Сонгуулийн тухай хууль зөрчилдөөн бүхий тодорхойгүй заалтуудтай, цөөнгүй дутагдалтай хууль болсон гэв
УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-нд баталж, дараа нь өөрчлөлт оруулсан Сонгуулийн тухай хууль нь зөрчилдөөн бүхий тодорхойгүй заалтуудтай, цөөнгүй дутагдалтай хууль болсон гэж олон улсын ажиглагчид дүгнэлээ. Энэ талаар Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газраас гаргасан тайланд онцолсон байна. Мөн сонгуулийн үйл ажиллагааг хариуцаж буй байгууллагуудын ил тод байдал хангалттай биш байна гэж дүгнэжээ. Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газрын ажиглагчид Монгол Улсын Засгийн газрын урилгаар Парламентын сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар өнгөрсөн сард хүрэлцэн ирсэн юм. Сонгуулийн хуулийн талаарх Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсан. Мөн гадаадад ажиллаж амьдарч буй 150 мянга орчим монголчууд сонгуульд оролцох боломжгүй болсон зэрэг сонгуультай холбоотой үйл явцын мэдээллийг 20 улсын 20 гаруй ажиглагчийн оролцоотойгоор гаргасан энэхүү тайланд дэлгэрэнгүй оруулсан байна. Үүнээс гадна сонгуульд оролцохоор үнэмлэхээ авсан 498 нэр дэвшигчийн 26 хувь нь эмэгтэйчүүд байгаа ч 76 тойргийн 27-д нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөөгүй талаар дурджээ. Мөн сонгууль дуусахаас өмнө сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээ тайлагнахыг хуулиар шаардаагүй гэж онцолсон байна. Түүнчлэн Монгол Улсын хэвлэл, мэдээллийн салбар хөгжиж байгаа ч улс төрийн нөлөө байгааг Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газраас гаргасан тайланд дурджээ. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын эзэмшлийн бүтэц ил тод биш байна гэж дүгнээд, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө улс төрийн намуудын төлбөртэй нэвтрүүлэг давамгайлсан хэмээн онцолсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй