Өрийн эмзэг байдлыг ОУВС-гийн аргачлалаар үнэлсэн

Ярилцлага

Зээлийн нэрлэсэн долларжилтын түвшин 5.4 хувиар буурсан

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Гангэрэлтэй ярилцлаа. Тус зөвлөлөөс “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г хагас жил тутам боловсруулан гаргадаг бөгөөд найм дахь дугаарыг энэ удаад онцолж байна.

-Санхүүгийн тогтвортой байдлын найм дахь удаагийн тайланд хадгаламж, зээлийн долларжилтыг авч үзсэн байна. Улсын хэмжээнд долларжилт ямар түвшинд байна вэ?

-Манай улсын хувьд хадгаламжийн нэрлэсэн долларжилтын түвшин 2016 оны эцсийн байдлаар оны эхнээс 6.2 хувиар өсөж, 32.6 хувьтай гарлаа. Хадгаламжийн долларжилт нэмэгдэх, зээлийн долларжилт буурах үзэгдэл нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн үргэлжилсэн уналтын үед эрчимжих хандлагатай байдаг. Учир нь, төгрөгийн ханш суларснаар банкны хадгаламж эзэмшигчдийн төгрөгт итгэх итгэл буурч, энэ нь валютын хадгаламжийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаас төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалж ирээдүйд төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх учир зээлдэгчид нар валютын зээлийг сонирхохоо больж, зээлийн хэмжээ буурахад хүргэдэг. Манай улсад зээлийн нэрлэсэн долларжилтын түвшин оны эхнээс 5.4 хувиар буурч, 19.1 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.

-Хадгаламжийн долларжилт өсөх, зээлийн долларжилт буурах үзэгдэл хэзээнээс идэвхжиж эхэлсэн бэ?

-Ам.долларын ханш төгрөгийн эсрэг эрчимтэй чангарч эхэлсэн үе буюу 2013 оны долдугаар сараас хойших хугацаанд энэ хандлага бий болсон.

-Монгол Улсын хадгаламжийн долларжилтыг бүс нутгийн ижил төстэй орнуудтай харьцуулахад нөхцөл байдал ямар байна вэ?

-Дэлхийн улс орнуудын долларжилтын түвшинг хадгаламжийн долларжилтын түвшингээр тодорхойлж ирсэн байдаг. Долларжилтыг бага долларжилттай буюу 10 хувь хүртэл, дунд буюу 10-30, их буюу 30 хувиас дээш гэж гурав ангилж байгаа. Энэхүү шалгуураар манай улс 32.6 хувьтай буюу өндөр долларжилттай орны тоонд орж байна. Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудын дундаж долларжилтын түвшинтэй харьцуулахад Монгол Улс 16.4 хувиар үзүүлэлт нь өндөр гарсан. -Долларжилт өндөр байх нь эдийн засагт ямар сөрөг нөлөө авчирдаг вэ? -Санхүүгийн системийн тогтвортой байдал болон мөнгөний бодлогын үр ашигтай байдалд долларжилт нь хүндрэл үүсгэдэг. Тухайлбал, долларжилт нь Төв банкны баримталж буй мөнгөний бодлогын үр нөлөөг бууруулах сөрөг үр дагавартай. Тэрчлэн төлбөрийн чадварын эрсдэл авчирдаг. Тиймээс хэвийн хэмжээнд байлгах нь чухал.

-Олон нийтэд долларжилт нь шинэ ойлголт. Энэхүү санхүүгийн нэр томъёог хэзээнээс түлхүү хэрэглэж эхэлсэн бэ?

-1990-ээд оны эхнээс хөгжиж буй улсуудын банкны системд долларын актив, пассивын хэмжээ мэдэгдэхүйц хувийг эзлэх болж, улмаар санхүүгийн долларжилт хэмээх нэр томъёог бий болгосон. Энэ үйл явц 2000-аад оны эхэн үе хүртэл хурдацтайгаар тархаж бодлого боловсруулагчдын хувьд санхүүгийн тогтвортой байдлын чухал асуудлын нэг болж хувирсан. Долларжилт нь тухайн улсын валютад итгэх итгэлийг илэрхийлэх үзүүлэлт. Инфляци, валютын ханш, мөнгөний нийлүүлэлт зэрэг макро үзүүлэлтээс гадна улс төр, институцийн чанараас долларжилт ихээхэн хамаарах нь бий. Тиймээс хадгаламжийн долларжилтыг бууруулах үүднээс макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна.
Долларжилт нь төлбөрийн чадварт хүндрэл үүсгэдэг
-Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн найм дахь дугаарт өрийн эмзэг байдлын үнэлгээг онцолсон. Ямар эрсдэл тулгарч байна вэ?

-Засгийн газрын өрийн эмзэг байдлыг Олон улсын валютын сангийн “Өрийн тогтвортой шинжилгээний аргачлал”-аар шинжилсэн. Эмзэг байдлыг үнэлэхэд таван хүчин зүйл гол нөлөө үзүүлж байна. Үүний нэг нь гадаад санхүүжилтийн хэрэгцээ. Өнгөрсөн оны урсгал дансны алдагдал, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний төлбөрийн нийлбэрээр тодорхойлдог уг үзүүлэлт 14.7 хувь байгаа. Энэ нь дээд анхааруулах түвшин 15 хувьд маш ойрхон үзүүлэлт болж байна. Өрийн эмзэг байдлын үзүүлэлтийг бондын өгөөжийн зөрүү, гадаад санхүүжилтийн хэрэгцээ, Засгийн газрын гадаад өр, гадаад валютын өр, богино хугацаат өрийн нийт өрд эзлэх хувь хэмжээний жилийн өөрчлөлтөөр нь үнэлсэн. Засгийн газрын өр эдгээр үзүүлэлтийн хувьд эмзэг буюу өндөр эрсдэлтэй гэж дүгнэж болохоор байгаа.

-Өрийн эмзэг байдлын үнэлгээний судалгааг өмнө нь хийж байсан уу?

-ОУВС-гаас Монгол Улсын өрийн эмзэг байдлын үнэлгээг өмнө нь нэг удаа хийж байсан. Сангийн яамны хувьд албан бус байдлаар уг судалгааг хийсэн удаатай. Харин шинэ тайланд багтсан судалгааг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтран тусгай Ажлын хэсэг гарган хийснээр албан ёсоор өрийн эмзэг байдлыг үнэлж, эрсдэлийг тодорхойллоо.

-Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх дотоод нөөц бололцоо хэр байна вэ?

-Засгийн газрын дотоодод гаргасан үнэт цаасны хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд нийт мөнгөний нийлүүлэлтийн 25 орчим хувьтай тэнцэж байсан бол 2016 онд төсвийн алдагдал эрс нэмэгдсэн. Дотоодын зах зээлээс төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал байгаагийн зэрэгцээ өрийн дарамтыг улам бүр нэмэгдүүлэхээр байна.
САНАЛ БОЛГОХ