Фронт хавийн Кавказ

Судлаачийн үг

Хамтдаа социализм, коммунизм байгуулж байсан ахан дүүс цусан өшөө авалт, байнгын айдас түгшүүр, зэвсэгт мөргөлдөөн, хилийн дайн хийтлээ хэдэн биенээ үзэж чадахгүй болжээ. Үүний сонгодог жишээ, талбар нь гарчигт өгүүлсэн Кавказ мөн. “Фронт хавийн” гэдэг нь дайн байлдаан бүхий, түүнтэй хил залгаа хот суурин, нутгийг хэлдэг бол Кавказыг бүхэлд нь тэгж нэрлэxээp юм.

Эхний ноцтой баримт: Армен улсын өмнө хил уртаашаа 200 гаруй километр, иймд тэндээс олон улсын терроризмын аюул нийт тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд (TУXH) ямагт заналхийлнэ.

Хоёр дахь баримт: Чеченьд лалын дээрэмчдийг устгаад дууссан, гэвч үлдэгдэл нь ууланд бүгээстэй байна, Дагестанд байнга заналхийлнэ. Ингушет рyy халдана. Умард Кавказаар тархаж аллага хийнэ, хүсвэл Москвад дэлбэлэлт хийнэ, Оросын ямар ч хотод нэвтрэн ажиллаж чадна. Олон мянган залуус нь Сири, Иракт боевик болоод байлдаж байна.

Бас нэг баримт: Гүрж хэрэг дээрээ гурав хуваагдсан, алдагдсан хоёр мужаа авахын төлөө хэзээ мөдгүй дайн дэгдээхэд бэлхэн, нөгөө хоёрыг нь (Aбxaз, Өмнөд Осет) ОХУ л батлан дааж, оршин тогтнуулж буй.

Бүр ноцтой баримт: ТУХН-ийн бүрэн эрхт хоёр гишүүн, СССР- ийн үед ах дүү холбооны БНУ-ууд байсан Армен, Азербайжан хоёр 20 гаруй жил дайны байдалтай, үе үе байлдана. 2017 онд бүр том дайн дэгдэж болзошгүй.


Ийм дүр зурагтай Кавказыг “фронтын” гэхгүй өөрөөр юу гэж нэрлэх вэ? Дээр 4 баримт жагсаасны сүүлчийн хоёрыг энд дэлгэрүүлэн тайлбарлая. Армен- Азербайжаны мөргөлдөөний гол уг сурвалж нь “Нагорный Карабах” гэх нутгийн уугуул армянчууд бүхий бүс нутаг болно. Армен, Азербайжан нь Оросын иргэний дайны үеэр 1918-1920 онд Карабахын төлөө нэг удаа тулалдсан түүх буй. Турктэй холбоотон болсон Азербайжан хамтарсан хүчээр Карабахыг эзлэн авсан, тэр үеийн Кавказад ноёлж байсан Британийн командлал Карабах, Зангезур гэх нутгийг Азербайжаны түр мэдлийнх хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй Армен зэвсгийн хүчээр Карабахаа авах гэж дайн өдөөжээ. Харин 1920 онд Парисын олон улсын энх тайвны бага хурлаар Карабахыг Азербайжаны нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрчээ. Кавказад Зөвлөлт засаг ялсны дараа 1921.07.04-нд Оросын Коммунист (большевик) Намын Төв Хорооны Кавказын Товчооноос Карабахыг Арменд шилжүүлэх шийдвэр гарчээ. Гэтэл маргааш нь тэр шийдвэрээ өөрчлөн Карабахыг өргөн автономит эрхтэйгээр муж болгон Азербайжанд нь үлдээх болов. 1923 онд Карабахын зарим хэсгийг таслан Нагорно-Карабахын өөртөө засах муж болгон Азербайжан ССР-ийн бүрэлдэхүүнд байгуулж, Арментай хиллүүлж байсныг нь Сталины яргаллын үед тэр хилийг нь үгүй болгон Азербайжаны газар нутгийн дотор оруулсан, ийм л түүх ХХ зуунд бичигдсэн байдаг.

