Холливудтай өрсөлдөх Хонконг кино
Кино
Эндээс төрсөн бүтээл Хятадад ашиг орлогоороо тэргүүлэх нь энгийн үзэгдэл
Киноны бизнесийн салбарт Хятад гэж аварга том зах зээл бий болоод удаж байна. 2016 онд урд хөршийн кино бизнес 45.5 тэрбум юанийн орлого олсноор түүхэндээ анх удаа Хойд Америкийг гүйцэж түрүүлсэн юм. Өсөлтийн хурд нь 3.3 хувь болж саарсан ч дээрх амжилтад хүрсэн гэх. Тэгвэл энэ том зах зээлийн томоохон хэсгийг хонконг кино эзэлдэг. Өмнө нь тийм байсан, одоо ч хэвээрээ.
2017 оны нэгдүгээр сарын байдлаар Хонконгод 55 кино театр ажиллаж байна. Эндхийн кино театраар United Artists, Broadway Circuit, the MCL Circuit, the AMC Circuit, Golden Harvest, Newport Circuit зэрэг нутгийн кино компаниудад хийсэн бүтээл ихэвчлэн гардаг. Нэр дурдсан компаниуд олон жил ашигтай ажиллаж, хөл дээрээ бат зогссон тул Холливудын мундагуудаас огтхон ч дутахгүй. Өнгөрсөн жил эндхийн компаниуд 61 кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгожээ. Эндээс төрсөн бүтээл Хятадын зах зээлд ашиг орлогоороо тэргүүлэх нь энгийн үзэгдэл болсон юм. Бүр эхний 10 байрыг бүгдийг нь эзэлсэн тохиолдол ч бий.
Хонконгоос сайн бүтээл төрдөг шалтгаан
Тэд Хятадыг бодвол барууны ертөнцтэй илүү ойр, бас нээлттэй. Товчхондоо бол Холливудын шилдгүүдээс аль эрт суралцсан гэсэн үг. Үүний үндсэн дээр өөрийн онцлогийг шингээсэн даацтай кино бүтээж, зах зээлээ тэлж чадсаныг судлаачид хэлж байна.
Ганц жишээ дурдахад, 2015 онд Warner Bros компани Entertainment and China Media Capital-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үнийн дүн нэг тэрбум ам.доллар. Энэхүү төсөл Хонконгод төвлөрөн үйл ажиллагаа явуулах аж. Энэ мэтээр Холливудтай хамтран ажилладаг нь Хонконгоос сайн кино төрөх үндэс болсоор байна.
Гэхдээ хонконгчууд дандаа Холливудаас хуулбарлаад, тэднээр заалгаад байсангүй. Холливудынхан ч хонконг киноноос санаа авах тохиолдол их. Тухайлбал, Жессика Альбагийн гол дүрд нь тоглосон “The Eye” кино 2002 онд дэлгэцнээ гарсан “Gin Gway” киноны маш сайн хуулбар. Мөн “Internal Affairs” киноноос санаа авч бүтээсэн “The Departed” кино 79 дэх удаагийн Оскар наадмын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг монтаж гэсэн дөрвөн төрөлд ялалт байгуулсан билээ.
Хятадын засаг захиргааны энэ бүсэд өрнө болоод дорнын кино урлагийн аль алинд нь амжилт гаргаж яваа уран бүтээлч цөөнгүй. Хятадын тулааны урлагийн мастер Ву Пин гэхэд “Матрикс” киноны тулаант хэсэгт зөвлөхөөр ажилласан туршлагатай. Мөн Чоу Юн Фат тэргүүтэй олон жүжигчин Хонконгоос гадна Холливудад ч амжилт олжээ. Хамгийн сүүлд Ip Man киноны гуравдугаар анги Америкт нээлтээ хийсэн даруйдаа эхний 10 хоногт 1.6 сая ам.долларын орлого олсон нь (нийт орлого 156 сая) муугүй үзүүлэлт байв.
Хонконгийн Засгийн газар кино урлагаа бодлогоор дэмждэг нь хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг аж. Бүр Засгийн газрын дэргэд нь Кино урлаг хөгжүүлэх зөвлөл гэж бий. 2016 онд тус байгууллагын төсөв 20 сая хонконг доллар байв.
Холливудынхан ч хонконг киноноос санаа авах тохиолдол их
Лос-Анжелес, Канн, Берлиний кино наадам бол киноны салбарт хамгийн нэр хүндтэй арга хэмжээ. Эдгээр наадмын үеэр салбарын бүхий л шилдгүүд нэг дор цуглаж, шилдгүүдээ тодруулахаас гадна дараагийн том төслийн яриа хэлэлцээр болох нь элбэг. Тэгвэл хонконгчууд өөрсдийн кино наадмыг нэр хүндтэй болгох гэж багагүй хичээж байна. 1997 оноос эхтэй тус наадам жил бүр хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд 2016 оны арга хэмжээнд 30 улсын 800 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирсэн юм. Харин зочид төлөөлөгчдийн тоог гаргавал 7000-ыг давжээ. Наадмын үеэр дараагийн шилдэг бүтээлийн талаарх яриа хөөрөө томчуудын дунд өрнөсөн нь гарцаагүй.
Хонконг киног бид Жеки Чаны инээдмийн, тулаант киногоор л төсөөлдөг байсан цаг саяхан. Гэтэл тэд хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээний том тоглогч болжээ. Хятадын аварга зах зээлийн гол цөм нь хонконг кино байсан, цаашид ч энэ хэвээр үлдэх нь гарцаагүй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй