Ханхүү Коннор хааны суудал руу тэмүүлсээр

Спорт

Макдэвид 20-хон насандаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч магадгүй

Үндэсний хоккейн лиг (NHL)- ийн энэ улирлын төгсгөл хэсэгт анхаарлаа хандуулаарай. Лигийн түүхэнд ховорхон тохиох нэгэн онцгой явдал биеллээ олоход тун ойртжээ. Тодруулбал, “Эдмонтон Ойлерс”-ийн довтлогч Коннор Макдэвид 20-хон насандаа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч магадгүй болоод байна. Лигт элсээд ердөө хоёр дахь улиралдаа тоглож буй тэрбээр 30 багийн 700 гаруй хоккейчноос ур чадвар, үзүүлэлтээрээ ялгарч чадсан болохоор тэр. Хоккейчдын хувийн хамгийн том шагнал болох Харт трофиг өмнө нь Сидни Кросби 19 насандаа авч байсан. Харин Коннор энэ жил шилдгээр тодорвол түүхэн үзүүлэлтийн хоёрт бичигдэх юм.

Түүнийг лигт элсэхээс ч өмнө хоккейн бүх цаг үеийн домогт тоглогч Уэйн Гретцки онцгойлон магтаж байсан. Хоёр жилийн өмнө Гретцки “Түүнийг надтай их харьцуулдагийг мэднэ. Би энэ хүүг анхааралтай ажиглаж байна. Тэр “Эдмонтон”-д ирж, Стэнлийн цом хүртэж, миний рекордуудыг эвдээсэй гэж хүсдэг. Энэ бүхнийг хийх хангалттай авьяас түүнд бий. Сүүлийн 30 жилд лигт элссэн хоккейчдоос тэр хамгийн шилдэг нь байх. Бүр Марио Лемье, Сидни Кросбигоос ч илүү” хэмээн өгүүлж байв. Тэгвэл Коннор домогт хоккейчны магтсан хэмжээнд тоглож эхлэхийн тулд хоёрхон жилийг зарцуулжээ.

Макдэвид улирал эхлэхийн өмнө “Эдмонтон”-ы ахлагчаар сонгогдож, энэ албыг хүлээсэн хамгийн залуу хоккейч болж түүхэнд үлдсэн. Улмаар улирлын 65 тоглолтод 74 оноо авч, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Гэхдээ MVP-гийн өрсөлдөөнд хүчтэй яригдахад хүргэсэн гол хүчи зүйл нь багийн амжилт байлаа. Түүний хүчин зүтгэдэг “Эдмонтон” бол Стэнлийн цомыг таван удаа хүртсэн, У.Гретцкиг төрүүлж гаргасан алдартай баг. Гэвч Гретцкигээс хойш өөдлөөгүй гэж болно. Өнгөрсөн улиралд гэхэд 82 тоглолтоос 31 ялалт авч, бүсийнхээ хамгийн сүүлд бичигдсэн юм. Харин энэ улиралд байдал өөр. “Ойлерс” залуу ахлагчийнхаа урамтай тоглолтын ачаар хожлыг ээлж дараалан байгуулж, өдгөө 78 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна. 2007 оноос хойш плей-оффт шалгарч чадаагүй хар цувралаа зогсоох нь ерөнхийдөө ойлгомжтой. Багийн амжилт ийнхүү огцом дээшилсэн нь залуу одын гавьяа байв.

Коннор хоккейн хамгийн хүчирхэг лигт од болон гялалзах нь эхнээсээ тодорхой байлаа. 1997 оны нэгдүгээр сарын 13-нд Канадын Онтарио мужийн Ричмонд хотод төрсөн тэрбээр гурван настайдаа тэшүүрээр гулгаж, тавтайдаа хоккей тоглож сурсан гэдэг. Улмаар 15 настайдаа Онтариогийн хоккейн лигт элсэн орсон нь тэр бүр тохиогоод байдаггүй явдал байв. ОХЛ бол NHL-д орох залуусыг бэлддэг, маш их өрсөлдөөнтэй, авьяастнууд язганаж байдаг лиг. Ийм нэр хүндтэй лигт 15-тай хүүхэд тоглохоор болсон нь онцгой байхаас ч аргагүй.

Гэхдээ Коннор энэ лигт хөл тавиад балчирдаагүй. Өөрөөсөө хоёр, гурван насаар ах хүүхдүүдтэй тоглосон эхний улиралдаа л 63 тоглолтоос 66 оноо (25 гоол+41 дамжуулалт) авч, ховорхон төрсөн сод авьяастан гэдгээ харуулсан юм.


Дараа жил нь үүнээс цөөн буюу 56 тоглолтод оролцсон хэрнээ 99 оноо авахад хүн бүр шагшин магтаж байв. Гэтэл 2015 онд Макдэвид жинхэнэ гайхамшгийг бүтээсэн. Хүү 47 тоглолтод оролцохдоо 44 гоол оруулснаас гадна 76 оновчтой дамжуулалт өгч, нийт 120 оноо авчээ. Домогт У.Гретцки л бага залуудаа түүн шиг амжилт үзүүлж байв.

Ер нь түүний карьерийг Сидни Кросбитой харьцуулах нь элбэг. Сид мөн л бага залуудаа од болон гялалзаж, драфтын тэргүүнээр итгэлтэй сонгогдож байв. Мөн 20 настайдаа багийн ахлагч болж, 22-тойдоо анхны аваргын цомоо гардсан. Коннорын хувьд нутаг нэгт авьяастны замналыг давтахын тулд багаа лигийн аварга болгох ёстой.

Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний үеэр Коннор хамгийн хурдан хоккейчноор тодорсон. Кросби цагтаа мөн л хурдан тэшилтийн тэмцээнд түрүүлж байжээ. Энэ мэтээр хоёр хоккейчныг холбох баримт ар араасаа гарч ирсээр.

Ямартай ч энэ залууг сайхан ирээдүй хүлээж байгаа нь тодорхой. Харин Гретцки, Кросби нарын замналаар урагшилж, олон олон цом хүртэхийн тулд гэмтэл бэртлээс л хол байх ёстой. Ойрын 10 жилд Коннор Маквэдид хэмээх канад залуу лигийг байлдан дагуулах болов уу.
САНАЛ БОЛГОХ