Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг тэлнэ

Ярилцлага

Төрийн байгууллагын нэрийг тогтвортой байлгах нь зөв гэж бодож байна

УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ талаар УИХ- ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр төрийн албыг тогтвортой, шатлан дэвших тогтолцоогоор явуулна гэдгийг онцлов.


-Та Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилж, өргөн мэдүүлсэн. Шинэчилсэн найруулгад оруулж байгаа онцлог өөрчлөлтүүд нь юу вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн 186 мянган албан хаагч байна. Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдыг сольж, улс төрөөс хэт хамааралтай болгоод байгаа. Үүнээс үүдэж төрийн алба тогтворгүй, чадваргүй боллоо гэж иргэд шүүмжилдэг. Иймд Төрийн албаны тухай хуулийн төсөлд дөрвөн гол зүйлийг тусгасан.

Нэгдүгээрт, төрийн албыг улс төрөөс ангид байлгана. Сонгууль дуусахад төрийн алба хөдөлдөггүй, улстөрчид нь явдаг зарчим руу оруулах зорилготой. Тухайлбал, яамдын Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилдог болохоор тусгасан. Яамны ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, яамны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг бүхий төрийн албан хаагч бол Төрийн нарийн бичгийн дарга байдаг. Тиймээс томилогдох хугацааг нь сонгуулийн мөчлөгөөс зөрүүлж байгаа юм.

Хоёрдугаарт, төрийн албыг тогтвортой, шатлан дэвших тогтолцоогоор явуулах заалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид шатлан дэвших хэлбэрээр томилогддог болно. Өөрөөр хэлбэл, ахлах түшмэл байсан бол эрхэлсэн түшмэл болно.

Гуравдугаарт, төрийн албыг хариуцлагатай болгоно. Өөрөөр хэлбэл, төрийн удирдах албан тушаалтан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой буруу шийдвэр гаргах нь олон тохиолддог. Үүнээс үүдэн гарсан зардлыг өнөөдрийг хүртэл төр төлж байна. Хууль баталснаас хойш бол буруу шийдвэр гаргаж, төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болно. Дөрөвдүгээрт, Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөжүүлж, хариуцлагыг чангатгаж байгаа юм. Одоо бол Төрийн албаны зөвлөл шалгалт зохион байгуулдаг газар шиг ойлгогддог. Тиймээс энэ байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий байхаар тусгасан. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудлыг өмнө нь зөвхөн шүүхээр шийддэг байсан. Тэгвэл цаашид Төрийн албаны зөвлөл шийдэх боломж бүрдүүлж байгаа.

-Төрийн албаны зөвлөл хараат бусаар ажиллана гэсэн үг үү?

-Тийм ээ. Төрийн албаны зөвлөлд томилгоо хийдэг, хүн чөлөөлдөг албан тушаалтнуудын шийдвэрт хяналт тавих үүрэг өгнө гэсэн үг. Хууль бус шийдвэр байвал шууд хүчингүй болгоно. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар Төрийн албаны зөвлөлд тийм эрх байхгүй. Тиймээс халагдсан хүний гаргасан өргөдлийг Төрийн албаны зөвлөл 14 хоногийн дотор шалгаад хууль зөрчсөн, зөрчөөгүй, эсэх дүгнэлт гаргана. Хэрэв зөрчсөн байвал шийдвэрийг шууд хүчингүй болгоно.

-Төрийн албаны зөвлөлийн гишүүний хараат бус байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог. Үүнийг бид хугацаагүй болгож байгаа. 50-иас дээш насны өндөр мэргэшлийн, чадавхжсан төрийн албан хаагч байна. Түүнийг тэтгэврийн дээд насанд хүрсэн, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлж болно. Бусад тохиолдолд хөндөхгүй. Ийм нөхцөл бүрдүүлж хараат бус болгохгүй бол болохгүй байна. Мөн төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрийн бус байгууллагуудын оролцоог бий болгох үүднээс төрийн үйлчилгээний чанарт хяналт тавьдаг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулна. Энэ зөвлөл төрийн үйлчилгээ хаалттай, хүнд сурталтай байгаа, эсэхэд хяналт тавьдаг. Иргэнийг төлөөлж олон нийтийн хяналт байна гэсэн үг. Одоо бол ийм хяналт байхгүй.

-УИХ-ын сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар бүтцийн өөрчлөлт нэрийдлээр төрийн албан хаагчдыг халдаг. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас халахыг хориглоно. Цаашид төрийн байгууллагын нэрийг ч тогтвортой байлгах нь зөв гэдэг байр суурьтай байдаг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд яамдын нэрийг зааж өгөх тухай саналаа хүргүүлэх бодолтой байна.
» Сонгууль дуусахад төрийн алба хөдөлдөггүй, улстөрчид нь явдаг зарчим руу оруулах зорилготой.
» Төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болно.
» Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлж байсан бол тэр хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй.
» Төрийн албан хаагч ажлын гүйцэтгэл, тайлан тавих тухай асуудлыг хуулиар тогтоож өгнө.
-Үүрэг гүйцэтгэгч томилдог болоод удаж байна. Үүнийг зохицуулав уу?

-Төрийн албаны удирдах албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн үед түүний үүргийг зөвхөн дэд дарга гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгасан. Газрын дарга ажлаас чөлөөлөгдсөн бол тус газрын ахлах түшмэл гүйцэтгэнэ. Байгууллага дотроосоо үүрэг гүйцэтгэгчээр томилогдож болно. Гаднаас үүрэг гүйцэтгэгч томилохыг шууд хориглосон. Хэрэв гаднаас үүрэг гүйцэтгэгч томилогдвол Төрийн албаны зөвлөл тэрхүү шийдвэрийг хүчингүй болгоно. Үүрэг гүйцэтгэгчийг ямар тохиолдолд томилох вэ гэхээр удирдах албан тушаалтан нь гадаадад түр хугацааны сургалтад хамрагдах, жирэмсний амралт авсан үед байж болно.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан бол төрийн алба хашихыг хуулиар хатуу хориглож байгаа юу?

-Тийм ээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлж байсан бол тэр хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй. Харин бусад гэмт хэрэг төрийн албанд хамаарахгүй. Тухайн хүний ялтай байдлын хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болно.

-Өөр ямар шинэ зохицуулалтыг төсөлд тусгасан бэ?

-Энэ хуулийн төсөлд тусгасан бас нэг шинэ соргог зүйл нь төрийн албан хаагч ажлын гүйцэтгэл, тайлан тавих тухай асуудлыг хуулиар тогтоож өгнө. Тайлан гүйцэтгэл дүгнэхдээ A,B,C,D үнэлгээ өгөхөөр зааж өгсөн. Албан хаагч D үнэлгээ авбал төрийн албанаас халагдана.
САНАЛ БОЛГОХ