Тоглогчдод ялалт байгуулах боломж бүрдлээ

Ярилцлага

Ардчилсан нам VII Их хурлаа хуралдуулж, намын даргаа батламжилсан. Энэ талаар “Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очиртой ярилцлаа.

-2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ардчилсан намын залуучууд шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн байгуулсан. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн шинэчлэлийн үйл явцад сэтгэл хангалуун байна уу?

-Ардчилсан намын залуус бид өнгөрсөн үе рүүгээ бурууг чихэж, өөрсдөөс маань бүх зүйл эхэлж байна гэж сүржигнэсэнгүй. Аль болох эвийг хичээж, эеийг эрхэмлэж ажилласан. Нөгөө талаас хэн нэгнийг онцгойлон дэмжилгүй, нам шинэчлэгдэх ёстой гэсэн байр сууриндаа хатуу байлаа. Мөн зарим нэгэн шиг бүх зүйл болохгүй байна гээд хоосон үглэж суусангүй.

Намын VII Их хурал, үзэл баримтлал, үндсэн дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт багтаж, хувь нэмрээ оруулсан. Ардчилсан намд шинэчлэл бүрэн хийгдэж байна гэж үзэж байгаа. Шинэчлэл гурван чиглэлд явагдлаа. Нэгдүгээрт, сэтгэлгээний өөрчлөлт хийсэн, хоёрдугаарт, намын дүрмийн шинэчлэл, гуравдугаарт, үзэл баримтлалын шинэчлэл дээр тулгуурласан өөрчлөлт. Сэтгэлгээний шинэчлэлийн хүрээнд Ардчилсан намын, Монголын улс төрд томоохон дэвшил авчирсан. Ардчилсан нам даргаа нийт гишүүдийнхээ оролцоотойгоор сонголоо. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд Үндэсний бодлогын хорооны бүх гишүүнийг анхан шатнаасаа сонгохоор болсон. Ингэснээр талцал хуваагдал арилах боломж бүрдлээ гэж харж байгаа. Энэ нь Монголын улс төрд шинэ соёлыг бий болгож байна. Үүнд Ардчилсан намын гишүүний хувьд сэтгэл өөдрөг байгаа. Дээрх шинэчлэл бол суурь ажил. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн 50 хувийг хийсэн. Үүнийг бэхжүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Улс төрийн амьдрал идэвх, зүтгэлээс хамаардаг.

-Шинэчлэлийн хүрээнд удирдлагын баг солигдлоо. Шинэ удирдлагаас ямар хүлээлттэй байгаа вэ?

-Ажлаа аваад удаагүй байна. Тиймээс ажиллах хугацаа олгох хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа үнэлэлт, дүгнэлт өгөх нь зөв. Ер нь аливаа ажлыг дотоод, гадаад хоёр хэсэгт тоймлон дүгнэж болно. Дотоод ажлын хувьд шинэ баг намыхаа нийт гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөх зөв байршил авах хэрэгтэй. Ингэхийн тулд жижиг зүйлүүдийг урьдаар орхиж хамгийн чухал, хамгийн том, хамгийн хүнд гэсэн ажлаа тодорхойлж мэдэх нь чухал. Дараа нь уг ажлыг хийж чадах боловсон хүчнийг зөв сонгон шалгаруулж томилох. Гадаад ажлын хувьд улс төрийн нам өөрийгөө төрийн эрх мэдэл авч засаглах үндсэн зорилгоосоо эхлэх хэрэгтэй. Үүний тулд улс орныхоо хөгжлийн бодлогын алсын харааг товч, тодорхой, харизмтай тодорхойлж, түүнийхээ дагуу сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлэх нь чухал. Аливаа ажлын төлөвлөгөөг гаргахад богино, дунд болон урт хугацаанд хуваах нь чухал байдаг. Гэхдээ аль болох урт хугацаанд ашиг тустай ажлыг эрхэмлэж, стратегиа гаргах нь хожмын үйлд тустай.

-Үзэл баримтлал болон үндсэн дүрмийн төслийн шинэчлэлийн хүрээнд ямар асуудлууд тусгаж байгаа вэ?

-Үзэл баримтлал гэдэг бол үндсэн дүрмийн эх ундарга, охь байх ёстой. Мөн үзэл баримтлал гэдэг тухайн намын өөрийн дархлаа, эрхэмсэг оршихуй, зарчмын тунхаг. Тиймээс бичилтийн хувьд дээд эрэмбэтэй, агуулгын хувьд товч байдаг. Товчхондоо, Ардчилсан нам үзэл баримтлалаа баруун төвийн нам гэж дүгнэж, хүний эрх, эрх чөлөө, хувийн хэвшил, хязгаарлагдмал төрийн оролцоог эрхэмлэсэн. Гэхдээ үзэл баримтлалыг боловсруулж бичихээс илүү дараа нь хэрхэн таниулж, тайлбарлаж, сурталчлах ажлыг сайн төлөвлөхгүй бол эцэстээ үхмэл цаас болж, хананд өлгөсөн хүндэтгэлтэй зураг төдий болдог аюултай. Дүрмийн хувьд нэгэн гол зүйл нь манай намд фракц оршин тогтнох боломжийг үгүй хийх суурь тавигдсан. Намайг ингээд ярихаар фракцгүй нам, фракц үгүй болно гэж юу байдаг юм бэ гэж хэлэх байх. Гэвч системийн суурь өчүүхэн төдий зөрүүтэй тавигдахад холын үр дүн асар том зөрүү гардаг хаосын онол байдаг. Фракцын амьдардаг гол хөрс нь ҮЗХ-ны 220 гишүүнээ 20, 30 дугаарт багцлаад, фракц гэдэг нэр өгөөд намын даргыг огцруулах, дэмжих сонголтоор шантааж төдий тохироонд байсан. Гэтэл одоо бүх гишүүний сонгосон намын даргыг ҮЗХ огцруулах боломжгүй.

