Бодит үнэ цухуйж эхлэв

Түүхий эд

Ирэх улирлуудад зэсийн ханш эргэн буух магадлалтай байна

Хэдхэн хоногийн өмнө 6100 ам.долларыг давж, хоёр жилийн дээд цэгт хүрч байсан шаргал металлын ханш уруудав. Лондоны металлын биржид пүрэв гарагт зэсийн үнэ 5765 ам.доллар болтлоо гулсчээ. Үнэ 4000 ам.доллараас хэтрээгүй жил гаруй хугацаатай харьцуулахад энэ бол сэргэлт. Гэвч арайхийн өндийсөн өсөлтөө даруйхан алдаад эхэлсэн нь энэ.

Өнгөрсөн долоо хоногт зэсийн хамгийн том хэрэглэгч, зах зээл дэх нийт нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан. Шаргал металлын зах зээлд хэтэрхий том байр суурь эзэлдэг Хятад хурдаа ийн татсан нь зэсийн ханшид бүрхэг таамаг дагууллаа. Гэхдээ урд хөрш эрэлтээ хумих атлаа дотоодын гарцаа өсгөхөөр төлөвлөчихөж. Хятадын зэсийн баяжмалын хоёр дахь том үйлдвэрлэгч “Jiangxi Copper” компани гарцаа нэмнэ гэдгээ энэ сарын эхээр мэдэгдлээ. Ингэснээр урд хөршөөс улбаалсан мэдээллүүд зэсийн ханшид дарамт болов.

Уг нь өнгөрсөн оны сүүлчээс эхлээд хөрөнгө оруулалтын томоохон банкууд зэсэд ихээхэн итгэл хүлээлгэсэн юм. Энэ оны эхний хагаст 6000 ам.доллараас буухгүй хэмээн таамагласан. Зэс ч итгэлийг төдий л алдаагүй. Гэвч хэт найдах хэрэггүй гэдгийг уг металлын сүүлийн үеийн ханшийн муруй сануулсаар байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бүтээн байгуулалтын амлалтаас үүдэн зэсийн эрэлт өсөх хүлээлт олон улсын зах зээлд үүссэн. Гэхдээ гарт баригдаж, нүдэнд харагдахаар ахиц одоогоор алга. Нөгөө талд, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх магадлал өндөр буйгаас ам.долларын ханш чангарах төлөвтэй байна. Энэ хэрээр томоохон дэд бүтцийн төслүүдийн санхүүгийн өртөг нэмэгдэж мэдэх нь. Мөн Герман, Франц зэрэг Европын томоохон эдийн засгуудад энэ онд улс төрийн сонгууль болно. Сонгуулийн дүн барууны орнуудын зэсийн эрэлтэд шийдвэрлэх нөлөө үзүүлж магадгүй.

» Зах зээл дэх нийт нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан
» Хятадын зэсийн баяжмалын хоёр дахь том үйлдвэрлэгч “Jiangxi Copper” компани гарцаа нэмнэ гэдгээ энэ сарын эхээр мэдэгдлээ.
» Зэсийн баяжмалын экспортоос улсын төсөвт энэ онд нийт 600-гаад тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн.
Энэ мэт шалтгаанаас үүдэн шинжээчид шинэ таамаг дэвшүүлж эхэллээ. Ирэх улирлуудад зэсийн ханш эргэн буух магадлалтай байна. Хэрэв бүүдгэр таамаг биеллээ олбол экспортын нийт орлогынхоо гурав хуваасны нэгийг зэсийн баяжмалаас бүрдүүлдэг Монгол Улсад эерэг үр дүн авчрахгүй. Зэсийн баяжмалын экспортоос улсын төсөвт энэ онд нийт 600-гаад тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн. Манай зэсийн салбарын гол тоглогч “Оюутолгой” компани 850 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 462.3 тэрбум төгрөгийн татвар төлөх тооцоотой. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр 650 мянган тонн зэсийн баяжмал, 4219 тонн молибдены баяжмал олборлож, 175.4 орчим тэрбум төгрөгийн татвар, ногдол ашгийн орлогыг төвлөрүүлэх аж. Олон жилийн турш манай зэсийн салбарын ганц дайчин байж ирсэн энэ үйлдвэр “Оюутолгой” хэмээх ханьтай болсноор дэлхийн зэсийн зах зээл дэх Монголын байр суурийг бататгаж буй. Ялангуяа зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын зах зээл дэх манай байр суурь тэлсээр байгаа юм.

Хоёр жилийн дээд цэгт хүрсэн байсан шаргал металлын ханш уруудав

Олон улсын зэсийн судалгааны группийн энэ сарын эхээр танилцуулсан статистикийг үзвэл 2020 он хүртэл зэсийн үйлдвэрлэл 2.5 хувиар тэлэхээр байна. Энэ өсөлтийг Чили, Хятад, Конго, Перу улс бүрдүүлнэ. Мөн дэлхийн зэс хайлах үйлдвэрийн хүчин чадал өснө. Энэтхэг, Казахстан, Мексик, Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрээ нэмэх болон шинээр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэ оны эхний сард манай улс 130 гаруй мянган тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Гэвч бидний хувьд тоо биш, үнэ чухал. Зэсийн үнэ гэрлийн хурдаар унаж эхэлсэн нь ханш сэргэх болоогүйг харуулж байна. Нөгөө талд, урд хөршийн үйлдвэрлэгчид гарцаа нэмж, нийлүүлэлт илүүдсэн зах зээлд үер буулгаж мэдэх нь.

САНАЛ БОЛГОХ