Г.Гончиг Ахмад сэтгүүлч
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны газарт ажиллаж байсан, одоо БНХАУ-аас Швейцарийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны эдийн засаг- худалдааны газарт ажилладаг Ван Суань дипломатчийн бичсэн нийтлэлийн төгсгөл.
Дөрөв. Хөдөлмөр эрхлэлт
Монголд ирснийхээ дараагийн өдөр л би цуварч ирсэн хэд хэдэн хятад ажилчин хүлээн авч уулзлаа. Тэд хэрхэн залилуулсан түүхээ, барилгын талбай дээр Монголын хамгаалалтын албаныханд хэрхэн дээрэлхүүлдэг, тэндээс хэрхэн зугтсан гээд хоёр хоног хоолгүй явж байгаагаа ам мэдэн ярьж гарав. Миний дэргэд 40-50 насны 10 гаруй хятад ЭСЯ-ныхаа гадаа мандаж байгаа таван одот улаан далбааг хараад яг л балчир хүүхэд шиг уйлж байлаа.
Тэдний хүсч байсан зүйл нь залилуулсан мөнгөө буцааж авах биш. Ажилласан хөлсөө авах бүр ч биш. Зөвхөн эх орондоо буцах явдал л байв. Би тэдэнд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй, албаныхаа нэг нөхрөөс зээлсэн мөнгөний талыг өгч, юуны өмнө хоол олж ид гэж явуулснаа тодхон санагдаж байна.
Тэр өдрөөс эхлээд миний утасны дугаар ЭСЯ-ны вэбсайтад тавигдаж, хууль бусаар ажиллагсад болон тэдгээрийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааныг өдөр бүр 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэх ажил эхэлсэн юм даа.
Монголд ажилласан хоёр жил таван сарын хугацаанд нийт 5000 гаруй гомдлыг утсаар, 4000 гаруй гомдол мессежээр хүлээн авч, 100 гаруй удаа ажлын талбар дээр нь очин шийдвэрлэсний 6000 гаруй нь Монголд ажилласан хүмүүстэй холбоотой асуудал, хэргүүд ярайж байв.
Монголд ирж ажиллаж буй хятад иргэдийн ихэнх нь барилгын ажилчид бөгөөд бүгд Хятадын Төрийн Зөвлөлийн “Гадаадад хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааг зохицуулах журам” зөрчиж, ямар ч хөдөлмөр эрхлэх гэрээ, бичиг баримтад гарын үсэг зуралгүйгээр, хууль бус зуучлагчдаар дамжин, эсвэл шууд ажил гүйцэтгэгчтэй хамт Монголд орж ирсэн хүмүүс байдаг юм билээ. Анхандаа гадаадад гарч ажиллавал сард ойролцоогоор 20000 юань олох боломжтой гэсэн ойлголттой ирээд, үр дүнд нь 4-5 сар зовж ажилласныхаа эцэст цалингаа ч авч чадахгүйд хүрнэ. ЭСЯ руугаа утсаар ярьж, мессеж бичиж гомдол мэдүүлж суудаг. Зарим нь бүр “9 дүгээр сарын Улаанбаатарт өвлийн хүйтэн орж, гадаа цас хунгарлан орлоо, хөөрхий ажилчин би дан хувцастай унтаж, цалин ч байхгүй зовж байгааг үгээр илэрхийлэхэд хэцүү” гэх шүлэг хүртэл бичсэн гээч.
Ийм нөхцөлд бид тэднийг зохицуулахаас аргагүй. Гол хариуцаж байгаа байгууллага нь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж. Иймд хятад хүндээ аль болох цалинг нь өгүүлэхээр ярьж, эх оронд нь буцаадаг. Зарим ажилчин бизнес айлчлалын болон аяллын виз авч Монголд орж ирчихээд ажил хийдэг нь өөрийн улсын хууль журмыг зөрчөөд зогсохгүй Монголынхыг ч зөрчиж байгаа хэрэг юм. Монголын хуульд зааснаар Монголд хөдөлмөр эрхлэх гэж буй гадаадын иргэн Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрсөн ажиллах визээр орж ирдэгээс гадна оршин суух үнэмлэх авах ёстой.
Ийм ажилчдын нөхцөл ч тийм сайнгүй. Тэд Монголд ирээд ажлын талбай дээрээ хамгийн хүнд хэцүү ажлыг хийдэг. Хэдэн хятад ажилчин ажлын талбай дээрх дарамтыг тэсэлгүй гарч зугтан, хэл нэвтрэлцэхгүй, танихгүй газар 4-5 цаг тэнэж явсны дараа ЭСЯ-аа нэг юм олж ирээд, тусламж гуйсныг би санаж байна. Би хамт ажилладаг нөхрөө дагуулан тэднийг даган машинаар бүхэл оройжингоо хайж хайж, хотоос 10 гаруй километр зайтай ажиллаж байсан газар нь олж очсон. Аравдугаар сарын үед цас, бороо холилдон орж байсан ч өвлийн хүйтэн тэр өдөр тэдгээр 7-8 хүн ачаагаа үүрээд ажлынхаа газраас төв зам хүртэл биднийг даган алхахдаа баярлан, талархсан сэтгэлээ тасралтгүй илэрхийлж явж билээ.
