Такэо Акиба: ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шаардлага гарвал тусалж, дэмжсээр байх болно

Мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Акибаг мягмар гарагт хүлээн авч уулзлаа. Монгол, Японы гадаад харилцааны яамдын ээлжит зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг Японы Гадаад хэргийн дэд сайд дурдаад “Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд Олон Улсын Валютын Сантай тохиролцоонд хүрч байгаад баяртай байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шаардлага гарвал бид та бүхэнд тусалж, дэмжсээр байх болно” гэж мэдэгджээ. Уулзалтын үеэр Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд, энэ оны гуравдугаар сард Японд хийхээр төлөвлөж буй УИХ-ын даргын айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцсан байна.

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежментийг Японы хувийн компаниуд хариуцан ажиллах сонирхолтой байгаа талаарх асуудлыг Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Акиба хөнджээ.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэр хэрэгжих ёстой. Гол нь үйлчилгээний үнэ тарифаа Монголын нөхцөл, монголчуудын эрх ашигт нийцүүлэхэд анхаарах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.




САНАЛ БОЛГОХ