Бүс нутагт итгэлцэл бий болгох хэрэгтэй

Мэдээ

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал баасан гарагт хаалтаа хийлээ. ОХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, БНАСАУ, Япон, ХБНГУ, БНФУ, Австрали болон Монгол Улсын 150 төлөөлөгч “Хүрээлэн буй орчин-гамшгийн менежмент” сэдвийн хүрээнд хуралдаж, санал солилцов. Зохион байгуулагчид “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлаар цаашдаа уг асуудлыг бие даасан хурал болгон дэвшүүлэх бодолтой байгаа учраас ийнхүү шинээр оруулсан гэлээ.

Зүүн хойд Азийн ихэнх гол мөрний эх манай улсаас эхтэй. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт байрлах зарим оронд цунами, газар хөдлөлт ихсэх болсон бөгөөд бусад улсад хил дамнасан түймэр гарах, үер буух зэрэг байгалийн гамшиг нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс энэ асуудалд нэгдмэл байр суурьтай хандах хэрэгтэйг хуралд оролцогчид дэмжиж байгаа аж. Мөн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын асуудал тухайн улсын аюулгүй байдалтай харьцуулахад харьцангуй уян хатан, хамтран шийдвэрлэх боломжтой асуудал гэдгийг оролцогч талууд хүлээн зөвшөөрлөө.

Хуралд Монгол Улсаа төлөөлөн Цэнгэг усны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Д.Доржсүрэн усны аюулгүй байдлын талаарх илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Тэрбээр “Зүүн хойд Азийн орнуудад нийтлэг үзэгддэг усны нөөцийн хомсдол, бохирдол, усны гамшиг эрсдэлийг хөндөн ярилцах нь чухал болоод байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орон хамрагдсан 2013 оны усны аюулгүй байдлын судалгаагаар 29 орон усны аюулгүй байдал хангагдаагүй байна гэсэн дүн гарсан. Тэдгээрээс найман орон усны аюултай нөхцөл байдалд амьдарч байна. Тиймээс энэ бүс нутагт усны аюулгүй байдлыг хангахаар хамтарч ажиллах хэрэгтэй. Манай орны хувьд ч усны аюулгүй байдал сайн биш гэсэн судалгаа бий” гэв.

Гурав дахь удаагийн хурлаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, учирч буй сорилт бэрхшээл, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох арга замын талаар санал солилцлоо. Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн талаар талууд анх удаа туршлага солилцсон юм.


САНАЛ БОЛГОХ