Өглөө үүрээр, эсвэл амралтын өдрүүдээр ч гомдол мэдүүлсэн иргэд тасралтгүй утсаар ярьдагт би хэдийнэ дассан бөгөөд тэдгээр хүмүүст аль болох туслахыг боддог байв. Заримдаа ч үнэхээр уур хүрмээр үе тохиолдоно.
Заримынх нь мэдлэг, боловсрол ч үнэхээр тааруухан. Гадаадад олон жил ажиллаж, цөөнгүй орнуудаар явсан ч аль ч улсад нь тав тухтай ажиллаж чадаагүй 100 гаруй тооны хүмүүс нэг удаа ЭСЯ-ны гадаа ирж бүчин зогслоо. Манай 60 гаруй настай зөвлөх тэдний асуудлыг зохицуулах гэж цагдаагийн газар шөнийг өнгөрөөж, 10 гаруй цаг зогсохдоо ганц балга ус ч уугаагүй. Харин нөгөө ажилчдыг цагдаагийнхан авч явж зохицуулах үед тэд өөрсдийгөө ажил хийж чадахгүй, зодолдож л чадна гэцгээж. Монголын цагдаагийнхны байцаалтыг эсэргүүцэж байсан тул тэднийг хорьж саатуулсан. Бид дахин баахан цаг зарцуулж арга чарга хайсаар тэднийг шоронд орох аюулаас гэтэлгэж билээ.
Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд харьцангуй хурдацтай хөгжиж, хотын бүтээн байгуулалт тэр дундаа орон сууц барих төрөл бүрийн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тэдгээрт их хэмжээний ажиллах хүчин нэн шаардлагатай. Гэтэл Монголын өөрийнх нь ажиллах хүч ур чадвар муугаас гадна хүнд хүчир ажил хийх дургүй, хийж ч чаддаггүй. Иймд Монгол дахь гадаадын барилгын бизнесс эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хятад ажилчдыг ажиллуулах сонирхолтой.
Гэвч Монгол Улсын хуульд аль нэг гадаад орноос ирэх хүний тоо 30000-аас хэтэрч болохгүй гэсэн заалт байдгаас хятад ажилчдад олгох ажиллах визний тоо жилд 20000-д хүрдэггүй нь бодит хэрэгцээг хангаж чаддаггүй. Тиймээс мөнгө олох мөрөөдөлд хөтлөгдсөн хууль бус ажилчид Эрээн-Улаанбаатар чиглэлийн вагоноор өдөрт хэдэн зуугаараа Монголд орж ирнэ. Тэд өөрийгөө хамгаалах чадвар, хуулийн мэдлэг муутай учраас ямар нэгэн асуудал гарахад Засгийн газрыг шийдвэрлэж өгөхийг шаарддаг. Хэдийгээр бид Монголд ирж ажиллахад тулгардаг янз бүрийн асуудлын талаар төрөл бүрийн сувгаар тасралтгүй мэдээлж, сурталчилдаг ч асуудал үүсэхийг зогсоож чадахгүй, “Иргэдийн төлөө” гэсэн хариуцлагаа ухамсарлан хятад ажилчдын асуудлыг нэг нэгээр нь нааштай шийдвэрлэхээс аргагүй.
Вагон дүүрэн хятад ажилчдыг амжилттай буцаасны дараа тэдний илгээсэн талархлын мессежийг хүлээж авах бүртээ би тэднээс “Монголын юу нь сайхан болоод Та нар энд ирж ажилладаг юм бэ?” гэж асуухад тэд “Бид анхандаа гадаад улс л бол сайхан гэж боддог байсан. Гэхдээ ирснийхээ дараа өөрийн улсаас минь сайхан газар байхгүй гэдгийг мэдэрдэг” гэж хариулж байв. Яриа дуусаагүй байхад л дахиад шинэ дуудлага ирнэ.
