Ц.Бат-Энх: Бид хөгжлийн төлөө хандлагаа өөрчилмөөр байна

Спорт

Залуус нуруулаг болж буй нь бидэнд олдсон том боломж

Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй уулзаж ярилцлаа. Энэ жил Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа юм.

-Энэ жил волейболын спортод хоёр том ой тохиож байна. Ойн хүрээнд хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулна уу?

-2017 он бол Монголын волейболын холбоо, нийт волейболчдын хувьд тэмдэглэлт жил. 1927 онд Эрхүүд сурч байсан оюутнууд залуучуудын байгууллагад хоёр бөмбөг, нэг тор илгээснээр энэ спорт Монголд үүссэн гэж үздэг. Харин 1957 онд олон улсын холбоондоо элсэж, тэр жилдээ Монголын волейболын холбоо албан ёсоор байгуулагдсанаас хойш 60 жил өнгөрчээ. Монголчууд он тооллыг жаранаар тоолдог уламжлалтай. Нэгэн жараныг туулсан түүхэн он учраас ойгоо албан ёсоор тэмдэглэх шийдвэр гаргасан юм.

Орчин үеийн спортын төрлөөс хамгийн ууган нь болж хөгжсөн волейбол Монголын спортын салбарт анхдагчдыг төрүүлэн гаргаж, олон зүйл санаачлан хэрэгжүүлсэн баялаг түүхтэй. Мөн харьцангуй тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага. Манай холбоо өнгөрсөн 60 жилийн хугацаанд найман ерөнхийлөгч, таван ерөнхий нарийн бичгийн даргын нүүр үзсэн нь үүний нотолгоо.

Цагаан сарын өмнө бид ахмадуудаа хүлээн авснаар ойн арга хэмжээ албан ёсоор эхэлсэн. Энэ жил улсын чанартай бүх тэмцээнд ойн нэрэмжит медаль, шагналаа албан ёсоор гардуулахаар төлөвлөсөн.

Өнгөрсөн хугацаанд бид энэ спортыг Монгол Улсын хэмжээнд хөгжүүлж, волейбол сонирхогч нийт массыг бий болгохын төлөө ажиллалаа. Одоо волейболын тэмцээнгүй бямба, ням гараг гэж үгүй болсон. Гуравдугаар сард гэхэд зөвхөн 16-нд нь тэмцээнгүй өнжих жишээтэй.

Идэрчүүдийн УАШТ-ээ явуулахын тулд таван бүсийн тэмцээнийг хийж, оролцох багаа сонгон шалгаруулах гэж байна. Одоо сум, сургууль бүр шигшээ багтай болсон, бүгд тэмцээнд орох сонирхолтой. Тиймээс тоонд биш чанарт анхаарч, аймаг, орон нутгийн шигшээг гаргаж ирэхийн төлөө анхан шатны шалгаруулалтаа хийдэг систем рүү орж байгаа юм.

Мөн ирэх тавдугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээнийг дахин хүлээж авахаар болсон. Бүс нутгийн хэмжээний тэмцээнийг нутагтаа зохиосноор залуу тамирчдад туршлага суух боломж бүрдэх юм.

Сүүлийн үед залуу тамирчдын, ялангуяа эрэгтэйчүүдийн нурууны өндөр нэлээд дээшилжээ. 190 см-ээс дээш, хоёр метр шүргэсэн өндөртэй, 17-22 насны 30 гаруй залуу өнгөрсөн хугацаанд гарч ирлээ. Анхан шатанд ажиллаж байгаа багш нар өндөр тамирчин төрүүлж гаргахын төлөө эрэл хайгуул хийдэг болж. Волейбол дэлхий дахинд нурууны спорт болсон учраас бид өндөр тамирчингүйгээр амжилт үзүүлэхэд хэцүү. Хятадын эмэгтэй баг гэхэд нурууны өндрөөр Бразил, Америкийн хэмжээнд хэдийнэ очсон. Тиймдээ ч Риогийн олимпод түрүүллээ.

Монгол залуус нуруулаг болж буй нь бидэнд олдсон том боломж. Ийм үед нь аль болох олон тэмцээнд оруулж, туршлага, ур чадвартай болгох нь чухал. Одоо шигшээ багийн тамирчид нэгдсэн бэлтгэлдээ гараад байна.

2015 онд энэ тэмцээнийг нутагтаа зохиоход Ардчилсан Солонгосын баг тэмцээний түүхэнд анх удаа ирж оролцсоныг үзэгчид санаж буй байх. Бид тухайн үед Ардчилсан Солонгосын багийг заавал оролцуулна гэсэн амлалт өгч, түүндээ хүрсэн. Энэ удаагийн тэмцээнд ч тэд тамирчдаа явуулна гэдгээ мэдэгдээд байна. Энэ нь МВХ-ны тивийн хэмжээн дэх нэр хүндийг харуулж байгаа болов уу.

