PDAC "Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь" сэдвээр хэлэлцэв

Уул уурхай

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган PDAC Канадын Торонто хотноо эхэллээ. Чуулганд оролцохоор Монголын талаас Засгийн газар болон Төрийн өмчит компаниудын төлөөлөл 40 орчим хүн Канадыг зорьсон талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Чуулганы эхний өдөр "Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь" сэдвээр уулзалт болсон байна. Энэхүү уулзалтад 240 орчим хүн бүртгүүлснээс 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл багтжээ. Уулзалтын үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж байгаа алхмууд, хайгуулын шинэ боломж, нээлт, төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Манай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улс түлхүү татах, тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж байна" гэдгийг онцоллоо.

Салбар хуралдааны үеэр илтгэл тавьсан компаниудын нэг болох “Steppe Gold”-ийн хувьд 2017 онд IPO гаргахаар төлөвлөж байгаа аж. Тус компанийн Гүйцэтгэх захирал илтгэлийнхээ үеэр Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар танилцуулсан байна. Үүнээс гадна Монголын Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэх сонирхолтой байгаа гэдгийг Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Б.Баатарцогт хөрөнгө оруулагчдад хандан онцолсон юм. Чуулга уулзалт гуравдугаар сарын найман хүртэл үргэлжилнэ.



САНАЛ БОЛГОХ