Автомат жолоодлоготой машины шинэ үе

Авто зах зээл

Ford компанийн мэргэжилтнүүд санаанд оромгүй шинэ дүгнэлт хийжээ

Жолоочийн оролцоогүйгээр бие даан хөдөлгөөн хийх чадвартай, автомат жолоодлого бүхий тээврийн хэрэгсэл бүтээх ажилд автомашин үйлдвэрлэгчид төдийгүй Google, Uber зэрэг компани идэвхтэй ажиллаж байна. Уг салбарт шинэ шинэ дэвшил гаргаж буй Ford компанийн мэргэжилтнүүд туршилтын явцад санаанд оромгүй шинэ дүгнэлт хийснээ Bloomberg-т өгсөн ярилцлагадаа тайлбарлав. Жолоочгүй унаа туршиж буй инженерүүд машин автомат жолоодлогын горимд шилжсэнээс хойш унтаж орхих нь түгээмэл байна.

Ухаалаг машин хотын гудамжаар жигд хурдтай хөдөлгөөн үйлддэг учраас дотор нь зорчиж яваа инженер эрт, орой нэг цагт заавал зүүрмэглэх нь гарцаагүй хэмээн Ford- ийн мэргэжилтнүүд өгүүлэв. Туршилтад оролцогч инженерүүд нойроо сэргээхийн тулд хонх дуугаргах, анхааруулах гэрэл асаах, суудал, жолооны хүрд чичиргэх зэрэг янз бүрийн арга ашигласан ч ажлын байранд заавал унтаж таардаг ажээ. Туршилтын эцэст автомат удирдлагатай машинд хосоороо зорчиж, нэг нь машинаа, нөгөө нь хамтрагчаа хянах арга бодож олсон ч хоёул унтсан тохиолдол цөөн бус гарчээ.

Автомат удирдлагад шилжсэнээс хойш бүхээг дэх зорчигч нойрмог байдалд амархан автаж буйн шалтгаан нь шинэ технологитой машин алдаагүй, жигд хөдөлгөөн үйлддэг явдал хэмээн туршилтад оролцогчид тайлбарлав. Энэ нь технологийн хувьд магтууштай зүйл мөн ч Ford компанид эргэцүүлбэл зохих өөр асуудал шинээр үүсгэв. Туршилтад оролцож буй инженерүүд нойроо дийлэхгүй байгаа юм бол ердийн жолоочоос анхаарлаа төвлөрүүлэхийг шаардах нь бүр ч хэцүү хэрэг.

Ердөө ирэх жил гэхэд Audi, BMW, Mercedes-Benz-ийн хагас автомат жолоодлого бүхий шинэ загвар гарах ёстой. Эдгээр загвар замын ихэнх нөхцөлд бие даан хөдөлгөөн үйлдэх чадвартай ч онцгой тохиолдолд хүний туслалцаа шаардана. Шаардлагатай үед хүн ердөө арваадхан секундэд багтаан хариу үйлдэл хийж, жолоог өөртөө шилжүүлэх учиртай. Гэтэл саяхан Саутхэмптоны их сургуулиас явуулсан судалгааг үзвэл автомат жолоодлоготой машины жолооч түвэгтэй нөхцөлд жолоог гартаа авахад 20- 30 секундийн хугацаа шаардаж байгаа нь тодорхой болсон. Тэгэхээр машинд суугаа хүн унтаа тохиолдолд сэрэх, сэрсэн хойноо жолоо барих хүртэлх хугацаа бүр ч урт байж таарна.

Одоогийн автомат жолоодлоготой машинууд АНУ- ын Автомашины инженерүүдийн холбооноос (SA E) тогтоож өгсөн Автомат жолоодлогын аюулгүй байдлын гуравдугаар түвшинд заасан шаардлагад захирагддаг. Энэ нь нийтийн хэрэглээний замаар автомат машин бие даан зорчих боловч жолооч шаардлагатай үед жолоог өөртөө шилжүүлэхэд хэзээд бэлэн явах ёстой гэсэн шаардлага юм.

Харин Ford компани гаргасан дүгнэлтдээ тулгуурлан цаашид гуравдугаар түвшинд нийцсэн автомат жолоодлоготой машин бүтээх санаанаас татгалзахаар боллоо. Тус компани ердөө 2021 он гэхэд жолооны хүрд, хааз, тоормозны гишгүүр педаль огт байхгүй машин бүтээхээр зориг шулууджээ.

Ford-ийн зоримог шийдвэрийг Wayno компанийн захирал Жон Крафчик ч зүйтэй хэмээн үзэж байна. Wayno нь Google-ийн жолоочгүй машин бүтээх төслийн хүрээнд байгуулсан, Alphabet-ийн охин компани юм. “Аюулгүй байдлын гуравдугаар түвшин гэсэн стандарт өөрөө утгагүй ч байж болзошгүй. Тиймээс ийм стандарттай машин бүтээх хэрэг байхгүй л болов уу” хэмээн өгүүлж байна.

Жолоочгүй автомашин ямар байх ёстой талаар эдүгээ технологи хөгжүүлэгчид санал хуваагдаад байгаа юм. Нэг хэсэг нь автомат жолоодлоготой нөхцөлд ч хүний хяналт зайлшгүй хэмээн үзэж байхад нөгөө хэсэг нь огт хүний оролцоогүй, цэвэр робот машинд шилжих нь зүйтэй гэсэн бодолтой. Технологийн энэхүү салбарт хуулийн илүү тодорхой зохицуулалт үүсгэх асуудлаар АНУ-ын Конгресст саяхан хэлэлцүүлэг болсон.
САНАЛ БОЛГОХ