Тав. Харилцаа
2013 оны аравдугаар сарын сүүлээр өвлийн халаалт ирснээс хоёр сарын дараах нэгэн өдөр ЭСЯ-наас хуваарилсны дагуу би Монголын инженерийн чиглэлийн хамгийн сайн сургууль болох ШУТИС дээр “Миний Хятадад өнгөрүүлсэн 30 жил” гэсэн сэдвээр лекц уншив. Би тэдэнд миний төрөх үеийн, балчир насны маань Хятад орон ямаршуу нөхцөл байдалтай байсан талаар ярьлаа. Эцэг, эхийн маань гэрлэж байх үед бугуйн цаг, унадаг дугуй, оёдлын машин гэсэн “3 чухал зүйл” байсан. Аав маань гэрлэх үедээ мөнгө ч байхгүй, талон ч байхгүй байсан тул ээж бусад эмэгтэйчүүдээс илүү азгүй хүн болсон. Азтай зүйл нь гэвэл ээж ямар ч байсан аавтай суусан, тэгээгүй бол би энд зогсоод Та нартай ярилцаж чадахгүй байлаа хэмээн би ярилаа. Мөн тэдэнд ноднин жил Монголд ажиллахаар ирэхээс нэг сарын өмнө хам хум хуримаа хийсэн ч бидний хурим аав, ээжийн маань тэр үед зүүдэндээ ч мөрөөдөж чадахгүй сайхан хурим болсон талаар ярьсан. Бид сайхан амьдралыг мөрөөдөж Хятадын хамгийн том хот болох Бээжинд амьдрахаар сонгосон тухай ярьсан. Энэ бүхэн нь Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн замаар тууштай замнаж буйтай холбоотой талаар юм.
» Залилуулсан мөнгөө буцааж авах биш, ажилласан хөлсөө авах бүр ч биш, зөвхөн эх орондоо буцах явдал л байв.
» Монголд ажилласан хоёр жил таван сарын хугацаанд нийт 5000 гаруй гомдлыг утсаар, 4000 гаруй гомдол мессежээр хүлээн авсан.
» Монголын өөрийнх нь ажиллах хүч ур чадвар муугаас гадна хүнд хүчир ажил хийх дургүй, хийж ч чаддаггүй.
Бодит зүйл хамгийн үнэмшилтэй байдаг. Танхимд байсан монгол оюутнууд миний түүхийг сонсоод өөр нэгэн Хятад орныг таньж мэдсэн шиг санагдсан. Бас өөрийн улсынхаа итгэл найдварыг олж харсан байх. Надаас тасралтгүй асуулт асууж, Хятадад суралцаад буцаж эх орондоо ирснийхээ дараагаар Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын харилцааг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхээ тэд ярьж байв. Ганцхан цагийн богино хугацаанд ярилцсан ч харилцан ойлголцол маань гүнзгийрсэн. Хол байсныг ойртуулсан. Харамсалтай нь, энэ маягаар ярилцах боломж тун бага юм билээ.
Зургаа. Төгсгөх үг
Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн хот, нэг жилийн найман сард нь өвөл үргэлжилдэг, хамгийн хүйтэн үедээ хасах 50 градус хүрдэг. Найман сар үргэлжлэх өвлийн улиралд өндөр хэмжээний хүхэр агуулсан нүүрс түлж дулаанаа хангадаг. Дээрээс нь хэдэн зуун мянгаар тоологдох ядуу өрхүүд нь мод, хог, хуучин машины дугуй шатааснаас үүсэх хорт утаа, тоос шороо, мөн машины түлшнээс үүсэх утаа зэрэг нь салхигүй үед хонхор газарт бүгд тунарч, тэнгэр бүрхэн, хурц үнэр нь хамар цоргиож, мөд арилахгүй. Бохирдол нь PM2.5 байтугай PM25-ын стандартын хэмжээг ч хэтрэх тул дэлхийн дээр агаар нь хамгийн ихээр бохирдсон нийслэл хот юм. Гэхдээ хавар, зун, намрын дөрвөн сард нь хөх тэнгэрт үүл гийж, тал нутаг налайж, зураг мэт сайхан. Өвөл ийм урт тул бид урин дулааны цагийг илүү ихээр хүлээдэгсэн.
Долоо. www.ifeng.com сайтын редакторын тэмдэглэл
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад хийсэн дөрвөн өдрийн айлчлалаа дуусгаж, өчигдөр Бээжинд буцаж ирэв. Энэ удаагийн айлчлалаар Ерөнхий сайд хойд хөрштэйгөө хоёр талын хамтын ажиллагааны 15 баримт бичигт гарын үсэг зурсан төдийгүй АС ЕМ-ын ирэх 10 жилийн хөгжилд Хятадын талаас оруулах хувь нэмэртэй холбоотой төслийг танилцуулсан. Мөн Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудал дээр өргөн дэмжлэг авч, Хятадын найзуудын хүрээг тэлж чадлаа. Ерөнхий сайдын энэ оны анхны айлчлал амжилттай болж өндөрлөв. Олон хятад хүний нүдэнд Монгол Улс буюу “Ар Монгол” нь гэрээсээ холдоод удаагүй хүүхэд мэт, мөн чанартаа бол Өвөр Монголоос ялгаагүй мэт харагддаг. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийнхний нүдэнд Монгол Улс ардчилсан орны жишиг, эдийн засгаа хурдацтай өсгөж чадсан шинэ “гайхамшиг”, дараагийн Дубай мэт харагдах болсон. Бээжингээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хүрэхэд 1160 км. Ийм ойрхон мөртлөө Монголын талаарх бидний ойлголт асар хол мэт ажгуу.