Майк Пенс: АНУ цаашид Европын Холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Мэдээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Бельги улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Европын комиссын Ерөнхийлөгч Дональд Тусктай уулзаж, хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Уулзалтын үеэр Майк Пенс АНУ цаашид Европын Комисс, Европын Холбоотой хамтын ажиллагаа, түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм. Мөн тэрбээр АНУ ОХУ-ыг Украйн дахь түрэмгий үйлдэлд нь хариуцлагатай байлгахад анхаарахаас гадна тус улстай харилцаагаа шинэ түвшинд гаргана гэж онцолжээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс "АНУ цаашид Европын Холбоотой хамтын ажиллагаа, түншлэлийн харилцаагаа өргөжүүлнэ гэдгийг миний бие Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийн өмнөөс илэрхийлж байна. Хоёр тивийн хооронд ялгаатай зүйлс байдаг ч гэсэн ижил үнэт зүйлс, ижил зорилготой билээ. Энх тайван, хөгжил цэцэглэлт, эрх чөлөө, ардчилал, хууль ёсыг сахин хамгаалах нь бидний үүрэг юм. Бид Европын Холбоог тус тивийн асуудлаар АНУ-тай хамтран ажиллахыг уриалж байна. Мөн бид ОХУ-ыг илүү хариуцлагатай байхыг хүсэж байгаагаас гадна, Ерөнхийлөгч Дональд Трамп тус улстай харилцаагаа шинэ түвшинд гаргах чиглэлийг эрж хайж байна. Тэрбээр энэ зорилгодоо хүрнэ гэж найдаж байгаа" хэмээн мэдэгдсэн байна.

Харин Европын Комиссын Ерөнхийлөгч Дональд Туск АНУ-ын шинэ засгийн газрын бодлогод анхаарал хандуулж байгаа талаар дурдаад, олон улсын дэг журам болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудал ч анхаарлын төвд байгааг мэдэгджээ. Дональд Туск "Олон улсын дэг журам, аюулгүй байдал болон АНУ-ын шинэ Засгийн газрын Европын Холбоонд баримтлах бодлого чиглэл бидний анхаарлыг татаж байна. Бидний аюулгүй байдал NATO-ийн үйл ажиллагаагаар хангагддаг. Үүнээс гадна Транс-Атлантын хамтын ажиллагаа ч үүнд чухал нөлөөтэй. Хэдий тийм боловч бид хамтдаа энэхүү хамтын ажиллагааг шинэчлэх хэрэгтэй байна. NATO-ийн үндсэн үзэл баримтлал хуучраагүй гэдгийг энд онцолмоор байна” хэмээн онцолжээ.




САНАЛ БОЛГОХ