НАМУУД САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ БОЛГОХООС ЗАЙЛСХИЙЖ БАЙНА

СОНГОЛТ
Хэсгийн хороонд саналыг өөрчлөх ямар ч боломж байхгүй

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үйл явцад дөрвөн чиглэлээр мониторинг хийжээ. Тодруулбал, хэвлэл мэдээлэл, сонгуулийн автоматжуулсан систем, компанит ажлын санхүүжилт болон санал хураах, дүн гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн чиглэлээр мониторинг хийж, дүнгээ танилцууллаа.

Тухайлбал, улс төрийн хүчнүүд сонгуулийн санхүүжилтын зардлын тайлангаа ил болгохоос зайлсхийжээ. Нийслэлийн хоёр дүүрэг, Төв болон Өмнөговь аймгийн зарим тойрогт ажиллахад нэр дэвшигч, намуудын 98 хувь нь санхүүжилтын мэдээллээ өгөхөөс татгалзсан байна. Мөн мониторингийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 49, 53 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 60, 61 дүгээр тойрог, Төв аймгийн 30 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 22, 23 дугаар тойрогт хийсэн байна. Намууд санхүүжилтын мэдээлэл өгөхгүй шалтгаанаа янз бүрээр тайлбарлажээ.

МАН-ын хувьд мэдээлэл өгөхөөр хүснэгт бөглөхөөр авсан ч хариу өгөөгүй аж. Ардчилсан намын хувьд “Санхүүжилтын зардлын тайланг сонгуулийн дараа л бөглөх боломжтой. Төрийн бус байгууллага сонгуулийн хороотой гэрээ байгуулсан тохиолдолд л мэдээлэл өгнө” гэсэн хариулт өгчээ. МАХН-ынхан “Тухайн намд хаягласан СЕХ-ны албан бичиг ирвэл мэдээлэл өгнө” зэрэг шалтгаанаар татгалзсан байна.

Мөн мониторингийн багийнхан Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн сүүлийн нэг жилийн хугацаанд бүрдүүлсэн хандивыг төрийн аудитаар хянуулсан тайлангийн хуулбар, нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл авахаар хандахад татгалзсан хариу өгсөн байна. Уг нь хуулиараа дээрх мэдээллийг иргэд хүсэлт гарган авах эрхтэй байдаг аж.

СЕХ журамдаа төхөөрөмжөөр тоолсон дүн, гараар тоолсон дүнгүүд зөрсөн нөхцөлд зөрүүг хэрхэн нягталж шалгах талаар тусгах ёстой юм.

Үүнээс гадна сонгуулийн автоматжуулсан системийг туршиж, гэрчилгээжүүлэх ажил өнгөрсөн сарын 28-наас эхэлжээ. Нам, эвслийн ажиглагчдын хувьд баталгаажуулалт явагдсан сүүлийн өдрүүдэд хяналтаа бүрэн тавилгүй цалгар хандах байдал ажиглагдсан. Программ хангамжид ямар нэг алдаа илрээгүй бөгөөд баталгаажуулсан файлыг лацдан найдвартай байдлыг хангах арга хэмжээ авсан аж. Үүний дараа СЕХ-ноос санал тоолох төхөөрөмжийн эх кодыг хянан гэрчилгээ олгох ажлыг гүйцэтгэсэн ба үүнд нам, эвсэл, ТББ-уудын төлөөллийг оролцуулаагүй аж.

Энэ талаар “МИДАС” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал “Бидний хамгийн санаа зовоож буй асуудал бол санал тоолох систем буюу хар машин. Хар машины хувьд иргэдийн зүгээс ч олон хардалт, шүүмжлэл явж байгаа. Бидний хувьд иргэдийн хардаж буй асуудлууд дээр анхаарал хандуулж мониторинг явуулж байна. Төв серверт ирж буй саналыг замаас нь будилуулна гэх яриа их гарч байгаа. Тэгвэл төв сервер дээр ирж буй тоо бол сонгуулийн санал дуусаад баримтаа хэвлэж, хэсгийн хорооныхон гарын үсэг зурсны дараа ирүүлж буй үр дүн. Өөрөөр хэлбэл, хэсгийн хороонд саналыг өөрчлөх ямар ч боломжгүй.

Мөн дэлхийн олон орон хар машинаас татгалзсан гэх мэдээлэл байна. Гэхдээ сонгуулийн бүрэн автоматжуулсан системээс татгалзаж байгааг онцлох хэрэгтэй. Тухайлбал, Кыргыз улс сонгуулийн бүрэн автоматжуулсан системээс татгалзаж, хагас автоматжуулсан системийг хэрэглэхээр сонирхож байна” гэлээ.

Сонгуулийн тухай хуульд заасанчлан санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийх ёстой. Хуулиар техникийн тооллого хийх журмыг СЕХ батлах ёстой боловч өнөөг хүртэл эцэслээгүй байгаа аж. Хяналтын тооллого хийх нь санал тоолох төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад маш чухал ач холбогдолтой. СЕХ журамдаа хэсгийн хороодын 50 хүртэл хувийг сугалаагаар түүвэрлэн сонгохдоо ил тод байдлыг хэрхэн хангах, төхөөрөмжөөр тоолсон дүн, гараар тоолсон дүнгүүд зөрсөн нөхцөлд зөрүүг хэрхэн нягталж шалгах талаар тусгах ёстой юм.

Дашрамд дурдахад, шударга өрсөлдөөн бий болгохын тулд сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид санхүүжилтын зардлын дансаараа хүлээн авч буй хандив, зарцуулалтыг сонгогчдод ил тод мэдээлэхийг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс уриаллаа.






САНАЛ БОЛГОХ