Давхар даатгал нь салбарын манлайлагч хүч болдог
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа.
-Хаврын тариалалт хаяанд ирээд байна. Танай компани газар тариалангийн салбарт даатгалын систем нэвтрүүлэхээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байгаа. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Тариалан бол эрсдэлтэй салбар. Ялангуяа эрс тэс, хуурай, сэрүүн бүсэд оршдог Монгол Улсад ургац алдах эрсдэл өндөр. Монголчууд 1954 оноос үр тариагаа даатгуулж эхэлсэн. Улмаар 1990 онтой золгосноор үр тарианы даатгал үндсэндээ зогссон. Харин “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани 2016 оноос газар тариалангийн даатгалыг туршилтаар хэрэгжүүлээд байна. Манай компани Сэлэнгэ аймгийн долоо, Төв аймгийн нэг суманд улаанбуудайн даатгалыг туршлаа. Үүнээс үзэхэд, газар тариалангийн салбар манайд эрсдэлтэй учраас нэгж талбайд ногдох даатгалын хураамжийн хэмжээ харьцангуй өндөр байна. Иймд хураамжийн хэмжээг бууруулах чиглэлд ажиллаж байна. Тариалан нь нэг талаас бизнес.
Нөгөөтэйгүүр, хүн амын хүнсний хүрэлцээ, хангамжтай холбогдсон стратегийн салбар. Тиймээс уг салбарыг эрсдэлээс хамгаалахад зайлшгүй төрийн оролцоо байх нь зүйтэй. Бидний судалгаагаар дэлхийн 154 орон газар тариалангийн салбарт даатгалын тогтолцоо нэвтрүүлсэн. Эдгээрийн 134 улсын төр, засаг ямар нэгэн даатгалын хамгаалалт, дэмжлэг үзүүлж байна. 2015 онд гэхэд Монгол Улс улаанбуудайн тариалалтынхаа 50 орчим хувийг цаг уурын нөхцөлийн улмаас алдсан. Хэрэв тухайн жилд энэ салбарт даатгалын тогтолцоо нэвтрээд байсан бол ургац алдсан тариалан эрхлэгчид 120 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авах байсан. Уг төлбөрийг олон улсын давхар даатгалын компаниудаас авах боломж байсан. Гэвч даатгуулаагүйгээс хувийн хэвшил их хэмжээний хохирол хүлээсэн. Энэ бол эрсдэлээ даатгуулаагүйгээс бид ямар хэмжээний боломж алдаж буйн тод жишээ.
-Засгийн газар “Атрын III” аян зарлалаа. Тус аяныг урагшлуулснаар газар тариалангийн салбар дахь даатгалын үүрэг оролцоо улам нэмэгдэх байх. Энэ тухайд?
-”Атрын III” аяныг зарлаад буй нь бидний хувьд олзуурхууштай үйл явдал. Дээр хэлсэнчлэн газар тариалан бол маш чухал атлаа эрсдэлтэй салбар. Ийм эрсдэлтэй бизнес эрхэлж буй хувийн хэвшлийг төр хэрхэн хамгаалах вэ гэдгийг маш нарийн тодорхой болгох шаардлагатай. Үүний төлөө ч “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани ажиллаж байгаа. Бид Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран газар тариалангийн даатгалын шинэчилсэн бүтээгдэхүүн гаргахаар бэлтгэж байна. Бид холбогдох яамдуудад саналаа тавиад байгаа. Тухайлбал, олон улсын давхар даатгалын компаниудад өөрийгөө даатгуулахад төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг, зохицуулалт үзүүлдэг байх. Ингэснээр бид олон улсын зах зээлд амжилттай ажиллаж чадна. Энэ хүрээнд төрийн зохицуулалт ямар байхыг аль аль талаасаа нухацтай хэлэлцэж байгаа. Тодруулбал, тариаланчдад олгож буй улаанбуудайн урамшууллаас тодорхой хувийг даатгалын хураамжид авдаг байх нь зүйтэй. Эсвэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үр тариа, түлш, тоног төхөөрөмжийн дэмжлэг авч буй тариаланч заавал даатгалд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж болно. Энэ мэт төрийн зохицуулалт ямар ч хэлбэрээр байж болно. Гол нь төр оролцож, зохицуулж байж тариалангийн салбарыг эрсдэлээс хамгаалж чадна.
