“Тавантолгой” компани 54 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тавантолгой” компани 2016 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани нийт 176.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2015 оныхоос ойролцоогоор долоо дахин нэмэгдсэн байна. Тавантолгой ордод олборлолт хийдэг орон нутгийн “Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ ханш сэргэсэн нь эергээр нөлөөлжээ. Өнгөрсөн 2016 онд тус компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 4.2 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Эцсийн дүнгээр дээрх компани нийт 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд өнгөрсөн он нэлээд эерэг байсан бөгөөд тухайлбал, “Эрдэнэс Таван Толгой” компани нийт 7.65 сая тонн нүүрс экспортолсон байна. 2017 онд 11.5 сая тонныг экспортлохоор төлөвлөж байгаа ажээ. Сүүлийн байдлаар Баруун Цанхийн 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонн тутмыг нь 71.5 ам.доллараар тооцож борлуулахаар болсон байна.
Мөн коксжих нүүрсний ханш сэргэснээр дефолт зарлаад байсан “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation” зээлдэгчидтэйгээ өрийн бүтцээ шинэчлэх хэлэлцээг амжилттай хийжээ. Тус компани хамгийн сүүлд тонн нүүрсээ 120 орчим ам.доллараар үнэлж байгаа талаар мэдээллээ.
Харин Нарийн Сухайтад олборлолт явуулж байгаа МАК компани 2016 онд 5.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Коксжих чанараас нь хамаараад нэг тонн нүүрсийг 340 юаниар борлуулжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй