Нийгмийн сүлжээг “атгах” заль

Амьдралын хэв маяг

Фэйсбүүкийн нэг пост дунджаар 90 минутын дотор боломжтой бүх хэрэглэгчид хүрдэг

Нийгмийн сүлжээ сайтуудыг хил хязгааргүй хот гэвэл тэнд 100 саяаас илүү хүнтэй аварга хотууд олноороо бий болжээ. Хамгийн нүсэр нь 1.8 тэрбум хүнтэй Фэйсбүүк. Түүний араас WhatsApp нэг тэрбум, Инстаграм 600 сая, Твиттер 317 сая, Снапчат болон Скайп 300 сая "оршин суугч"-тайгаар жагсаж байна. Энэ олон сая иргэдтэй хэрхэн зохицож амьдрах, өөрийн зорилгодоо хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хүргэж байна.

                                                                           Алтан тоо
Өглөө босоод өмссөн хувцсаа, өдөр идсэн хоолоо, орой маргасан хүнийхээ тухай гээд амьдралынхаа алхам бүрийг фэйсбүүк найз нартаа хуваалцдаг бол та муу “дүн” авах нь. Учир нь сошиал сайтуудад хэт олон пост оруулах, эсвэл огт оруулахгүй байвал та олон найзтай болж чадахгүй. Үүний оронд сошиал сайт бүрт тохирсон “алтан тоо”- г баримтлахыг маркетингийн мэргэжилтнүүд зөвлөлөө. Жиргээчдийн хувьд өдөрт 3-5 удаа жиргэх нь хамгийн тохиромжтой тоо гэж үздэг. Үүнээс цөөн байвал бусдын жиргээнд дарагдан алга болно. Их байвал хүмүүс залхаж эхэлнэ. Мөн өдрийн хэдэн цагт жиргэх вэ гэдэг чухал. Үдийн 13.00 болон үдээс хойш 15.00-17.00 цаг хамгийн үр дүнтэй байдаг аж. Харин амралтын өдөр үүнээс арай бага жиргээг, илүү оройн цагаар оруулаарай. Хэрэв эдгээр цагуудад амжихааргүй бол өмнө нь бэлдэж оруулаад, цагийг нь тааруулдаг тохиргоо ихэнх нь сошиал хуудсуудад бий.

Харин фэйсбүүкийн хувьд “алтан тоо” нь хоёр. Алдартай брэндүүд фэйсбүүк хуудастаа дунджаар өдөрт хоёр, долоо хоногт 10 пост оруулдаг байна. Мэргэжилтнүүд нэг пост дунджаар 90 минутын дотор боломжтой бүх хэрэглэгчид хүрдэг гэж үзжээ. Харин жиргээний хувьд илүү богино, 18 минутын дотор үр дүнг нь харж болдог.

                                                                       Юу постлох вэ

Өөрийн сошиал хуудастаа юу бичих нь таны хэрэг. Гэхдээ хуудсаа үр дүнтэй ашиглая гэвэл мөрдөх ёстой дүрмүүд бий. Хамгийн түрүүнд уур бухимдал болон мэдээллийг тэнцвэржүүл. Байнга мэдээллийн чанартай зүйл бичээд байвал таны үзэл бодлын талаар хүмүүс мэдэж чадахгүй. Эсрэгээрээ, байнга уур бухимдлаа илэрхийлээд байвал найзууд чинь үргээд алга болно. Тиймд хоёуланг нь тэнцвэртэй оруулаарай. Ингэхдээ аль болох товч тодорхой бичих, сонирхолтой зураг ашиглах, содон “эможи”-гоор чимэх зэрэг аргуудыг хэрэглэж болно. Мөн ямар сошиал сувгаар юу постлох вэ гэдгээ ялгавал сайн. Мэдээллийн чанартай бол твиттер, зураг бол инстаграм, ажлын зар бол линкед-ин гэх мэт. Мэдээж, гутаан доромжилсон, хууль зөрчсөн постыг бичих байтугай, бусдынхыг хуваалцах ч хэрэггүй.

