Шүүгчийн ёс зүй ба засаглалын алдаа

ЗГМ: Сэдэв

Шүүгчтэй холбоотой гомдлын 80 хувь нь хэрэгсэхгүй болдог

Ашиг сонирхлын зөрчилтэй, ёс зүйгүй, мэргэжлийн алдаа гаргадаг шүүгч нарт хатуу хариуцлага тооцох ёстойг Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн хэлж байна. Ингэж шүүх байгууллагынхан нэгнийхээ алдаа оноог шударгаар хэлж байгаад олон нийтийн зүгээс сайшаалтай хандаж байгаагийн зэрэгцээ аливаа асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш, хуулийн хүрээнд зохицуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж буй.

Учир нь шүүгчийг үнэн бодит баримтад тулгуурлах бус тухайн үеийн үнэлэмжээр хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгнийх нь талд үйлчилдэг гэж хардсаар ирсэн. Улмаар жил ирэх тусам шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл буурч буй нь шүүгчийн ёс зүй хэр хэмжээнд байгааг харуулж байна. Үүнийг нотлох баримт дурдахад, Шүүхийн ёс зүйн хороонд 2016 онд 376 шүүгчид холбогдох 231 гомдол иржээ. Гомдлын тоо өмнөх онтой харьцуулахад 7.8, гомдолд холбогдох шүүгчийн тоо 33.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эндээс харахад иргэдийн гаргасан гомдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь шүүгчид алхам тутамдаа ёс зүйн алдаа гаргаж, иргэдийг ямар нэг байдлаар хохироосон хэмээн дүгнэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь шүүгчтэй холбоотой гарсан нийт гомдлын 80 хувь нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээр орж, хэрэгсэхгүй болдогт буй юм. Шүүхийн ёс зүйн хороо нь тухайн шүүгчийн шүүн таслах үйл ажиллагааг хянаж, буруутай шүүсэн, ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэчихээд байхад Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс үүнийг хэрэгсэхгүй болгож байгаа нь яах аргагүй нэг нэгнээ өмгөөлсөн, өөр хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг болохыг харуулж байна. Үүгээр сүр дуулиантай хийсэн шүүхийн шинэчлэл дутуу дулимаг, хэдэн шүүгчийн цалинг нэмэхээс өөр зүйлгүй байсан уу гэсэн эргэлзээг ч иргэдийн дунд төрүүллээ.

Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар “Сахилгын хэрэг үүсгэх боломжгүй байсан үндэслэл нь Шүүхийн ёс зүйн хорооны чиг үүрэгт хамаардаггүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол ирүүлдэг, эсвэл сахилгын хэрэг үүсгэхэд нотлох баримт хангалтгүй байдаг гэсэн шалгаанаар түдгэлзүүлдэг. Тухайлбал, манайхаас 2014 онд долоон сахилгын шийтгэл ногдуулсан ч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээр ороод хэрэгсэхгүй болсон. Учир нь Шүүхийн ёс зүйн хорооны шийтгэлийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянадаг тогтолцоотой. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг хэрэгсэхгүй болгохдоо шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой асуудал шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй, дүрэм, журмаар тогтоосон хэм, хэмжээг зөрчөөгүй, шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрээр ногдуулсан сахилгын шийтгэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх мэт үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог. Энэ мэт учрыг нь мэдэхгүй гомдол гаргагч болон иргэдийн зүгээс манайхыг шүүгчийн эрх ашгийг хамгаалдаг, тэдний талд үйлчилдэг гэж ойлгодог. Тиймээс өнөөдрийн мөрдөж байгаа Шүүгчийн ёс зүйн дүрэм, эрх зүйн байдлын тухай хууль, шүүгчийн ёс зүйн код зэргийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна” гэв.

Улсын хэмжээнд 500 гаруй шүүгч бий. Тэднээс хамгийн их ачаалал үүрдэг хэсэг буюу Анхан шатны шүүхийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгаа хийхэд бүтэн жил тойрсон хэргийн дийлэнхийг нь огт шийдээгүй зэрэг ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдол цөөнгүй гарчээ. Тодруулбал, тухайн жилийн товлосон хуралдааны 90 хувь нь ямар нэг шалтгааны улмаас хойшилдог гэсэн үг юм. Тэгэхээр тухайн шүүгч хэргийг эцэслэн шийдэх гэж байна уу, эсвэл ямар нэгэн зорилгоор хугацаа хожиж байна уу гэдэг нь анхаарал татсан асуудал болж байгаа юм. Шүүх хуралдааныг хойшлуулсан шалтгаан нь хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаагүй, шүүгч хэргийн материалтайгаа танилцаж амжаагүй, шүүх хуралдаан хийх талаар талуудын хүсэлтийг сонсоогүй зэрэг шалтгаан дурджээ. Энэ нь нөгөө л шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбоотой байгааг бэлхнээ харуулж байна.

