“Хуралдай” бондын үнэ өсөж, 108 ам.долларт хүрлээ

Мэдээ

Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд шинээр гаргасан "Хуралдай" бондын хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ ханш баасан гарагт өсөж, 108 ам.долларт хүрч тогтлоо. Өөрөөр хэлбэл шинэ гаргасан “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхлээд байна. Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд шинэ бондыг солих саналыг тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын нэрлээсэн үнэтэй 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай шинэ бондыг гаргаад байсан юм. Хөгжлийн банкны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байжээ. Үүнээс 82 хувь нь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бондыг эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрөөд байсан юм. Харин үлдсэн хэсгийг оролцуулаад нийт 124 сая ам.долларын хэмжээтэй бондыг шинэ хөрөнгө оруулагчдад санал болгосон нь ийнхүү хоёрдогч зах зээлд эрэлт өндөртэй байна.

Эрэлт өндөр байгааг илтгэх нэг үзүүлэлт нь бондын өгөөжийн түвшин болж байгаа аж. Нэрлэсэн хүү буюу купоны түвшин 8.75 хувьтай гарсан бондын хоёрдогч зах зээл дэх өгөөжийн түвшин үүнээс доогуур буюу 7.625 орчим хувьд хэлбэлзэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр бондын анхдагч зах зээлийн арилжааны төлбөр хийгдэх өдрийн тов гуравдугаар сарын есөнд байхаар байна. Олон улсын бондын зах зээлд Монголын бондоос гадна БНХАУ-ын санхүүгийн салбар болон үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудын гаргасан бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байгаа талаар “Nasdaq” биржээс мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