"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ" гардууллаа

Мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ удаагийн "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийг “Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн, “Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд олголоо. Үүнтэй холбогдуулан "Монгол малын гаралтай бүтээгдэхүүнд суурилсан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх хэмжээнд хүрсэнд баяртай байна" гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо. Пальтоны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан “Говь” компани 20 оронд экспорт хийж байна. Нэг бүрийг нь дунджаар 310 ам.доллараар борлуулжээ. Харин дотоодод 13.9 мянган ширхэг пальто нийлүүлсний 60 хувийг жуулчдад борлуулсан байна. 1800 орчим ажилтантай “Говь” компани 2016 онд улсад 13.2 тэрбум төгрөгийг татварт өгчээ. Харин “Натурал текстайл групп” “Эрдэнэт хивс”, “Эрдэнэт кашмер” тэргүүтэй дөрвөн охин компанитай.

Жилд ойролцоогоор 5.6 тэрбум төгрөгийн татвар улсад төлж байгаа аж. “Эрдэнэт хивс” компани Монголын хивс үйлдвэрлэлийн 91.3 хувийг дангаараа үйлдвэрлэж, дотоодод үйлдвэрлэсэн хивсний зах зээлийн 75 хувийг дангаараа ханган нийлүүлж байна. Нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг 20 гаруй оронд экспортолж байгаа аж. “Натурал текстайл групп”-ын хувьд Монголын хонины ноос бэлтгэлийн 35 орчим хувийг бэлтгэн үйлдвэрлэлдээ ашигладаг. Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор аймгийг хонины болон тэмээний ноос бэлтгэдэг гол түүхий эдийн баазаа болгон нийт түүхий эдийнхээ 80 орчим хувийг бэлтгэж байна.



САНАЛ БОЛГОХ