Хэдийгээр хууль дүрэмд зааснаар шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болохгүй ч нөгөө талаар зөрчил гаргасан шүүгч хариуцлага хүлээдэг байх ёстой. Магадгүй ажил үүргээ гүйцэтгэж яваад алдаа гаргасан шүүгчийг өмгөөлөх нэг л тайлбар бий. Тэр нь хэт их ажлын ачаалал юм. Италийн анхан шатны нэгэн шүүгч өөрт нь 500 хэрэг байгаа учраас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл шинээр хэрэг авахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Би жилд 160 хэрэг шийддэг учраас энэ шийдвэрийг гаргасан” гэжээ. Гэтэл манайд нэг шүүгчид жилд 500 гаруй хэрэг ногдож байгаа явдал нь хянан шийдвэрлэх явц удаашрах, эсвэл маш хурдан хугацаанд үр дүнгүй шийдвэрлэх нөхцөл бүрдүүлж байгааг онцолмоор байна.

Шүүгчийн ёс зүй бол албан үүргийн хүрээнд тогтсон хэм хэмжээ төдийгүй хувь хүний төлөвшилтэй холбоотой асуудал. Нэг шүүгчийн гаргасан болчимгүй алдаа олон нийтийн итгэлтэй шууд холбоотой байдаг гэж үздэг учраас ёс зүйтэй шүүгч нийгэмд ус агаар мэт хэрэгтэй болоод байна. Тиймээс шүүгч нарыг чадавхижуулах, мэдлэгээр нь зэрэглэл тогтоож цалинжуулах хэрэгтэй болов уу. Тэрчлэн нэг хэрэг шийдвэрлэсэн бол тэр нь дараагийн шатанд очоод өөрчлөгддөг байдлыг цэгцлэх шаардлагатай. Зарим нэг нь чадвар муутайгаасаа болж хүнийг хохироодог бол зарим нь илт ашигтай талд шийдвэр гаргадаг байдлыг халах ёстой. Илт буруу, мөнгөтэй хүнд үйлчилсэн шийдвэр гаргасан, эсвэл авлига авч шийдсэн, мэргэжлийн ур чадвар нь хүрэхгүй байвал ямар арга хэмжээ авах вэ. Ердөө сануулаад, эсвэл цалингаар нь торгоод өнгөрч болно гэж үү. Иймд хамгийн сайн шударга шүүгчийг зарлаж, өндөр цалин олгодог тогтолцоотой болох хэрэгтэй байна.


                                                                      ЗГМ: ТОДРУУЛГА
                                Б.Уранцэцэг: Ёс зүйн хороонд мөрдөн шалгах эрх өгөх хэрэгтэй


Шүүхийн ёс зүйн хороонд шүүчгтэй холбоотой иргэдийн гаргасан дийлэнх гомдол Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээр хэрэгсэхгүй болж байгаа нь шүүмжлэл дагуулж буй. Энэ болон шүүгчийн ёс зүйн талаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэгээс тодрууллаа.

-Ёс зүйн хорооноос гаргасан шүүгчид ногдуулсан шийтгэл Захиргааны хэргийн Давж заалдах шатанд унадаг гэлээ. Энэ нь шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх шаардлагатай гэсэн үг үү?

-Шүүгчтэй холбоотой гомдлыг шалгахад ёс зүйн дүрмээр тогтоосон хэм, хэмжээ хязгаарлагдмал байдаг. Бид гомдлыг бодитой үнэлж дүгнэх, үндэслэлтэй шийдвэрлэхэд саад болсон хязгаарлалтууд олон бий. Жишээлбэл, шүүгчтэй холбоотой гаргасан гомдлыг зохих журмаар шалгахад гэрч дуудах, тодорхой байгууллага дээр очиж, бичиг баримтыг шаардах, тодорхойлолт гаргуулах, утасны дуудлагыг шалгуулах зэрэг зайлшгүй хянах ёстой ажил гардаг. Гэтэл ийм эрх мэдэл бидэнд байдаггүй. Магадгүй шүүгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр баримт, үндэслэл дутмагаас болж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд очоод унадаг байх.
Мөрдөх албатай болвол асуудал ул суурьтай шийдэгдэнэ
-Шүүхийн ёс зүйн хороо сонгодог утгаараа ажилладаг болохын тулд ямар эрх мэдэлтэй байх шаардлагатай вэ?

-Ёс зүйн хороо шүүгчдийг шүүдэг хороо. Нэгэнтээ шүүгчийн ёс зүйн асуудалтай холбоотой иргэдийн гомдлыг хүлээж аваад шүүхийн нэр хүндийг сайжруулах, шүүгчдээ хариуцлагажуулах хэрэгтэй. Шүүгч дур зоргоор авирладаг явдлыг таслан зогсоодог болъё гэвэл Шүүхийн ёс зүйн хороонд мөрдөх, хянах эрх мэдэл өгөх, аль эсвэл тусдаа мөрдөх алба бий болговол асуудал ул суурьтай шийдэгддэг болно гэж бодож байна. Ингэж чадвал Хяналтын шатны давж заалдах шатны шүүхээр шийдээд байх шаардлагагүй болно.

-Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг Ёс зүйн хороо эсэргүүцэх боломжтой юу?

-Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлээд, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхэд давж заалдах боломжтой.

САНАЛ БОЛГОХ