Ийнхүү этник армянчууд шинэхэн бүх түүхийнхээ туршид Армендаа харьяалагдаж ирээгүй байсныг СССР задрахын өмнөхөн гэнэт өөрчилж, тэгэхдээ нутгийн армянчууд зориглон Азербайжанаас салж тусгаар тогтнолоо зарлажээ. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй Бакугийн Засгийн газар цэрэг оруулан гурван жил байлдаж, ялалт байгуулаагүй тул 1994 онд Оросын зуучлалаар Азербайжан, Армен хоёр гал зогсоох хэлэлцээр байгуулж, харин Нагорно- Карабахын БНУ гэдгийг хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийджээ.

Гал зогсоосон байдалтайгаар 22 жилийг ардаа үдсэн ба дайны байдлаа зогсоогоогүй өнөөг хүрсний гор нь одоо үе үе тэсрэн гардаг. 2016 оны дөрөвдүгээр сард Нагорно-Карабахт ширүүхэн байлдаад авсан, гал зогсоосон шугам буюу зүүн өмнө, зүүн хойд секторт хэдэн арван хүний амь авч одсон, хүнд хөнгөн зэвсэг хэрэглэсэн орон нутгийн дайн дэгдээд мөн л Орос хөндлөнгөөс оролцож, шахаж хүчлэн байж гал зогсоолгосон. “Буулт хийхэд бэлэн, харин Азербайжаны газар нутагт армяны хоёр дахь төрт- улс байгуулагдана гэж байхгүй, Азербайжаны бүрэлдэхүүнд Карабахт онцгой статус олгоё” хэмээн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев тэр үед мэдэгдэж байжээ.

Энэхүү мэдэгдэл, дөрөвдүгээр сарын тэрхүү түр хэлэлцээрийг цаг зуурынх, гол зөрчил хэвээрээ, мөнхөд үлдсэн. Иймд дайныг зохицуулах аливаа оролдлого нурна, зуучлал үр дүнгүй өнгөрнө, Армен буулт хийхгүй, Азербайжанд дайн хийхээс өөр ямар ч гарц үлдсэнгүй, ингүүлэхгүйн тулд Нагорно- Карабахын мөргөлдөөнийг Сири, Украин дахь мөргөлдөөний түвшинд аваачиж тавьж, дэлхий нийтийн анхаарлын төвд байлгах ёстой гэх байр суурь улс төрчид, шинжээчдийн түвшинд түгээмэл яригдаж байна.


Армены Батлан хамгаалахын сайд Виген Саргсян, Нагорно- Карабахын БНУ-ын Ерөнхийлөгч Бако Саакян нарын ярьснаас үзвэл тэд Азербайжанд найрсгаар хандах янз огт алга. Бүх ялыг Азербайжанд Бако Саакян тохож байна. Нагорно-Карабахын эсрэг өргөн хэмжээний түрэмгийлэл үйлдлээ, үүнийг дайн гэхгүй өөрөөр юу гэх юм бэ гэх зэмлэл олонтаа. Бас Нагорно-Карабахын БНУ-ын батлан хамгаалах армийн хүч чадал бэхжсэн, хэнээс ч айхгүй болсон гэх бардам үгс байна. Орос Арменд зэвсэг нийлүүлж, түүнээс нь Карабах авдаг гэдгийг ч нуусангүй. Хэрэв Азербайжан Нагорно-Карабах руу довтолбол ялахгүйгээс гадна Өмнөд Кавказад дэгдэх энэ дайн даамжраад дэлхийнх болж хувирна гэх заналхийлэл Саакяны амнаас цухалзана. Ийм дайнд хүргэчилгүй тогтоон бариад байгаа гавьяатан нь ОХУ юм байна. ЕАБХАБ-ын Минскийн группын даргын хувьд Орос нь зуучлалыг гайхалтай хийж буй, мөн энэ бүлгийг хамтран даргалж буй АНУ, Франц нь ямагт ажил хэрэгч, бодит байр суурь баримталдаг тул энэ гурван улсад нагорно-карабахчууд талархдаг гэсэн байна. Бако Саакяны ярьснаар Орос-Карабахын хоёр талын харилцаа гэж тусдаа байдаг, олон салбарын хамтын ажиллагаатай ажээ.

