Монгол, англи, орос хэлний шалгалтыг сонсголоор авна

Боловсрол

ТЕГ, ЦЕГ- тай хамтран материалын нууцлалыг хадгална

ЭЕШ-д ямар өөрчлөлт оруулсон талаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн мэргэжилтэн Ш.Сувдмаагаас тодрууллаа.

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл хэзээ дуусах вэ. Хэчнээн сурагч шалгалт өгөх вэ?

-2017 оны ЭЕШ-ын цахим бүртгэл улс орон даяар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний 18.00 цагт дуусна. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийг 30 гаруй мянган сурагч төгсөнө. Харин өмнөх оны болон гадаадын сургууль төгсөгчдийг тооцвол нийт 40 орчим мянган суралцагч шалгалт өгөх тооцоо гарсан.

-Энэ жилийн ЭЕШ-д өөрчлөлт орсон гэж дууллаа. Яг ямар зүйлүүд нь өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ерөнхийдөө хуучин журмаараа явна. Гэхдээ зарим нэг зүйлд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг хүүхэд бүр заавал өгсөн байх шаардлагатай бөгөөд босго оноогүй болсон. Дараагийн нэг өөрчлөлт нь бүртгэл. Өмнө нь багшийн цахим шуудангаар бүртгүүлдэг байсан энэ жил заавал өөрийн хаягаар бүртгүүлж, ингэхдээ заавал хоёр гар утасны дугаар оруулах шаардлага тавьж байна. Дараагийнх нь сонсгол хичээл байна. Сэдэв даалгаврын хувьд англи, орос, монгол хэлний шалгалтын зарим агуулгад сонсох даалгавар нэмэгдсэн байгаа. Тодруулбал, 10 хичээлээс монгол, англи, орос хэлний сонгосон бол сонсох төхөөрөмжийн тусламжтай зарим даалгавраа гүйцэтгэж, хариултын хуудсыг бөглөх юм.

-Шалгалтад хэзээнээс нэмэлт өөрчлөлт оруулсан бэ. Төгсөгчид энэ талаар мэдэж байгаа юу. Тэдэнд хичээлээ давтах хангалттай цаг хугацаа байгаа юу?

-Энэ мэдээлэл хоёр жилийн өмнөөс очсон байгаа. Сонсох даалгаврын тухайд өнгөрсөн жил туршилтын журмаар авсан. Шалгалтын байрны тоног төхөөрөмж суурилуулалт сүүлийн гурван жилд явагдаж байна.

-Монгол хэл, бичгийн шалгалтад хэдэн ч оноо авсан тэнцэнэ гэсэн үг үү?

-Засгийн газрын тогтоолоор Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтыг авдаг. Эх хэлний боловсролыг дээшлүүлэх үүднээс ач холбогдол өгч байгаа хэрэг юм. Түүнээс босго оноогүй гээд Монгол хэлний дагуу мэргэжил эзэмших хүүхдүүд их, дээд сургуулиудад босго оноогүй орно гэсэн асуудал байхгүй.

-Өнгөрсөн жил шалгалтын материал задарсан гэсэн яриа гарсан. Нууцлал хэр чанд байгаа вэ?

-Улаанбаатарт 28, хөдөө орон нутагт 22 гээд нийт 50 байршилд шалгалт авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. ЭЕШ-ын бүх байранд камер, даалгавар сонсох төхөөрөмж, сүлжээ сарниулагч, утас болон металл илрүүлэгчийг суурилуулсан. Бид жил бүр ТЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллаж, материалын нууцлалыг хадгалдаг. Өнгөрсөн жилийн хувьд цагдаагийн байгууллагаар шалгагдаад, худал мэдээлэл тараагдсан нь илэрсэн.
САНАЛ БОЛГОХ