Эдийн засгийг эмчлэх хөтөлбөр
ОУВС-гийн хөтөлбөрт эдийн засагчдын өгч буй үнэлгээ
Б.Мөнхсоёл /Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал/
-ОУВС-гийн хөтөлбөр орж ирэхгүй тохиолдолд валютын нөөц, ханшийн дарамт цаашид үлэмж хэмжээгээр нэмэгдэх эрсдэл байгаа. Эдийн засгийн идэвхжил зогсч, төсвийн бүрдүүлэлт улам хүндрэх, бүрэн хэмжээний хямралд шилжих зэрэг хүсээгүй сөрөг үр дагавар бидэнтэй тулгарахаар байсан. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон нь цаг хугацаа хожиж байгаа хэрэг. Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрт бид хамрагдаагүй бол гурван жилийн дараа гэхэд одоо байгаагаас илүү хэцүү байдалд орох байсан. Тиймээс гурван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр төсөв, мөнгөний бодлогыг сахилга баттай болгохоор байгаа. Зөвхөн төсөв, мөнгөний бодлогод зохистой өөрчлөлт гаргаад зогсохгүй эдийн засагт тэнцвэрээ олох боломжийг олгох давуу талтай.
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛД БОДИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА
Б.Түвшинтөгс /Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эдийн засагч/
-Хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн онцлох нөлөө. Бодлогын тогтолцоогоо сахилга баттай болгосноор макро эдийн засгийн тогтолцоогоо нарийн тодорхойлно. Ингэснээр тогтвортой бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд хямрал, хүндрэлтэй нэг бус бид тулгарч л байсан. Харамсалтай нь, тэр болгоноос суралцаж, алдаанаасаа сургамж авч чадсан уу гэвэл эргэлзээтэй. Улсын нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьд хүрсэн. Төсвийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсэн нь одоогийн хүндрэлийн бодит шалтгааны нэг. Хөтөлбөрийн шууд бус нөлөөллийг орхиж болохгүй. Төлбөрийн тэнцэл, төсөв, мөнгөний бодлогод бодитой өөрчлөлт гарна гэж харж байна.
ХЯМД ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОЛДОЦ НЭМЭГДЭНЭ
Б.Лакшми /Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал/
-ОУВС нь аливаа улс орны хувьд санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь болдог. Тус байгууллагын хөтөлбөрт хамрагдсанаар бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалтын олдоц нэмэгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд төсвийн зардлаа хэт тэлж, алдагдлаа өрөөр санхүүжүүлж ирсэн. Үүний нөлөөгөөр өрийн дарамт огцом нэмэгдсэн. Төсвийн орлогоо хэтэрхий өөдрөг төсөөлж, сахилга батаа алдсан. Үүний уршиг эдийн засагт гарч байна. Энэ он сорилтын жил. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэхээр байгаа.
» ОУВС нь аливаа улс орны хувьд санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь болдог.
» Хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн онцлох нөлөө.
» “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон нь цаг хугацаа хожиж байгаа хэрэг.
УРТ ХУГАЦААНД ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ
Ч.Отгочулуу /Эдийн засагч/ -Хэрвээ төсвийн сахилга батыг бариад, үрэлгэн төсөв баталдаггүй, Засгийн газар шуурхай ажиллаж, том төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байсан бол бид хөтөлбөрт хамрагдахгүй байж болох байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татан, валютын нөөцөө нэмэгдүүлсэн бол нөхцөл байдал одоогийнхоос харьцангуй сайн байх байлаа. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж байна. Төр засгийн алдаатай бодлогын ачааг хувийн хэвшилд үүрүүлэх нь зохимжгүй. Хувийн хэвшил маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс төсвийн алдагдлаа бууруулах үүднээс захиргааны шинжтэй зардлаа танах хэрэгтэй.
Мөн нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр урт хугацаанд эдийн засагт эерэг нөлөөтэй. ОУВС-гийн хөтөлбөрөөс гадна бизнесийн орчны хүнд суртлыг бууруулж, төрийн оролцоог хумих хэрэгтэй. Түүнээс гадна зөвхөн хөтөлбөрт 100 хувь найдаад зүгээр сууж болохгүй, боломж, бололцоогоо ашиглах ёстой.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй