Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогдод байгуулна
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид даалгасан байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч, Төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Оюутолгойн баяжуулах үйлдвэр”, “Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгох ажлыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасан байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд нэг сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байна гэж Засгийн газар мэдээлж байна. Энэхүү үйлдвэрийг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд үзсэн байна. Ингэхдээ түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй