Сена мөрний эрэгт уулзъя

АЯЛЛЫН ХӨТӨЧ

Заавал аялах ёстой 20 орны тоонд Франц багтдаг

Франц руу нисэх хамгийн том шалтгаан нь Парис. Дэлхийн хотуудаас эрс ялгарах тус хотод удах тусам дасах мэдрэмж сэдэрч мэднэ. Аз жаргал, зугаа цэнгэл. Эдгээрийн эх сурвалж болохуйц бүхнийг Парис өөртөө нуучихсан гэлтэй ижилгүй төрхөөр угтах нь донжтой. "Хөгшин" Европын өрнүүн хотын "уур амьсгал" цаанаа л хөгжмийн ая эгшигтэй гойд нийцсэн мэт хөгжүүн. Энэ нь тийшээ тэмүүлэх хэн бүхний "зүрх"-ний цохилтыг түргэсгэх яруу зохицол байж таарна. Хотын "хэмнэл" дунд уусах аваас язгууртан олны хөлд үрэгдэж мэдэхүйц эрхэмсэг байхыг та биднээс парисчууд "тулгана". Үүнийг Парисын өдрүүд улам тодотгох нь лавтай. Далайн чанадад хүртэл газар нутагтай Франц нийслэлээ хайр дурлалын хот гэсэн ойлголтоор даян дэлхийд тунхаглаж чадсан. Үүнд нь бид итгэж, ой ухаандаа очих ёстой, аялах учиртай газрын нэг юм байна гэсэн бодлыг зузаалсан.

Хэв маяг, сэтгэл татам төрх байдал нь Франц орныг, тэрчлэн нийслэл Парис хотыг илэрхийлэх үгс. Зөвхөн эдгээр үгээр төсөөлөх нь нэг талдаа ядмаг ч байж мэдэх юм. Гэхдээ үүгээр баримжаалахад буруудахгүй болов уу. Дэлхийн хэмжээний үзэсгэлэнг зургаан удаа зохион байгуулж байсан тус хотод алдартай барилга байгууламж олон. Үүнийг онгоцны буудалд дөнгөж газардаад л ажиглаж болно. Парис хотын төв архитектурын сор дурсгалуудаас гадна Тюильри, Люксембургийн цэцэрлэг, Булоний ой зэрэг гайхамшигт ногоон байгууламж энд буй.

Сена мөрний эрэгт орших энэхүү үзэсгэлэнт хот Францын түүхийн олон чухал үйл явдлын гэрч болон үлдсэн. Тухайлбал, 1789 онд Парисын ард олон Бастилын цайзыг дайран эзэлж, Францын хөрөнгөтний хувьсгалыг эхлүүлж байв. Жил тутам бөмбөрцгийн өнцөг булан бүрээс ирсэн дугуйчид оролцох, дэлхий нийтийн анхаарлыг Парис хот руу татдаг Тур-де-Франс уралдааны шилдгүүд Елисейн өргөн чөлөөнд тодордог.

Конкордын талбайгаас Ялалтын хаалга хүртэл үргэлжлэх эл домогт Елисейн өргөн чөлөөний хоёр талаар зүйл бүрийн мод, бут, усан оргилуур, үй олон кафе, ресторан эгнэн байрладаг. Парист зочилсон хэн бүхэн Елисейн өргөн чөлөөг заавал очиж сонирхдог. Энэ нь тэнд саатсан хэний ч заавал хийх үйлдэл мэт ёс болжээ. Ялалтын хаалга нь Этуалийн талбайн төв хэсэгт оршдог бөгөөд жуулчдын харааг булаасан нүсэр байгууламж юм. Хаалганых нь тал талаас 12 гудамж уулздаг. Энэ нь тэнгэрээс ажихад, од хэлбэртэй харагдах агаад талбайн нэр нь ч угтаа үүнээс үүдэлтэй юм билээ. Наполеон Бонапарт Аустерлицийн тулалдаанд байгуулсан ялалтаа алдаршуулан энэхүү ёслолын хаалгыг барих санааг анх гаргаж, барилгын ажил 1806 онд онд эхлэн, гучин жилийн дараа дууссан гэдэг. Ялалтын хаалганы өндөр нь 51 метр.

