Виталий Иванович Чуркинд хүндэтгэл үзүүллээ

Мэдээ

ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Элчин сайд Виталий Иванович Чуркины мэргэжил нэгт нөхөд түүний дурсгалыг хүндэтгэн, эмгэнэл илэрхийлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид нэг минут дуугаа хурааж, Виталий Иванович Чуркинд хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Петр Ильичев "Манай улсын гайхалтай, өндөр мэргэшсэн, хамгийн ухаалаг дипломатчидын нэг биднийг үүрд орхилоо. Тэрбээр бүхий л асуудлаар хэлэлцэж чаддаг, олон талын мэдлэгтэй нэгэн байсан. Энэ ч утгаараа тэрбээр хамгийн чухал албан тушаалд 40 гаруй жил ажиллаж улсынхаа байр суурийг хилийн чанадад илэрхийлсээр ирсэн. Мөн түүний боломжгүй мэт нөхцөл байдлаас шийдлийг олж чаддаг гайхалтай хурц оюун ухаанд талархаж байна. Тэр үргэлж нэгдмэл байр суурьтай байж, аливаа асуудлыг тэнцвэржүүлдэг байсан. Үүнээс гадна Элчин сайд Виталий Чуркин хамтран зүтгэгчдэдээ хүндлэгдэх болсон шалтгаан нь харилцагчдынхаа үг бүрийг анхааралтай сонсож чаддаг байсан явдал юм. Виталий Иванович Чуркин шилдэг дипломатч, удирдагчийн дүрээр бидний оюун санаанд үүрд дурсагдах болно" хэмээн мэдэгдлээ.

ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Виталий Чуркин даваа гарагт Нью-Йорк хотод албан үүргээ гүйцэтгэж байгаад 64 насандаа таалал төгссөн талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм.

Виталий Иванович Чуркин 2006 оноос хойш ОХУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр ажиллаж, ОХУ-ын гадаад бодлогыг төлөөлж байжээ. Тэрбээр өмнө нь Канад болон Бельгид суух Элчин сайдаар ажиллаж байсан төдийгүй NATO-той харилцах тал дээр ажиллаж байсан туршлагатай дипломатч байсан аж.




САНАЛ БОЛГОХ