Монголд ашигтай хориг

Уул уурхай

Хятадын нүүрсний зах зээлээс нэг өрсөлдөгч хасагдлаа

Нүүрсний зах зээлээс нэг өрсөлдөгч хасагдлаа. Энэ сарын 19 буюу өчигдрөөс эхлэн Хойд Солонгос урд хөршид нүүрс нийлүүлэх эрхгүй болжээ. БНАСАУ-ын хар алтны нийлүүлэлтэд импортын хориг тавьсныгаа Хятадын Худалдааны яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Ингэснээр Хятадыг чиглэх нүүрсний импортоор эхний тавд бичигддэг гол тоглогч өрсөлдөөнөөс мултарч буй нь энэ.

Импортын хориг энэ оныг дуустал хэрэгжинэ гэдгийг Хятадын Худалдааны яамнаас мэдэгдсэн. “Yonhap” агентлагийн мэдээлснаар өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хятадын зүүн зүгийн Вэньжоу боомтод Хойд Солонгосын нэг сая ам.долларын нүүрс гацчихаад байгаа аж.

Өнгөрсөн оноос Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилт эрчимжсэн. Тиймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэлхийн улс орнуудад хандан Хойд Солонгосоос нүүрс импортлохыг хориглосон. Гэвч өмнөд хөрш үүнийг үл харгалзан худалдаж авсаар байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн зогсоогоод буй нь энэ.

Хойд Солонгос урд хөршид нэг жилийн хугацаанд нүүрс нийлүүлэхгүй
Хятад улс Хойд Солонгосын нүүрсний нийлүүлэлт ямар шалтгааны улмаас хориг тавьсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ ойрын үед болсон үйл явдлаас үүдэлтэй гэж олон улсын ажиглагчид тайлбарлаж байна. БНАСАУ-ын хэд хоногийн өмнө хийсэн цөмийн зэвсгийн туршилт, тус улсын удирдагч Ким Жон Уны ахын амийг Малайзад хөнөөсөн нь хоёр улсын харилцаанд сэв суухад хүргэсэн гэж шинжээчид тайлбарлаж байгаа. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ сарын эхээр утсаар ярьсан. Энэ үеэр Бээжинг Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт шахалт үзүүлэхийг Вашингтоноос уриалсан нь байж магадгүй гэж зарим судлаач үзэж байгаа юм.

Хойд Солонгосоос урд хөршийг чиглэх нүүрсний экспорт өнгөрсөн нэг жилийн хугацаанд 12 хувиар өсчээ. 2015 он гэхэд нийлүүлэлт 22.48 сая тоннд хүрсэн байна. Нүүрсний экспорт нь БНАСАУ-ын эдийн засгийн нэг зүтгүүр болдог байна. Хойд Солонгос нь Австрали, Индонез, Монголын дараа ордог Хятадын дөрөв дэх том нүүрс нийлүүлэгч. Урд хөршийн нүүрсний өрсөлдөөнөөс нэг тоглогч гарснаар Монгол тэргүүтэй импортлогчдод боломж олгоно гэж шинжээчид үзэж байна

» Импортын хориг энэ оныг дуустал хэрэгжинэ гэдгийг Хятадын Худалдааны яамнаас мэдэгдсэн.
» Хойд Солонгос нь Австрали, Индонез, Монголын дараа ордог Хятадын дөрөв дэх том нүүрс нийлүүлэгч.
» Нүүрсний экспортын орлого мөнгөн дүнгээр энэ нь тав дахин өсчээ.
Хойд Солонгосын нийлүүлэлт зогссонтой зэрэгцээд манай нийлүүлэлт өсөөд байна. Монгол Улс энэ оны эхний сарын байдлаар 2.59 сая тонн чулуун нүүрс экспортлоод байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өндөр өсөлт аж. Нүүрсний биет хэмжээтэй зэрэгцээд орлого ч дээшилсэн. Энэ оны эхний сарын байдлаар Монгол Улс 168 сая ам.долларын чулуун нүүрс экспортолжээ. Мөнгөн дүнгээр энэ нь тав нугалсан өсөлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Манай нүүрсний салбарын гол тоглогчдын нэг “Монголын Алт Корпораци” буюу “МАК” компани 2016 онд Нарийнсухайтын уурхайгаас 5.4 сая тонн нүүрс экспортолсон талаар мэдээллээ. Нарийнсухайтын нүүрсний гуравны нэг нь коксжих, бусад нь эрчим хүчнийх байжээ. Тус компани коксжих нүүрсээ уурхайн амны нөхцөлөөр тонн тутмыг нь 340 юаниар борлуулж байгаа. Мөн ойрын хугацаанд үнэ өсөж магадгүй гэж МАК- ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Цогт онцоллоо.

Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” энэ оны нэгдүгээр улиралд “Chalco” компанид коксжих нүүрсээ уурхайн амны нөхцөлөөр тонн тутмыг нь 59.3 ам.доллараар борлуулж байгаа юм. Мөн өнгөрсөн сард тендер зарлаж, Баруун Цанхийн нүүрсийг уурхайн аман дээрээс нь тонн тутмыг нь 71.5 доллараар худалдахаар болжээ. Харин “Energy Resource”-ийн хувьд энэ оны эхний сарын байдлаар нэг тонн нүүрсний хилийн үнэ 120 ам.долларт хүрээд байна.


САНАЛ БОЛГОХ