Алдар нэр нь цуурайтаагүй ч аз жаргалын мөртэй хүйн ээж

Хүмүүс

Монголын хамгийн том буюу 6500 гр жинтэй хүүхэд эх барьж байжээ

Өвөө минь нэг удаа “Хүнд жаргалын дээдийг бэлэглэчихээд хариуд нь баярлалаа гэсэн ганцхан үгийн өглөг авдаг хүмүүс эмч шүү дээ” гэж билээ. Хүний орчлонд ирж буй үл таних зочдыг хамгийн түрүүнд гар дээрээ тосож, халуун дулаан дуу хоолойгоор мэндчилдэг энэ хүмүүсийн гэгээн үйлсийг дүүрэн үнэлдэггүй хэрнээ хамгийн хариуцлагатай үүргээ тэдэнд итгэн үүрүүлдэг. Бид ийм хүмүүсийн нэгтэй уулзахаар болсон юм. Тэр бол сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дөрвөнтөө төрийн дээд одон медаль хүртээд буй нийслэлийн Өргөө амаржих газрын ахмад эх баригч Б.Ичинхорлоо гуай. Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолтой долоон хүний нэг нь тэр юм. Алдар нэр нь цуурайтан түгээгүй ч гэгээн үйлс нь ямагт хайр, аз жаргалын мөртэй байдаг эрхмийг “Хүмүүс” буландаа урьж хөөрөлдлөө.

-Юуны өмнө Төрийн дээд одонгоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе?

-Би Анагаах ухааны дунд сургуулийг 1974 онд эх баригч, бага эмчийн мэргэжлээр дүүргэсэн. Ажлын гараагаа Архангай аймгийн Хашаат сумын Лүн баригадаас эхэлж байлаа. Тухайн үед биднийг албан томилолтоор хуваарилдаг байсан юм. Тэндээ нэг жил гаруй ажиллаж байгаад хоёр дахь хүүхдээ гаргахдаа Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Ингээд хуучнаар бол Нэгдүгээр амаржих газар, одоогийн нийслэлийн “Өргөө” амаржих газарт ажилд орж, дагалдан эх баригч, сувилагч гээд бүхий л орон тоон дээр ажилласаар эх баригч, бага эмчийн ажлыг 37 жил хийж, гавьяандаа гараад байна.

-Та яагаад эх баригчийн мэргэжлийг сонгосон юм бэ. Таны удамд эмнэлгийн салбарын хүмүүс байсан уу?

-Манай удамд эмч хүмүүс нэг их байхгүй ээ. Намайг төрөхөд манай саахалт айлын эмч эх барьж авсан юм билээ. Жаахан байхдаа тэднийд тоглож наадах үед тэр хүн надад эмч гэдэг ямар сайхан мэргэжил болохыг хэлдэг байлаа. Ингээд 10 жилээ төгсөөд анагаахын анги авах гэтэл огт өөр мэргэжлээр худалдааны техникумд хуваарилсан байсан. Тухайн үед хуваарь авах хэцүү цаг үе байж дээ. Би тэгээд урвайсан хүн “Энэ сургуульд орохгүй, өөр сургуульд ормоор байна” гэж байтал эх барьсан эмч маань анагаахын техникумд орон тоо байгааг хэлээд, “Чи чадах уу” гэж асууж байсныг тод санадаг юм. Тэгж л энэ сайхан мэргэжлийг эзэмших хувь заяа надад ирсэн юм даа.

-Ажлаа Хашаат сумаас эхэлж байжээ. Анхны эх барьж авсан үе ямар санагдаж байсан бэ. Айж мэгдэж байв уу?

-Би чинь хотын хүн болохоор адгийн наад зах нь морь унахаас эхлээд чадахгүй зүйл олон байлаа. Дуудлаганд явах гэхээр улс амьтан морь хөтлөөд ирнэ. Мориор явж чадахгүй сандардаг байсан үе бий. Сүүлдээ ч бүх зүйлийг сурсан шүү. Хашаатын Лүнд очиход бага эмч нь тэтгэвэртээ гарах болчихсон, ажлыг нь хүлээж авах хүнгүй гээд намайг хараад бөөн баяр болж байсан. Гэр нь эмнэлгийн хажууханд байдаг байсан юм. Би гэж хүн бөөн онол үзсэнээс биш эм найруулах ч туршлагагүй байсан учир өнөөх эмчээсээ маш олон зүйл сурч, заалгасан. Жирэмсэн эхийн анхны дуудлаганд номоо сугавчлаад гэрт нь очиж байсныг санаж байна.

-37 жил ажиллахдаа та хэдэн хүүхэд эх барьж авсан бэ?

-Уг нь тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг л байсан юм. Сая гавьяат авахад тодорхойлсноор бол 16849 хүүхэд эх барьсан гэсэн байна билээ. Гэхдээ бичигдээгүй хэд байгаа байх. Ерөнхийд нь тооцвол 17 мянган хүүхэд байгаа болов уу гэж бодож байна.

-Таныг хараад мэргэжилдээ хайртай, хийсэн бүтээсэн зүйлтэй байна гэдэг сайхан юм хэмээн хувьдаа бодож сууна. Энэ олон жилийн туршид шантрах үе тохиож байв уу?

-Зах зээлийн үед өөр мэргэжил рүү “урвах” бодол төрж байсан үе бий. Бидний цалин пүнлүү хэд байсан билээ. Гэхдээ л эзэмшсэн мэргэжлээ хаяж зүрхлэхгүй явсаар энэ олон жилийн турш ажилдаа үнэнч зүтгэсэн байна. Үүний гавьяа гарч байна шүү дээ. Маш олон шавь нартай болсон байна. Хүн сэтгэл гаргаж ажиллах юм бол цаашдын ажил үйлс нь бүтдэг жамтай. Эх баригчийг хүйн ээж гэдэг шүү дээ.

-Та өнгөрсөн хугацаанд гадаадад мэргэжлээрээ туршлага судалж байсан уу. Манайхаас арга барилын хувьд хэр зөрүүтэй юм бол?

-Японы парламентын гишүүн, эх баригч Ноно Чико гэдэг хүний урилгаар 2007 онд долоо хоногийн хугацаатай төрөх газруудыг нь үзэж, туршлага судалж байсан. Өндөр хөгжилтэй орон учраас эх баригч нар нь хувийн эмнэлэгтэй байдаг нь их сонин санагдаж билээ. Мөн хувиараа Бельги улсын амаржих газраар зочилж байсан удаатай. Аргагүй хөгжингүй орон учир бүхнийг тоног төхөөрөмжөөр хянаад, эхчүүдийг өөрсдийнх нь саналаар төрүүлдэг. Тухайлбал, амаржиж буй ээж хүсвэл гэртээ, эсвэл усанд, эмнэлэгт төрөх боломжтой. Гэртээ төрнө гэвэл эмнэлгийн бүхий л тоног төхөөрөмжөө аваад очих жишээтэй. Усанд төрөхөөр бол маш том усан онгоцууд байдаг. Усанд төрсөн эх харьцангуй тайван байдгаас гадна хярзан нь урагдахгүй байх гэхчилэн олон давуу талтай. Аавууд нь ч хамт байх боломжтой. Манай улсын хувьд цаг агаарын байдалтай холбоотойгоор ар гэрийнхнийг нь төрөхийн өрөөнд оруулахад тийм ч тохиромжтой байдаггүй. Гэхдээ манай амаржих газар ар гэрийнхэнтэйгээ төртлөө байх боломжтой өрөөтэй болсон.

» Өргөө амаржих газарт ажилд орж, дагалдан эх баригч, сувилагч гээд бүхий л орон тоон дээр ажилласаар эх баригч, бага эмчийн ажлыг 37 жил хийж, гавьяандаа гараад байна.
» Гэхдээ л эзэмшсэн мэргэжлээ хаяж зүрхлэхгүй явсаар энэ олон жилийн турш ажилдаа үнэнч зүтгэсэн байна. Үүний гавьяа гарч байна шүү дээ.
» Сүүлийн үед хооллолт, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан том жинтэй хүүхдүүд төрөх нь ихэслээ.
-Төрөх үедээ нөхрөө өрөөндөө хамт байлгах хүсэлтэй ээж нар олон байдаг. Аавууд маань харин айдаг. Тантай аймхай аавууд хэр олон таарч байв?

-Нэг хэсэг манай амаржих газар ээж нарын хүсэлтээр аавуудыг төрөхийн өрөөнд оруулдаг байсан. Даанч аав нар зүрх муутай, аймхай. Зарим нь өрөөний үүдээр орж ирэв үү, үгүй юу пэд хийтэл ухаан алдаад уначихна. Тэгэхээр нь бид нар төрж байгаа хүнээ гэх үү, өнөөх аавыг яах вэ гээд тэрүүхэндээ сандралдана. Энэ мэтчилэн хөгжилтэй, хөгтэй олон дурсамжтай үе таарч байлаа. Зарим аав нараас асуудаг юм. Ороод толгойг нь түшээд байж чадах уу гэж. Уг нь гэр бүлийнхээ хүнтэй хамт төрвөл ээжүүдийн сэтгэл санаа амгалан, сайхан байна л даа.

-Асуухад жаахан эвгүй л юм. Гэхдээ эх баригч нар ээжүүдийг загнадаг, муухай ааштай хүмүүс байдаг гэлцдэг?

-Төрөх гэж байгаа ээжүүд маань их эмзэг байдаг л даа. “Алив нэг эвтэйхэн хэвтээд өгөөч” гэхээр загналаа гээд бодчихдог шиг байгаа юм. Манай эх баригч нар төрөх гэж байгаа ээжүүдийг учиргүй загнаад байдаггүй юм шүү дээ. Аль болох зааж зааварчилна. Олон жилийн өмнө нэг ээж өвдөөд угаалтуурын доод талын тахир төмрөөс зуурчихаад гарч ирдэггүй ээ. Гараад ирээч дээ гээд гуйлаа, өвдөөд байна гээд хөдлөх янзгүй. Ийм үед чангааж нэг үзнэ, үгэнд орохгүй бол жаахан ширүүхэн хэлэхээс өөр аргагүй шүү дээ. Бас нэг ээж төрөх орон доогуур орчихоод гүрийгээд гарч ирэхгүй байсныг санаж байна. Энэ мэтчилэн зүйл тохиолдвол аргадаж бас аашилж нэг үзнэ ш дээ.

-Та хамгийн ихдээ ямар жинтэй хүүхэд эх барьж авсан бэ?

-Тэр хүүхэдтэйгээ ойрд холбогдоогүй юм байна. Монголын хамгийн том буюу 6500 гр хүүхэд эх барьж авч байсан. Жин ихтэй хүүхэд төрүүлэх хэцүү. Төрөлт бол багийн ажиллагаа. Нярайн эмч, эх баригч, сувилагч, асрагч гээд олон хүний оролцоотой эхийг төрүүлнэ. Сүүлийн үед хооллолт, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан том жинтэй хүүхдүүд төрөх нь ихэслээ. Түүнчлэн хэт таргалалт, чихрийн шижин өвчин ч үүнд нөлөөлж байгаа. Япончууд хүнээ таргалуулдаггүй. Төрөхөд 10 кг нэмэх ёстой, түүнээс илүү байх ёсгүй гэдэг. Манайх ч бас энэ бодлогыг баримталж, зөвлөгөө өгдөг. Үгүй бол дур дураараа ийм, тийм витамин сайн гээд хамаа замбараагүй хэрэглэдэг нь маш буруу хэвшил болоод байна.

-Дээхнэ үед аав, ээжүүд эх баригчийг хүүхдэдээ нэр хайрлахыг хүсдэг байсан. Та хэр олон хүүхдэд ямар нэрүүдийг бэлгэшээж өгч байсан бэ?

-Зөндөө л олон хүүхдэд нэр өгсөн дөө. Тоог нь мартжээ. Аав маань надад хэлэхдээ хүүхдэд монгол нэр хайрлах ёстой хэмээн захидаг байсан. Тухайн төрсөн гараг дээр нь сүрэн юм уу, эсвэл жав нэмбэл монгол нэр болдог учиртай юм билээ. Гэхдээ сүүлийн үед Тэнгис, Цэцгээ, Ананд гэхчилэн орчин үеийн нэр өгч байна. Бас баатруудын нэрийг хүүхдэдээ хайрладаг болжээ.

-Ярилцсанд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