-Танай компани үндэсний давхар даатгалын систем нэвтрүүлэхээр зэхэж байгаа. Үндэсний даатгалын системийг нэг цонхтой болгосноор мөнгөний гадагшлах урсгалыг тогтоох боломж бүрдэнэ гэж салбарынхан үзэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Манайд 1990 он хүртэл төрийн даатгалын систем ажиллаж байсан. Ерээд оноос хойш хувийн компаниуд үүссэн. Одоогоор ердын даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй ажиллаж буй цорын ганц аж ахуйн нэгж бол “Хөдөө аж ахуйн давхар даатгал компани”. Дэлхийн олон орон төрийн өмчит давхар даатгалын компанитай. Тэд тухайн улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудын гадагшлах мөнгөн урсгалыг нэг цонхоор гаргах, боломжтой тохиолдолд валютын урсгалыг авч үлдэх зорилгоор ийм компани байгуулдаг.
СЗХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд манай улсын нийт даатгалын хураамжийн 30 гаруй хувь буюу 80 сая ам.долларыг гадаадын давхар даатгалын компаниудад шилжүүлсэн дүнтэй. Гэтэл төв банкны сүүлийн таван жилийн төлбөрийн тэнцлийн тайланд даатгалын салбарын гадаад гүйлгээ 236.4 сая ам.доллартай тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр байгууллагын мэдээлэл бараг 150 сая ам.долларын зөрүүтэй байна. Энэ нь даатгалын салбарын мөнгөн урсгал нэгдсэн бүртгэлгүй. Компаниуд хилийн чанад руу хийсэн давхар даатгалын хураамжаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэггүйтэй холбоотой. Энэ байдал ч валютын ханшид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй манай даатгалын салбарын хөгжилд ч нөлөө үзүүлнэ. Учир нь давхар даатгалын тогтолцоо нь тухайн салбарын манлайлагч хүч нь болдог. Тиймээс энэ үүргийг эхлээд төр хэрэгжүүлж, улмаар олон нийтийнх болгодог жишиг бий.
-Малын индексжүүлсэн даатгалд одоогоор хэчнээн өрх хамрагдаад байна вэ?
-Малын индексжүүлсэн даатгал улс орон даяар 12 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус даатгал эхний 10 жилд Дэлхийн банкны төслийн хүрээнд хэрэгжсэн. Харин сүүлийн хоёр жилд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” төрийн өмчит хувьцаат компани зохион байгуулж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 112 мянган малчин өрхийн 20.6 сая толгой малыг даатгасан. Мөн 20 гаруй малчинд нийт 3.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.
-Төр оролцсноор ямар давуу тал бий болж байна вэ?
-Монгол Улсын нийгэм, эдийн засагт хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг харьцангуй өндөр. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 30 гаруй хувийг бүрдүүлж байна. Тиймээс эдийн засгийн нэг тулгуур болсон мал аж ахуйн салбарыг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах нь Засгийн газрын үүрэг. Тиймээс Засгийн газар даатгалын салбараар дамжуулан даатгалын хамгаалж буй нь энэ. Нөгөө талаас даатгал бол санхүүгийн үйлчилгээ. Энэ үйлчилгээг алслагдсан хөдөө, орон нутгийн малчдад хүргэх нь санхүүгийн салбарын хөгжилд чухал. Бидний зүгээс жил дараалан малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдаа урамшуулж, ирэх жилүүдэд хөнгөлөлт олгохооор судалж байна. Тэрчлэн энэ даатгалыг хэрэгжүүлэх явцад орон нутагт 2800 хүн ажлын байртай болсон. Малын индексжүүлсэн даатгал малчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй орон нутагт ажлын байр бий болгож буй давуу талтай.