Татварыг дүрмийн хүрээнд тогтоох хэрэгтэй

Нийтлэл

Дотоод сонгуулийн хороо эрх мэдлээ хэтрүүлж дэнчин, хураамжийг тогтоосон

Ардчилсан намын бүх шатны намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох санал хураалт ирэх сарын 2-нд орон даяар болно. Ингэхдээ шат, шатны сонгуульд нэр дэвшигчид бүртгүүлэхдээ дэнчин, хураамж төлөхөөр дотоод журамдаа заасан. Тухайлбал, нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая төгрөгийн дэнчин төлнө.

Тэгвэл Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос үүнийг эсэргүүцэж, дотоод сонгуулийг хойшлуулах хүсэлт тавив. Энэ талаар УИХ- ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Намд хийх шинэчлэл хаалттай нөхцөлд болж байна. Намын дүрэмд оруулсан шинэчлэлийг Улсын дээд шүүхээр бүртгүүлээгүй байтал Дотоод сонгуулийн хороо эрх мэдлээ хэтрүүлж дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоосон. Энэ нь өмнөх дэнчин, хураамжаас зургаа дахин өндөр. Зөвхөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхийн тулд дэнчин болгож гурван сая төгрөг төлнө. Мөн сонгуулийн хураамж болгон гурван сая төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Өмнө нь нэг саяыг төлдөг байсан бол одоо зургаан сая төгрөг төлөхөөр боллоо. Тогтвортой эрүүл нам бий болгохын тулд сонгуулийг даруухан зохион байгуулах ёстой. Албан тушаалыг урьд өмнө байгаагүйгээр үнэлж, хатуу шаардлага тавьж байгааг эсэргүүцэж байна. Дотоод сонгуулийн хорооноос гаргасан журам мөнгөтэй бол гурван шатны сонгуульд ч нэрээ дэвшүүлэх боломжтой болгож байна. Хор уршгаар нь нам цөөн хүний гарт орно. Ийм учраас бид дотоод сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах шаардлага тавьж байна. Шударга сонгууль зохион байгуулах нөхцөл бүрдсэн цагт энэ асуудлыг шийдэх шаардлагатай” гэлээ.

Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая төгрөгийн дэнчин төлнө

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү “2006 онд намын үндсэн дүрмийг боловсруулахдаа Ардчилсан намын суурийг өргөтгөх, боловсон хүчнээ тогтмол сэлбэж байхыг чухалчилсан. ҮЗХ болон намын бүх шатанд ротацийг жил бүр зохион байгуулахаар тусгасан. Энэ бол манай намын 2006 оноос хойших бүх ялалтын үндэс. Үүнийг дагаад Ардчилсан намын гишүүд гурав дахин өссөн. Гэтэл өнгөрсөн долоон жилийн хугацаанд ротаци хийгээгүйн улмаас Ардчилсан нам 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээлээ. Харин өнгөрсөн онд боловсруулж, батлуулсан үндсэн дүрмээр Ардчилсан намыг нээлттэй болгохыг зорьсон. Тодруулбал, үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороонд 76 залуу, 76 эмэгтэй орж ирэх боломжийг олгосон. Гэтэл намын удирдлага энэхүү үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, хэлэлцээгүй асуудлыг хэлэлцсэн мэт болгож, хаалгаа хаачихлаа. Тухайлбал, намын гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан намын болон удирдлагын нэр хүндэд халдсан байр сууриа илэрхийлвэл намаас хөөхөөр тусгасан. Ингэснээр үндсэн дүрмийн шинэчлэл зогсчихлоо. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын шинэчлэл зогслоо. Шинэчлэлийн төлөө хоёр сарын хугацаанд үндсэн дүрмийг боловсруулсан Ажлын хэсгийнõýí хэн ч биш боллоо. Татвар хураамжийг Үндэсний бодлогын хорооноос тогтоохоор үндсэн дүрэмд тусгасан. Гэтэл өнөөдөр Дотоод сонгуулийн хороо дэнчин болон татвар хураамжийí хэмжээг тогтоож байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнээс гадна Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед намын дотоод сонгуулийг гишүүдийн идэвх оролцоонд тулгуурлан зардал багатай зохион байгуулахыг шаардав. Мөн намын гишүүдээс авах татварыг дүрмийн хүрээнд оновчтой тогтоох, намын дансыг яаралтай шилэн болгох ёстой гэв.
САНАЛ БОЛГОХ