Эйффелийн цамхаг. Парис хотын бэлгэ тэмдэг болсон Эйффелийн цамхгийг 1889 онд Дэлхийн үзэсгэлэнд зориулан барьжээ. 300 метр өндөр энэхүү цамхаг 1930 онд Нью-Йорк хотын Крайслер-Билдинг баригдах хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Манай гарагийн хамгийн олон хүн зочилдог байгууламжийн нэг болох Эйффелийн цамхгийн оройд жилд зургаан сая орчим хүн гардаг гэсэн статистик үзүүлэлт бий. Цамхгийн гурван ажиглах тавцангийн хамгийн дээд талын буюу 276 метрийн өндрөөс Парис хот нэн үзэсгэлэнтэй харагдана. Шөнийн цагт цамхгийн гэрлэн чимэглэл асан солонгороод, хотын өнгө төрхийг улмаар нэмэх агаад ихэд ялгарах шалтгаан нь энэ юм.

Франц нийслэлээ хайр дурлалын хот гэсэн ойлголтоор дэлхийд тунхаглаж чадсан

Сена мөрний баруун эрэгт, XII зууны үеийн хуучны ордон байрлах нь Францын үндэсний урлагийн музей. Нийт 300 мянган үзмэртэйгээс зарим нь үнэлж баршгүй ховор нандин бүтээл гэдэг. Луврийн музейд дэлхийн хамгийн алдартай уран зураг гэгддэг Леонардо да Винчигийн “Мона Лиза” бий. Музейн үүдний ойролцоо 1989 онд нэрт уран барилгач И.М Пейн төслөөр босгосон шилэн пирамид байрладаг.

Түм түжигнэж, бум бужигнах Парис хотын дундуур тогтуун, дөлгөөн урсгалт Сена мөрөн зүүнээс баруун тийш урсана. Мөрний дээгүүр ойролцоогоор 30 гаруй метр урттай гүүр дамнасан байх агаад хэд хэдэн жижиг арал энд бий. Тэдгээрээс хамгийн алдартай нь Нотр- Дамын сүм байрладаг Сте. Хотын төвд Сена мөрний эрэг дагуу ном, эртний эдлэлийн жижиг лангуунууд эгнэн үргэлжилнэ. Жуулчдад зориулсан завь мөрнөөр зорчин хотын үзэмжит газруудыг өөр өнцгөөс харах боломжийг олгодог. Парис бол Францын дотоод усан замын хамгийн том боомт. Сена мөрний эргээс зөөлөн салхи сэвэлзэх нь аядуухан. Урин чийглэг хотын үдшээр зугаалах хэнд ч гэртээ харих цагийг нь энэ байдал мартуулах шидтэй. Бидний дуулж байсан атлаа мэдэхгүй зүйл энд их. Жуулчдыг өөртөө татсаар ирсэн Парис хотын удирдлагууд сүүлийн үед ард иргэдийнхээ аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулах болсон. Энэ нь дэлхий нийтийг цочроосон гэмт халдлагуудаас үүдэлтэй юм.

Францыг зорих нь хамгийн өртөг өндөртэй аяллын тоонд багтаж буй. Монголчуудын хувьд бал сараа тэмдэглэх зорилгоор тус хотод тухлан саатах болсон. Аяллын хугацаа найман өдөр, долоон шөнөөр хэмжигдэж байгаа. Онгоцны тийз аяллын үнэ нийлээд нэг хүний 4.5 сая төгрөг. Бал сараа тэмдэглэх хосуудын хувьд ес орчим сая төгрөгийн зардал гарна гэсэн үг. Энэхүү аяллын үйлчилгээг “Тэнгэр травел” компани санал болгожээ. “Жуулчин” компанийн зүгээс Европын тойрон аяллыг зохион байгуулах болсон. Тус аяллыг сонгосноор гурван өдөр Парист зугаалах боломжтой юм байна. Аяллын үнэ 6.6 сая төгрөг бөгөөд Парисаас гадна Женев, Милан, Венец хотоор нэг дор аялах нь. Заавал аялах ёстой 20 орны тоонд Франц багтдаг. Дэлхийн хамгийн романтик улс жилд хүлээж авах жуулчны тоогоороо тэргүүлсэн хэвээр байна.
САНАЛ БОЛГОХ