Бүр цаашаа хадуураад Саакян ноцтой юм ярьжээ. Орос нь ард түмнүүдийн өөрийгөө тодорхойлох эрхийн хүрээнд Абхаз, Өмнөд Осетын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, Крымын оршин суугчдын салж гарах хүсэлтийг хангасан. Ерөөсөө дэлхийн өнцөг булан бүрт тусгаар тогтнолын үйл явц эрчээ авлаа. Косово, Өмнөд Судан, Абхаз, Өмнөд Осет тусгаар тогтнолоо олж авлаа, өөрөө өөрийгөө эзэн мэдэх эрхийг Квебек, Умард Ирланд, Шотланд, Крым өөртөө эдэллээ. Европын Холбоон дахь өөрийн ирээдүйгээ Их Британи тодорхойллоо, энэ бүхнийг олон улсын эрх зүйгээр хэрэгжүүллээ. Иймд Степанакерт дахь албан ёсны эрх баригчид бид Бүгд Найрамдах Арцах Улсыг (Нагорно-Карабах) хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэнэ, олон үе шаттайгаар тэр зорилгодоо хүрнэ хэмээн Арцахын Төрийн тэргүүн ярьжээ.

Олон үе шат гэдгийнх нь эхнийх нь муж, хотын түвшнийх, дараагийнх нь нийт улсын түвшний салан тусгаарлалт байх бололтой. Одоогоор Арцахыг гадаад улсын доторхи субъектууд, жишээ нь АНУ-ын Массачусетс, Род-Айленд, Мэн,


Луизиана, Калифорниа, Жоржиа, Хавай муж улс, Лос-Анжелес хот, Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Испанийн Баскуудын эх орон гэх автономит муж хүлээн зөвшөөрсөн, ийм жагсаалт цаашаа хөвөрч өгнө. Тэрхүү олон үе шат гэдгийнх нь хүрээнд ОХУ Арцахыг хүлээн зөвшөөрнө хэмээн итгэж байгаагаа ч нуусангүй.

Ер нь Нагорно-Карабах нь ингэж хүлээн зөвшөөрүүлэх түүхэн гавьяатай хэмээн өөрсдөө үздэг. Бүхэл бүтэн 25 жил ардчилсан төрөө байгуулсан, олон улсын хамтын нийгэмлэгт ямар ч аюул занал учруулдаггүй гэнэ. Энэ санаа нь юу хэлж байна вэ гэхлээр ганцаар дарангуйлан захирах, автократ, лалын Азербайжаны дотор ардчиллын арал болон тэсч ирсэн гавьяа гэх санаа илт цухалзана. Эндээс ямар дүгнэлт хийх вэ? Нэгдүгээрт. Ильхам Алиевын “Азербайжаны газар нутагт армяны хоёр дахь төрт- улс байгуулагдана гэж байхгүй, Азербайжаны бүрэлдэхүүнд Карабахт онцгой статус олгоё”; Хоёрдугаарт. Бако Саакяны БНАрцахУ-ыг (Нагорно-Карабах) хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэнэ гэх эсрэг тэсрэг, гал ус шиг энэ хоёр бодлого Кавказын дайныг нөхцөлдүүлэх нь гарцаагүй.