                                                                Бүгдийг нэг цэгээс

Ажлын ч бай, хувийн ч бай олон сошиал сувгийг хөтөлнө гэдэг цаг орсон ажил. Тиймээс үнэт цаг хэмнэхийн тулд Hubspot, Hootsuite зэрэг платформыг ашиглаарай. Ингэснээр нэг талбараас фэйсбүүк, твиттер, инстаграмаа хянаж, мөн нэг зэрэг пост оруулах боломжтой. Эдгээр платформ илүү олон боломж олгох тусмаа төлбөр нь өндөр байдаг. Hubspot бол сошиал хуудсуудаас гадна и-мэйл, форум, блог гээд олон сувгуудыг автоматжуулах боломжтой бөгөөд сарын төлбөр нь 200 ам.доллараас эхэлдэг. Гэхдээ хувьдаа ашиглах гэж байгаа бол нэг сарын үнэгүй эрхийг нь сонгох боломжтой. Сарын дараа дахиад л шинэ хаягаар шинэ эрх авах бяцхан заль ч хэрэглэхэд гэмгүй. Сул тал нь, шинээр сувгуудынхаа тохиргоог хийх шаардлага гардаг. Шинэ зүйл гэж халгах хэрэггүй, нэг удаа эдгээр платформыг ашиглаад амтанд нь орох болно.

Өдөрт 3-5 удаа жиргэх нь хамгийн тохиромжтой тоо гэж үздэг
                                                           Төлбөр төлөх ашигтай юу

Фэйсбүүк, твиттерийн хэдэн мянган хэрэглэгчид өөрийнхөө постыг хүргэхэд төлбөртэй үйлчилгээ тусална. Фэйсбүүк гэхэд хоёр ам.доллараар 6000 хүнд хүргэх жишээтэй. Гэхдээ фэйсбүүк таны хуудсан дахь лайкны тоо, тухайн үед бусад хүмүүс хэр олон сурталчилгаа явуулж байгаагаас хамааран янз бүрийн үнэ санал болгодог. Сонгуулийн үеэр л гэхэд фэйсбүүк сурталчилгааны үнэ “хаданд” гардаг. Олон хүн төлбөртэй сурталчилгаа явуулах тусам тэд үнээ өсгөдөг.

Гэвч төлбөртэй сурталчилгаа хувь хүмүүст тохиромжгүй. Учир нь “төлбөртэй сурталчилгаа” гэсэн бичиг таныг бариад өгчихнө. Харин үүний оронд “инбаунд” маркетингийг санал болгоё. Зөвхөн байгууллага л маркетинг ашигладаг цаг хол хоцорсон. Алдартнуудын хувьд сошиал хуудас хөтлөх нь нэр хүндээ өсгөх, хамгаалах бас нэг талбар болсон байдаг. Инбаунд маркетинг гэдэг нь бусад хүнд хэрэгтэй хөнгөн, зугаатай таван пост оруулсны дараа өөрийнхөө хамгийн чухал мэдээллээ оруулахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл хөнгөн мэдээллээр бусдыг татсаны дараа өөрийнхөө гол “мессеж”-ийг хүргэнэ гэсэн үг.

                                                                    Үнэгүй туслахууд

Интернэтээр хайхад сошиал сувгуудыг илүү хялбараар ашиглахад зориулсан программууд олноороо гарч ирнэ. Зураг эвлүүлэх, пост хийх цаг тохируулах, бусдын хариу үйлдэлд дүн шинжилгээ хийх гэх мэт. “Canva”-д зургаа оруулаад бэлэн загваруудыг ашиглан сурталчилгаа бэлдэж болно. Сонирхолтой нь, гар утаснаас энэ программыг ашиглаж болдог. Мөн 10 асуулттай бичил судалгаанд 100 хэрэглэгчээс хариулт авах боломжтой “Monkey survey” программ бий. Эдгээрээс гадна сошиал сайтыг үр дүнтэй ашиглая гэвэл фэйсбүүкийн 2-3 групп болон пэйж, твиттерийн мөн тооны акаунт хэрэгтэй. Өөрт тань биш гэхэд бусдын мэдээллийг түгээхэд тун хэрэг болно. Тухайлбал, сонгуулийн үеэр 100 мянган дагагчтай фэйсбүүкийн хуудас 2-3 сая төгрөг хүрч байсан. Мөн твиттерийнхэн нэгдэж, далд сурталчилгаагаар багагүй мөнгө олчихдог. Тиймээс ажлынхаа хажуугаар, эсвэл гэрээсээ мөнгө олох нэг арга байж болох юм.
САНАЛ БОЛГОХ