Unilever: “Kraft Heinz”-ийн худалдан авах саналыг хүлээн авахгүй

Мөнгө ба бизнес

“Unilever” компани өөрийн өрсөлдөгч “Kraft Heinz” компаниас ирсэн худалдан авах саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. 143 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан энэхүү хэлцэл амжилттай болсон бол дэлхийд алдартай олон гэр ахуйн брэнд нэг нэрийн дор нэгдэх байсан юм. “Unilever” худалдан авах саналаас татгалзсан нь “Kraft”-ийн хувьд гэнэтийн зүйл болсон гэдгийг ойрын эх сурвалж мэдээлжээ. Талуудын хувьд хэлэлцээр хийгдсэн тохиолдолд Их Британийн Засгийн газраас хийж болзошгүй шалгалт, мөн компаниудын ялгаатай соёл сэтгэл зовоосон асуудал болж байсан аж.

“Softbank” групп “Sprint”-ийг “T-Mobile”-д худалдах уу



“Softbank” групп өөрийн эзэмшлийн “Sprint” компанийг АНУ-ын “T-Mobile” компанид худалдаж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Холбогдох хууль тогтоомжийн дагуу агаарын долгионы дуудлага худалдаа явагдаж байх үед өрсөлдөгчид яриа хэлэлцээр хийх боломжгүй байдаг. Тиймээс дуудлага худалдаа дөрөвдүгээр сард дууссан даруйд “Softbank” болон “T-Mobile”-ийн толгой компани болох “Deutsche Telekom”-д санал тавих хүлээлттэй байна. Дээрх мэдээлэл гарсны дараа “T-Mobile”-ийн хувьцааны ханш 5 хувиар давж өсжээ.

“Royal Bank of Scotland” банк “Williams & Glyn”-ийг худалдахгүй



Европын Холбооны эрх баригчид “Royal Bank of Scotland” банканд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд 300 салбар бүхий “Williams & Glyn” нэгжээ энэ оны эцэст худалдах шаардлага тавиад байсан юм. Хэдий тийм боловч тус банкны 72 хувийг эзэмшдэг Их Британийн Засгийн газар хүсэлт тавьсны дагуу “Williams & Glyn”-ийг худалдахгүй байхаар тохиролцжээ. Үүний оронд “Royal Bank of Scotland” өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бусад арга хэмжээнүүдийг авахаар болсон байна. Дашрамд дурдахад, санхүүгийн хямралын үеэр “Royal Bank of Scotland” банк нь тодорхой нөхцөлүүдийн хүрээнд Европын Холбооноос 56 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг авч байжээ.





САНАЛ БОЛГОХ