-Ойн хүрээнд хийх ажлууд төлөвлөгөөний дагуу болоод өнгөрөх байх. Харин холбоо цаашид ямар ажилд түлхүү анхаарах зорилготой байна вэ?

-Спортын аливаа байгууллага олимп, ДАШТ-д амжилт гаргахын төлөө явдаг. Манай улсын тухайд спорт холбоодоос гадна төр засаг хүртэл олимпийн аваргатай болохын төлөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Олимпийн аваргатай болохын төлөө төр анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгө хаяж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ олимпийн аварга төрүүлэх нь зөвхөн нэг ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Спортоор дамжуулаад хувь хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, нийгмийг сайн сайхан болгох тал дээр хийх асар олон ажил бий.

Манай холбоо сүүлийн жилүүдэд хуваарьт тэмцээнээ зохиохоос гадна энэ спортод дуртай хүмүүсийнхээ оюуны чадавхийг дээшлүүлэх, хэрхэн зөв хүн болгох тал дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Мөн холбоогоо бие даасан, бусдаас хамааралгүй, өөрийгөө зөв голдиролоор хөгжүүлэх загварыг бий болгох гэж сүүлийн жилүүдэд нэлээд ажиллалаа. Үр дүн ч эхнээсээ гарч байна. Тухайлбал, холбоо өөрийн бүтэц, орон тоо, төсөвтэй боллоо. Одоо эхлүүлсэн ажлаа бусад холбоодод тайлбарлан таниулж, хамтдаа хөгжих тал дээр анхаарч байна.
Гишүүнчлэл, лицензийн хураамжаас анхан шатны санхүүжилтээ бүрдүүлнэ
-Холбоо бие даасан шинжтэй байх ёстой гэдэгтэй олон хүн санал нийлдэг ч хэрхэн ажил хэрэг болгохоо мэддэггүй. МВХ-ны хувьд төлөвлөсөн зүйлээ хэрхэн хэрэгжүүлсэн нь сонирхол татаж байна?

-Бид хэн нэгний өгсөн мөнгөөр гадагшаа тэмцээнд явах тухай ярьсаар 20 гаруй жил боллоо. Харин бид яагаад өөрсдийнхөө төлөө мөнгө гаргаж болдоггүй юм бэ. Тэр нь гишүүнчлэлийн татвар. Өөрөөр хэлбэл, холбоо гишүүнчлэл болон лицензийн хураамжаас анхан шатны санхүүжилтээ бүрдүүлнэ. Одоо волейбол сонирхон хичээллэдэг, энэ спортод зүрх сэтгэлтэй хүмүүсийн бүхэл бүтэн масс бий болоод байна. Энэ массын хүчийг ашиглах ёстой юм. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 70 гаруй байгууллага манайхтай хамтарч волейболын тэмцээн зохион байгуулсан. Үүнд давхардсан тоогоор 30-аад мянган хүн орсон тооцоо бий. Тэгэхээр волейболын спортыг сонирхон хичээллэж байгаа хүн 30 мянга гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. Одоо ээж, аавууд бидэнд хандаж, хүүхдээ волейболын секцэнд оруулмаар байна гэдэг. Гэтэл заалны хүртээмжээс болоод секц тэр бүр хичээллэх боломж олддоггүй. Төрөлжсөн секц байтугай биеийн тамирын хичээлээ заахад хүртэл заал дутмаг байна шүү дээ.

-Ер нь спорт холбоод цаашид ямар замаар хөгжих ёстой юм бол. Энэ талаар та өөрийнхөө хувийн бодлыг хуваалцана уу?

-Спорт холбоо ийм байх ёстой гэсэн ерөнхий шаардлага байх ёстой л доо. Хамгийн наад зах нь татвараа төлсөн, нийгмийн даатгалд хамрагддаг, бүртгэл нь ном журмын дагуу, хүний нөөцөө бүрдүүлсэн гэх мэт. Ингэж төлөвшсөн холбоонд төр санхүүжилт өгөхөд болохгүй зүйл байхгүй. Мөн үйл ажиллагаа нь төлөвшсөн холбоо гишүүнчлэлийн татвараа авах эрхийг нь нээж өгмөөр байгаа юм.

Ер нь бизнес хийж байгаа хүмүүст олж буй ашгийнхаа тодорхой хувийг нийгмийн сайн сайханд зарцуулъя гэсэн сэтгэл байдаг. Үүнийг л хуулийн хүрээнд зохицуулж өгөх ёстой. Өгсөн, авсны аль аль нь хэл ам болдоггүй тийм систем хэрэгтэй. Системийг нь бий болгож, хяналтаа сайн тавиад л “Одоо та нар хөгжилд хувь нэмрээ оруул, амжилтаа гарга” гэмээр байгаа юм.
САНАЛ БОЛГОХ