"Тархи угаадаг" кальци
Эрүүл мэнд
Монголчууд үр дүн муутай, хямд кальци уудаг
Дэлхийн эрүүл мэндийн салбарынхан ясны сийрэгжилт өвчин хөгжингүй орнуудад туйлын өндөр байгааг цохон тэмдэглээд энэ өвчнийг “Чимээгүй тахал” хэмээв. Ясны эдийн нягт алдагдах, яс сийрэгжих, үе мөчний үрэвсэл зэрэг нь удаан хугацаанд үүсч, эхний үедээ мэдэгддэггүй учир ийн нэрлэдэг байна. Одоогийн байдлаар олон улсад гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэг нь ясны эдийн нягт буурсан, эсвэл ясны сийрэгжилттэй болжээ.
Харин Монголд ясны сийрэгжилтийг шинэ өвчин гэж болно. Тиймээс зөв зохистой эмчлэх, тогтоох арга дөнгөж хөгжиж буй. 50 нас гарсан Г.Ганаа гуайн шүд саяхан анх удаагаа өвдөж, гайхсан тэрбээр дүү нартаа дуулгасан гэв. Тэрбээр “Би өөрөө ч, хүүхдүүд маань ч хатуу ааруулд маш их дуртай. Зун зусланд гарахдаа байнга л шинэ тараг, ааруул, цагаан идээ түлхүү хэрэглэдэг юм. Миний шүд анх удаа саяхан л өвдлөө, эмнэлэг орохоос айж байна шүү” хэмээн ярилаа. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, хүн төрөхөөс эхлэн кальцийн хэмжээ нэмэгдсээр 25-30 насанд оргилдоо буюу 100 хувьд хүрдэг. Гэтэл монгол залуучууд энэ оргил үед нь кальци хангалттай авч чадахгүй байгаа тул эргээд уруудахад нь улам дорддог байна.
Ийнхүү кальцийн дутагдалд орж, үе мөч, яс өвдөх, бэртэх, таргалах хандлагатай болсон нь олон шалтгаантай. Нэн тэргүүнд Монгол орны байгаль, уур амьсгалд зохицсон, олон зууны туршид идэж ирсэн хоол, ундны дэглэм алдагдсан, мөн хөдөлгөөний дутагдал, даарч хөрөх, амьдралын буруу хэвшил зэргээс үүдэлтэй. Үүнээс болж ясны нягт буурах, яс сийрэгжих, үе мөчний өвчин жил ирэх тусам улам залуужих хандлагатай болсныг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мөн хүйтэн сэрүүн уур амьсгалд даарч хөрснөөс цусны эргэлт удааширч, үүнээс улбаалан бие эрхтнүүд цусаар дамжин очих тэжээл, амин дэмээр дутагдана. Түүнчлэн яс, үе мөч шим тэжээлийн дутагдалд орж сийрэгжих, шохойжих, ясны гаж ургалт ч үүсдэг байна. Зун богино, экваторын байршлаас хамааран нар эгц шулуун тусдаггүй тул биеийг бүрэн халхалсан хувцас өмсдөг. Энэ нь витамин D3-ийг хангалттай авч чадахгүй байх шалтгаан болдог байна.
Дараагийн нэг асуудал нь хооллолт. Монголчууд өнөөгийн хэрэглэж буй хүнсээрээ хангалттай кальци, эрдэс, аминдэмийг цогцоор авах огт боломжгүй. Хүний өдөрт авах зохистой кальци хэмжээ нь 1000-1300 мг боловч монголчууд дунджаар 300-500 мг кальци л авдаг аж. Энэ нь өвөл, зун ялгаагүй мах идэж, хагас боловсруулсан, бэлэн хоол хүнс хэрэглэж, архи согтууруулах ундаа, өтгөн цай, кофе, хийжүүлсэн ундааны хэрэглээ нэмэгдсэнтэй шууд холбоотойг мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байгаа.
Уураг ихтэй хоол хүнс буюу махыг ихдүүлэхэд кальци, фосфорын харьцаа алдагддаг байна. Ингэснээр фосфор ихдэж кальцийг угааж биед шингээлгүй гадагшлуулдаг байна. Харин цагаан идээ, ялангуяа сүү нь кальцийг цуснаас ясанд шингээх үүрэгтэй магни маш бага агуулдаг ажээ.
Ясны эд эсүүд хэрэгцээт кальцийг тогтмол авч байх ёстой. Ингэж чадахгүй бол яснаас нөхөж, улмаар яс сийрэгжиж, нягтаа алддаг аюултай. Хүнийг кальциа алдах, авах явц тэнцүү байх учиртай. Гэвч нас ахих болон бусад олон янзын шалтгаанаар энэ тэнцвэр алдагдаж, ясны эд эс цөөрч ясны нягт буурах өвчлөлд хүргэдэг. Цаашид энэ нь даамжирч ясанд нүх, сүв үүсч хэврэгшин, амархан хугарч, тахир татуу болох эрсдэл өндөр.
Ясны сийрэгжилт, кальцийн дутагдал нийтийг хамарч байгаа нь нэг асуудал. Харин үүнийг зөв зүйтэй эмчилж чадаж байгаа эсэх нь дараагийн тулгамдаж буй асуудал юм. АНУ кальцийн үйлдвэрлэл, нэр төрөл, тоогоороо дэлхийд дээгүүр бичигддэг. Харамсалтай нь, тус орон кальцийн дутагдлаараа ч толгой цохидог юм. Учир нь тус улсад үйлдвэрлэдэг кальцийн дийлэнх нь хамгийн хямд өртгөөр хийсэн үр дүнгүй бүтээгдэхүүн байдаг байна.
Кальцийг гурав ангилна. Нэгдүгээрт, бидний сайн мэдэх шохойн чулуунаас гаргаж авдаг кальци карбонат. Үүнийг хана, тааз шохойдоход ашигладаг шохойн чулууг шатааж, цэвэрлэн гаргаж авдаг. Энэ төрлийн кальцийг дангаар нь уувал эд эрхтэн, яс шохойжих аюулгүй. Гэхдээ ясанд шимэгддэггүй тул хөлс, өтгөнөөр шууд гадагшилна. Хямд бөгөөд үр дүнгүй гэсэн үг. Хоёр дахь нь нийлэгжүүлсэн, органик хүчиллэг кальци. Энэ нь эм болохоос хүнс биш юм. Үүнийг өдөр тутам хэрэглэх шаардлагагүй. Гурав дахь ангилал нь байгалийн гаралтай буюу ургамал, мал амьтнаас гаргаж авсан кальци. Ургамалд агуулагдах кальци маш бага тул хүний хэрэгцээг хангадаггүй. Бидний кальциас нь болж уудаг үнээний сүү ч өдрийн хэрэгцээний өчүүхэн бага хэсгийг хангадаг гэж химич профессор Д.Дэмбэрэлням хэлсэн юм. Тодруулбал, бид нэг өдрийн кальцийн хэрэглээгээ нөхөхийн тулд үнээний дөрвөн литр сүү уух шаардлагатай. Тугал л биш бол өдөрт энэ дайны сүү уух боломжгүй шүү дээ. Тэрчлэн сүүлийн үед гадаад фермийн үнээнүүд сүүний машин шиг болж, хиймлээр үр суулгуулан тасралтгүй хээл хаяж, төрөл бүрийн эм, антибиотик уудаг. Урд хөршөөс ирдэг хуурай сүүтэй хольсон ийм сүүнээс кальци авна гэдэг нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг болж мэднэ.
Кальцийг дангаар нь уувал ясны сийрэгжилтийг эмчлэх боломжгүй
Малын ясанд маш их кальци, маханд нь уураг, чанартай өөхөнд А, Е, Д, К аминдэм омега, коллаген агуулагддаг. Нэг хэсэг дэлхий нийтээр үхрийн яснаас гаргаж авсан кальцийг их хэрэглэсэн. Гэвч малын халдварт өвчнөөс болж ихэнх оронд хоригложээ. Одоо Шинэ Зеланд тэргүүтэй цөөн оронд л энэ төрлийн кальцийг үйлдвэрлэж байна.
Хүний яс кальциас гадна коллаген, кальцийн гидроксид апатитын нано ялтсуудаас бүрддэг химийн нарийн, цогц бүтэцтэй. Коллагенгүйгээр яс хуурай гурилтай л адил. Тиймээс кальцийг дангаар нь уувал ясны сийрэгжилтийг эмчлэх боломжгүй. Коллагеныг нийлэгжүүлдэг С аминдэм, Д, К витамин тэргүүтэй хэд хэдэн нэмэлттэй ууж байж үр дүнд хүрдгийг анагаах ухаан хөгжсөн орнуудад судалж илрүүлээд удаж буй.
Харин эмч нар кальци, эмийн сангийн нэрийг яг тодорхой зааж өгөөд явуулдаг болж. Мэдлэг дутмаг, иргэд ийнхүү эмчлүүлэх нэрээр мөнгөө салхинд хийсгэх явдал манайд элбэг. Монголчуудын 99 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэсэн мэдээллээр бизнес хийн Д аминдэмийн зохисгүй хэрэглээг түгээсэн хувь хүн, байгууллага бишгүй олон гарсан. Үүнтэй адилхан кальцийг ч гэсэн бизнес болгохгүйн тулд иргэд мэдлэгтэй байх хэрэгтэй байна.
ЗГМ:ТОДРУУЛГА
Хамгийн шим тэжээлтэй хүнсээ хаяж, хэрэггүйг нь идэж байна
Кальцийн үүрэг болон зөв зохистой хэрэглээний талаар Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн Эрдэм шинжилгээ туршилтын төвийн захирал, МУИС-ийн Хими, химийн инженерийн сургуулийн профессор Д.Дэмбэрэлнямтай ярилцлаа.
-Эмч нар “Тэндээс яг энэ кальцийг аваарай, өөр газар байхгүй шүү” гээд орос кальци зааж өгч байна. Үнэхээр сайн юм уу?
