Шинэ аварга аатай байна

Спорт

Бэлтгэл дээр бөхчүүдийг “шалны алчуур” болгож буй сурагтай

Энэ сарын 12-нд Японы Осака хотноо мэргэжлийн сүмогийн Харү башё эхэлнэ. Хаврын тэмцээн олон зүйлээрээ онцлог болох тул олны дунд асар их хүлээлт үүсгэжээ. 2003 оноос хойш төрсөн анхны япон аварга Кисеносато хэрхэн барилдах нь хамгийн их сонирхол татаж буй. Өөрөө түрүүлнэ гээд л байгаа. Цол дагаж бяр нэмнэ гэгчээр бие хаа нь томроод, ааг омог нь нэмэгдэж, озэки байсан үеэсээ эрс сайжирсан болохыг сүмогийн мэргэжилтнүүд хэлж байна. Бэлтгэл дээр ч үүнийгээ харуулж, бөхчүүдийг ёстой л “шалны алчуур” болгож буй сурагтай. Хамгийн сүүлд манай Тамаваши Б.Мөнх-Оргилтой 16 барилдахад хоёрхон унасан гэнэ. Тамаваши нь зүгээр нэг амны хүүхэд биш, сэкивакэ цолтой мундаг нөхөр шүү дээ. Мөн маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Ёшиказэтай 13 барилдаж, бүгдэд нь давжээ. Их л өнгөлөг байгаа нь эндээс харагдана.

Нөгөө талд Монголын гурван аварга өмнөх башёгийн хариугаа авах гээд тэсч ядан байгаа. Ёкозүна цолны босго өндөр гэдгийг түүнд мэдрүүлж, хандыг нь дараад өгнө гэсэн бодолтой байгаа нь мэдээж. Хакүхо, Харүмафүжи аваргууд бэлтгэлээ хэрхэн базааж буй талаарх мэдээлэл алга. Харин Какүрюү аварга сүүлийн бэлтгэл дээр күмүсүби Сёдай болон  жюүрёогийн Оянаги нартай 14 барилдаж, бүгдэд нь давжээ. Өмнөх башёг гэмтлийн улмаас дундаас нь орхисон болохоор энэ удаа нэлээд хичээж барилдах нь тодорхой.

Хакүхо аваргын тухайд Осакагийн дэвжээнд урамтай барилддаг уламжлалтай. “Цагаан гарьд” сүүлийн есөн жилийн Харү башёгийн долоод нь түрүүлсэн бөгөөд үүний гуравт нь 15-0 гэсэн төгс амжилт үзүүлжээ. Сонирхуулахад, тэрбээр ёкозүна цолтой барилдсан башёгийн тоогоор (58) Тайхотой зэрэгцэж, гуравт бичигдэх болсон байна. Дахин зургаан башё барилдахад дээд амжилтыг дангаар эзэмших юм.

Харүмафүжи аваргын хувьд Харү башёд нэг ч удаа түрүүлж үзээгүй. Осакагийн дэвжээ хатуурхдаг гэж болно. Гэхдээ тэрбээр гэмтэл аван башёг орхисон бол дараагийн тэмцээнд тун сайн барилддаг. Гайгүй сайн амраад авдаг нь нөлөөлдөг бололтой. 2015 онд гэхэд хоёр башё дараалан өнжсөний эцэст долоо дахь түрүүгээ гардаж байв.

Дөрвөн ёкозүна барилдаж буй, нутгийн аварга төрсөн гэдэг утгаараа хүн бүр башёг үзэхийг хүсэж, тасалбар нь бүгд зарагдаад дуусчээ. Үзэгчдээ татах гэж янз бүрийн арга хэрэглэж буй сүмогийн холбооны хувьд энэ нь таатай мэдээ болж байна.

Дашрамд сонирхуулахад, дөрвөн ёкозүна нэг дор зодоглосон тохиолдол өмнө нь хоёр удаа гарч байв. Хамгийн сүүлд 2000 оны эхээр Акэбоно, Мусашимару, Таканохана, Ваканохана гэсэн аваргууд нэгэн үед барилдаж байлаа. Гэхдээ дөрвөн аварга нэг дор жилээс илүү хугацаанд барилдсан түүх үгүй. Хэн нэг нь шахагдаж, зодог тайлахаас аргагүйд хүрч байсан гэсэн үг. Тиймээс энэ жил юм уу, ирэх оны эхээр одоогийн дөрвөн аваргын нэг нь зодог тайлах магадлал өндөр. Мэргэжилтнүүд Кисеносато, Какүрюү хоёрын нэг нь сүмочийн амьдралаа төгсгөж магадгүй хэмээн тааварлажээ.

Нэгдүгээр сарын тэмцээнд дөрвөн арслан барилдсан бол өдгөө энэ тоо хоёр болоод байгаа. Нэг нь ёкозүна болж дэвшсэн бол нөгөө арслан Котошёогико цолоо алдаж, сэкивакэ болсон. Хоёр тэмцээн дараалаад тавхан даваа авсан тул цол буурахаас ч аргагүй. Гэхдээ түүний хувьд боломж бий. Хэрэв энэ башёд 10 болон түүнээс дээш давчихвал цолоо эргүүлэн авах юм. Хамгийн сүүлд Точиазүма ийм байдлаас арслан цолоо буцаан авч байв.

Нөгөө нэг озэки Тэрүнофүжи хэрэв тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадахгүй бол цолоо алдах аюулд өртөөд байгаа. Тэрбээр сүүлийн долоон башёгийн гуравт нь л тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн. Ингэхдээ дөнгөн данган найман даваа авч байв. Өнгөрсөн жилийн эхээр авсан хүнд бэртэл нь өөрийн хэмжээнд барилдахад саад болсоор. Уг нь эрүүл саруул бол түрүү байрын төлөө өрсөлдөх хэмжээний бөх. Жил гаруйхны өмнө башёд түрүүлж, томчуудыг айлгаж авсан хүн цолоо алдвал хайран л байна. Гэхдээ гэмтэл нь овоо эдгэсэн бололтой. Саяхан бэлтгэл дээр 20 барилдаан хийж, 19 давсан байна лээ. Гайгүй сайн барилдах болов уу.
САНАЛ БОЛГОХ