шаардлагагүй. Гэхдээ лабораторийн шинжилгээнд зарцуулж байгаа хөрөнгийг мэргэжилтэн бэлтгэж, гадаадад суралцуулах зардалд зарцуулах хэрэгтэй. Энэ жил соёлын өвийг сэргээн засварлах ажилд хэд хэдэн ажлын байрны хүндрэл гарч байна. Жишээ нь музей болгонд сэргээн засварлагч байна гэж заасан байдаг. Гэтэл мэргэжилтнүүд нь байгаа ч хөдөө орон нутагт ажиллахгүй байна.

-Сэргээн засварлах төсөл, хөтөлбөр хэр хэрэгжиж байгаа вэ?

-Төсөл хөтөлбөрийн хүрээнд археологийн олдворууд буюу соёлын өвийг эргээн засварлах газрыг бүсчилэн байгуулах асуудал гарч ирж байна. Мөн ирэх жилээс музейн тухай хуулийг албан ёсоор батална. Яваандаа олон улсын стандарт, шаардлагад нийцсэн маш том судалгаа, шинжилгээний лаборатор байгуулахаар төлөвлөж байгаа.

-Түүхийн үнэт олдвор, өв соёлоо хамгаалж, хадгалж чадаж байна уу?

-Хууль дүрмийнхээ дагуу хамгаалж чадаж байгаа. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд булш хиргисүүр ухсан асуудал гарч байсан. Үүнийг хуулийн заалтын дагуу мөнгөн дүнгээр торгож шийдвэрлэсэн. Хулгайд алдагдаад байгаа гол шалтгаан нь хөдөө орон нутгийнхан хот руу нүүснээс нутаг орон эзгүйрсэн үед, шөнө машин хөлөглөн тонож байгаатай холбоотой. Өвийн тухай хуульд тоносон, дээрэмдсэн, гэмтээсэн, хууль бусаар худалдсан хүмүүст 2-4 сая төгрөгийн торгууль оногдуулж байна.

САНАЛ БОЛГОХ