-Эмийн бизнес газар их авч байна. Эмч тодорхой нэг эм бичиж өгвөл тухайн газраас урамшуулал авдаг сүлжээ мэтийн зүйл үүссэн. Тухайн кальци үнэхээр үр дүнтэй, эсэхийг лабораторид шинжлээд үр дүнг нь баталчихсан зүйл байдаггүй. Манай хүмүүс ихэвчлэн ам дамжин мэдээллээр кальци авч хэрэглэдэг.
-Кальци ямар үүрэгтэй вэ?
-Кальцийн 99 хувь нь ясанд агуулагдаж, үлдсэн нэг хувь нь биеийн шингэнд чөлөөтэй оршиж байдаг. Яс бат бөх байх, цус шингэн, зүрх судасны системийн үйл ажиллагааг зохицуулах, булчингийн үйл ажиллагаа, тархины мэдээлэл дамжуулах гээд кальцийн үүрэггүй зүйл гэж байхгүй. Кальци хүнийг 150 орчим өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чадалтай.
-Кальци дутагдахаар эхлээд яаж мэдэгддэг вэ?
-Кали, кальци зэрэг шүлтлэг металлуудыг хоол хүнсээр авч чадахгүй бол бамбай булчирхайгаас паратеройд гэгч даавар ялгардаг. Энэ нь хүний биеийн яс, зөөлөн эдээс кальци болон бусад эрдсийг цус руу автоматаар татаж авдаг юм. Ингэхдээ хамгийн эхэнд зөөлөн эдээс авч, шохойжилт, диск суухаас эхлээд үе мөч өвдөнө. Сүүлдээ дутсан эрдсээ яснаас авч эдийн нягтыг нь бууруулдаг. Үүний дараагаар ясны сийрэгжилт гэдэг өвчин үүсч, амархан хугарах, эргэж эдгэхгүй байх, хэвтэрт орох зэрэг эрсдэлтэй.
-Хоол хүнсээрээ бүрэн авах боломжтой юу?
-Ер нь аль ч оронд хоол хүнсээр биед хэрэгтэй бүх аминдэм, эрдсийг авах боломжгүй. Аль нэг нь заавал дутагдаж л байдаг. Тиймээс л хүнсний нэмэлтээр нөхөх хэрэгтэй. -Гурван төрлийн кальци байдаг гэсэн. Хүнд аль нь тохиромжтой вэ? -Бидний хийсэн судалгаагаар бол амьтны ясанд агуулагдах кальци хамгийн үр дүнтэй. Арслан, бар, адуу тэргүүтэй хүчирхэг амьтдын яс бат бэх байдаг. Солонгост л гэхэд адуу ховор ч олдохоор нь эрчүүд махыг нь идэж, эмэгтэйчүүдэд яс нь л олддог байж. Гэтэл солонгос эмэгтэйчүүд далай руу шумбаж, далайн амьтан гаргаж зарах ажил хийдэг байлаа шүү дээ. Тэр чөмөг ташим хүйтэн усанд байнга орж байхад үе мөч нь өвддөггүй шалтгаан бол адууны ясыг үйртэл нь чанаж идээд, шөлийг нь уудаг байсных. Таван хошуу малаас адуу хог иддэггүй, гүзээ байхгүй, идсэн зүйлээ шууд шингээж, хэрэггүйг нь гаргадаг амьтан. Тиймээс түүний ясыг хүнсний нэмэлт болгож хэрэглэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 95 хувьд нь эерэг үр дүн гарсан.
-Эртний монголчууд кальциар дутаагүй гэдэг. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Өндөр настай хүмүүсийн ясан дахь кальцийн хэмжээ харьцангуй өндөр байгаа. Энэ нь тэдний уламжлалт хүнсээ хэрэглэж, амьдралын зөв хэвшилтэй байсантай холбоотой. Аль болох боловсруулаагүй хүнсийг өөрсдөө бэлдэж хэрэглэж байсан гээд олон хүчин зүйл бий. Үнээгээ саагаад шууд бүлээнээр нь балгачихдаг байсан бол одоо үйлдвэрүүд өндөр температурт халааж, элдэв химийн зүйлтэй холиод зарж байна. Манай өвөг дээдэс кальциар дутдаггүй байсан нь хоол хүнстэй нь холбоотой. Залуучууд өөх идэхгүй байна. Шил, мөгөөрс, бүлх гээд чанасан махны хамаг л хатуу хэсгийг хаяад, аль зөөлнийг нь иддэг. Гэтэл эрт үед хатуу эд хэсгийг нь хүүхдэдээ өгдөг байж л дээ, монголчууд. Түүгээр ч зогсохгүй өсөж яваа эмэгтэй хүүхдэд өвчүү өгч түүнээс нь юу ч хаялгүй иддэг байж. Хүүхэд залуучуудын дунд ясны өвчлөл их байгаа. Заавал буцаад хэдэн зууны өмнөх рүү “оч” гэж хэлэхгүй. Өвөг дээдсийн ур ухаан, анагаах ухааны орчин үеийн ололт амжилтыг хослуулсан зөв бүтээгдэхүүнээ судалж, сонгож хэрэглэх хэрэгтэй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй