Газрын тосны хөрөнгө оруулалт өссөн

ЗГМ: Тодруулга

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар өчигдөр салбарын ахмадуудаа хүлээн авч уулзлаа. 80 орчим жилийн түүхтэй Монголын газрын тосны салбарын төр, хувийн хэвшилд ажиллаж байсан 80 гаруй ахмад уулзалтад оролцсон байна. Стратегийн ач холбогдол бүхий энэ салбар Монгол Улсад үүсээд 76 жилийн ой тохиож буй аж. Ойн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, салбарын ахмадууд нэгдэн, хороо байгуулж буй аж. Ингэснээр тэд дуу хоолойгоо хүргэж, ахмад, залуу үеийн хэлхээ холбоо бэхжинэ гэж үзэж байна. Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Л.Раднаасүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Энэ онд хэд орчим тонн газрын тос олборлож, экспортлохоор төлөвлөж байна вэ?

-2017 онд 1.1 сая тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Мөн нийт зургаан компани газрын тосны хайгуул хийнэ. Хэд хэдэн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Гэхдээ эхлээд орон нутгийн захиргаа, иргэдээс дүгнэлт, зөвшөөрөл авах ёстой. Хэрэв зөвшөөрвөл хоёр талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.

-ОУВС, Сангийн яамнаас автобинзен, дизель түлшний импортын онцгой албан татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Татвар өсөхөөр түлш, шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байна. Үнийн өсөлтийг саармагжуулахын тулд ямар зохицуулалт хийх вэ?

-Ойрын гурван сарын хугацаанд жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй. Үүнээс хойш Шатахууны үнийн зөвлөл болон Сангийн яамны шийдвэрээс хамаарч үнэ өсөхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ өсөлт иргэдэд хүнд дарамт болохоос сэргийлэх арга зам эрэлхийлж байна. Одоогоор эцсийн шийдвэрт хүрээгүй. Гэхдээ ханшийг огцом буюу 300- 400 төгрөгөөр өсгөхгүй байхад анхаарч байна.

-Уул уурхай урагшилж, бүтээн байгуулалт эрчимжлэх цаг ирлээ. Шатахууны эрэлт огцом ихэсдэг энэ үед нөөцөө хэр бэлдэж байна вэ?

-Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог Монгол Улсад хангамж маш чухал. Хангамж тасарч, догол үүсэхээр үнэ өсдөг. Үүнтэй зэрэгцээд хувь хүн, аж ахуйн нэгжүүд их хэмжээгээр нөөцөлж, үнээ нэмж буй дамалж зардаг тохиолдол бий. Энэ хаврын тухайд салбарт олон жил ажиллаж буй компаниуд өмнөх жишгээ даган гурав, дөрөвдүгээр сараас татан авалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


Манай улсын шатахууны сарын хэрэглээ 60-70 мянган тоннд хэлбэлздэг. Одоогийн байдлаар компаниуд 100 орчим мянган тонн шатахууны нөөцтэй байгаа. Үүнээс гадна Рашаант өртөөнд 100 мянган тоннын хүчин чадалтай улсын нөөцийн агуулах барихаар олон жил ярьж байна. Энэ төсөлд хувийн хэвшлинй компани Чехээс хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байга. Зураг төсөл, баримт бичгийн ажил бүрэн дууссан. Одоо санхүүжилт татахад банкны баталгаа гаргах зэрэг зарим ажил хүлээгдэж буй. Хэрэв бүтвэл ирэх хавраас ажил нь эхэлнэ. Улс өөрийн мэдлийн шатахууны агуулахтай болсноор хомсдол үүсэх эрсдэл буурна. Цаашлаад үнэ хямд байх үед түлш нөөцлөөд, өсөхөөр нь буцаан нийлүүлж, ханшийн хэлбэлзлийг тогтоон барих боломж бүрдэнэ.


-Дэлхийн зах зээлд газрын тосны ханш унаснаар энэ салбарыг чиглэх хөрөнгө оруулалт буурсан. Харин он гарсаар ханш эргэн сэргэлээ. Үүнийг дагаад Монголын газрын тосны салбарыг чиглэх мөнгөний урсгал хэрхэн өөрчлөгдөх бол. Бас хөрөнгө оруулагчдын хандлага хэр байна вэ?

-Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн онд хөрөнгө оруулалт сул байсан. Харин энэ оноос газрын тосны үнийн сэргэлтийг дагаад өсөөд байна. Хайгуулын компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг харахад мөнгөний урсгал нэмэгдэх хандлагатай байна.

-Манай зүүн бүсэд газрын тосны хайгуул чамлахааргүй хийсэн. Харин баруун бүсэд энэ чиглэлийн судалгааны ажил төдийлэн хийгээгүй. Энэ бүсэд хайгуулын ажил эрчимжүүлэх үү?

-Увс, Ховд аймагт энэ онд хайгуул хийнэ. Өнгөрсөн онд Увс аймагт хайгуул хийхээр байсан ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зогссон. Тиймээс хайгуулын талаар орон нутгийн иргэдэд сурталчлан таниулаад байгаа. Энэ ажил урагшилна гэж найдаж байна.
САНАЛ БОЛГОХ