Мөн намын шинэ дүрмээр ҮЗХ гишүүнээр сонгогдох намын гишүүд анхан шатны бүх гишүүдийнхээ саналаар сонгогдоно. Гэтэл өнөөдөр манай намын фракцууд ҮЗХ дээрээ л ихэнх нь оршин тогтнож байгаа. Гэхдээ үүнээс том асуудал бол шинэ байгуулагдах Үндэсний бодлогын хороо “ҮЗХ”-д Их хуралд нэр дэвшигчийг батламжлах, бодлого гаргах хоёроос өөр эрх мэдэл байхгүй. Гэхдээ энэ хоёр чинь идэвх гаргаж ажиллавал хамгийн чухал эрх мэдлүүд.
» Дотоод ажлын хувьд шинэ баг намыхаа нийт гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөх зөв байршил авах хэрэгтэй.
» Үндэсний бодлогын хороо “ҮЗХ”-д Их хуралд нэр дэвшигчийг батламжлах, бодлого гаргах хоёроос өөр эрх мэдэл байхгүй.
» Монгол орны хэмжээнд систем угсарч, гүйцэтгэл хийж чаддаг, намынхаа бүх нэгж, салаа мөчир бүрийг мэдэрч ажиллаж чадсан хүн гарна гэсэн үг.
-Тэгвэл намын даргын хувьд маш их эрх мэдэлтэй болсон гэж ойлгох уу?

-Маш их эрх мэдэлтэй гэхээс илүү манлайлал үзүүлэх түүхэн боломж бүхий намын дарга гэж хэлвэл зөв болов уу. Гэхдээ энэ дарга гээд байгаа нь би ганц намын даргыг хэлээгүй. Намын бүх шатны намын дарга, шинэ ҮБХ-г хэлж байна. Бүгд босоо тогтолцооны дарга болж байна. Анх сонгогдохоосоо эхлээд бүх гишүүний санал авч манлайлал үзүүлэх хэрэгтэй болно. Ажлаа авсан дороо маш өндөр эрх мэдлээр асуудал шийднэ. Ийм итгэл төгс шийдвэр гаргах эрх мэдэл бүхий удирдлагын баг Монголын улс төрд хаана ч байхгүй. Тиймээс энэ бол нөгөө талаар их өндөр үүрэг хариуцлага.

-Намын шинэ даргын хувьд энэ том эрх мэдэлдээ эзэн болж чадах болов уу?

-Хэн ч байсан эзэн болохоос өөр сонголт үгүй. -Та намын даргыг сунгаагаар сонгосон нь зөв гэж үзэж байна уу? -Хэн сонгогдохоос үл хамаарч маш зөв соёл авчирлаа. Энэ удаа дараа дараагийн АН-ын даргын сонгуулийн суурь чансаанд том эрэмбэ тогтоож өглөө. Цаашид Ардчилсан намын дарга болох гэж байгаа хэн ч 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд ажилладаг, Монгол орны хэмжээнд систем угсарч, гүйцэтгэл хийж чаддаг, намынхаа бүх нэгж, салаа мөчир бүрийг мэдэрч ажиллаж чадсан хүн гарна гэсэн үг.

-Үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд намын үйл ажиллагаанд залуучуудын оролцоог хэрхэн хангах вэ?

-Товчхон оршил хэлэхэд хүндлэгдэж өссөн хүүхэд бусдыг хүндэлдэг нь хүмүүжлийн жам. Тиймээс залуу үетэйгээ хүндэтгэлтэй зөв харьцах ухаан нь залуусыг цаашид ямар зөв улстөрч болгож хүмүүжүүлж байгаагаа ах нар маань хааяа бодмоор санагддаг. Тэрний хүн, энэний цүнх баригч гэж хувааж ангилаад, талцаж шоовдорлоод байвал Монголын төлөө зүтгэх хойч үе нь яг л өөрийх нь явцуу зангаар хүмүүжнэ. Мэдээж залуучууд ч муу бүхнийг өөртөө наагаад байхгүй хүний сайн талуудаас суралцаж, тасралтгүй идэвхтэй, өөдрөг, бусдад юм өгөхийг зорьсон, залуу хүний гэнэн зантай байх хэрэгтэй. Нэг л их улс төрийн анализ хийж, бүтээсэн зүйлгүй ах нарын амьдралын хов живээр амьсгалсан, бусдын төлөө олон нийтийн ажил хийж улс төрийн капиталаа бүрдүүлнэ гэж итгэж үнэмшдэггүй байх нь ардчилсан залуу хүний амьдралын хэвшил биш.


САНАЛ БОЛГОХ