Кавказ дарьтай торх, түүнийг хуурай байлгаарай
Мөдхөн томхон дайны голомт болчихож мэдэх Гүржийг энд дурдах нь зүйтэй. Өрнөдтэй нийлнэ нэгдэнэ гэх Гүржийн бодлого ямар их өртгөөр дампуураад байгааг бид харлаа. Хоёрын хоёр мужаа тусгаар тогтнуулаад алдчихлаа. Оростой дайсагнасан байдлаар цаашаа хэр хол явах вэ гэдэгт эргэлзэгчид прогрессоор өслөө хэмээн оросын хэвлэлүүд мэдээлдэг. Гүржид евроскептицизм газар авлаа. Энэ нь Европт үл итгэх, Европоос зай барихыг хэлж байгаа нэр томъёо. Гүржид евроинтеграцын төлөвлөгөө бүрэн нурсан хэмээн оросууд үзэж байна. Тбилисийн эрх баригчид эхэндээ өрнийнхний тусламжтайгаар Абхаз, Өмнөд Осетдоо хяналтаа эргэж тогтооно гэсэн гэнэн төсөөлөлтэй байсан, түүнтэйгээ дууслаа. Дараа нь Европын Холбоотой ассоциацын гэрээ байгуулсан, эдийн засгийн бөөн ашиг олно гэсэн нь бас байсангүй, харин ч Гүржийн эдийн засаг хүндэрлээ, үндэсний мөнгөн тэмдэгт лари нь ханшаа 20 хувиар алдлаа. Орос энэ гачланг нь ойлгоод Тбилиситэй харилцаагаа хэвийн болгоход бэлэн байна, түүнийгээ нотлон Гүржтэй визийн дэглэмээ хөнгөрүүллээ.

Гүржид тогтвортой байдал мөддөө эргэж ирэхгүй. Гол аюул Абхазаас дүрэлзэхэд бэлэн байна. Оросуудын болгоомжилж, эмээж байгаагаас үзвэл 2017 оны гуравдугаар сард Абхазад явагдах парламентын сонгууль тийм аюул тарьж тун магадгүй. Тэнд хүчтэй сөрөг хүчин ажиллаж байна. Тэд 2016 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Рауль Хажимб гэгчдээ ультиматум (тулган шаардах бичиг) өгсөн, Засгийн газарт сөрөг хүчнийхнийг оруулахыг шаардсан, тэр нь хэрэгжээгүйгээс одоо Абхаз нь бараг иргэний дайны байдалд байна. Хэрэв тэр сонгуулийн үеэр нийгэмд мөргөлдөөн дэгдвэл Гүржийн биш, харин Оросын эрх ашигт том цохилт болж магадгүй. Учир нь Орос-Абхазын хооронд улс хоорондын 90 гаруй гэрээ байгуулсан нь эргээд аюулд орно хэмээн Москвад үзжээ.

Оросуудын үзэхээр Кавказад хямрал дэгдээх бас нэг голомт нь Өмнөд Осет болж таарлаа. 2011 онд тэнд өнөөгийн Украинархуу “майданчлал” дэгдэх дөхсөн. 2017 онд Ерөнхийлөгчөө сонгоно. Хуучин Ерөнхийлөгч асан Эдуард Кокойта эргээд гараад ирж магадгүй, түүнд дайсан олон бий, Оросын бүрэлдэхүүнд орох уу, үгүй юү гэдгээр мөн 2017 онд референдум явуулахаар төлөвлөсөн. Хэрэв ард түмнийх нь олонхи ОХУ-ын бүрэлдэхүүд оръё гэх л юм бол Оросын эсрэг олон улсын санкц цаашаа үргэлжилнэ, Оросын олон улсын нэр хүндэд шинээр сэв сууна. Хэрэв ОХУ-д нэгдэхгүй гэвэл Осетын нийгэм дотроо хямрана, талцал тэмцэл өрнөнө, ийм л дүр зураг 2017 онд харагдаж байна. Тэр утгаар Кавказыг дарьтай торх, түүнийг хуурай байлгаарай, бүү норгоорой, норвол л тэсэрнэ шүү хэмээн дэлхий дахин түгших ажээ.
САНАЛ БОЛГОХ