Монгол Улс оны эхний хоёр сард 727.7 сая ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолжээ
Монгол Улс оны эхний хоёр сард 727.7 сая ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 57.3 хувиар өссөн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Гадаад худалдааны ашиг нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт голлох нөлөө үзүүлжээ. Ялангуяа нүүрсний экспорт биет хэмжээгээр болон үнийн дүнгээр өссөн нь нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна. Тайлант хугацаанд 4.8 сая тонн нүүрсийг 327.3 сая ам.доллараар экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс биет хэмжээ нь 3.5 дахин, үнийн дүн нь найм дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн оны сүүлийн хагаст БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ ханш огцом өсөж, оны эцэст өсөлтийнхөө дийлэнх хувийг эргэн алдсан ч 2017 он гарсаар харьцангуй тогтворжоод байгаа юм. Харин алт болон зэсийн баяжмалын экспорт буурсан байна. Бусад бүтээгдэхүүнүүдийн тухайд оны эхний хоёр сарын дүнгээр 1.1 сая баррел түүхий газрын тосыг 58.5 сая ам.доллараар борлуулжээ.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ханш харьцангуй өссөн нь биет хэмжээ буурсан ч үнийн дүн өмнөх оноос өсөхөд нөлөөлжээ. Мөн цайрын хүдэр баяжмалын экспортын өсөлтийг онцолж болохоор байна. Өмнөх оны мөн үеэс 8000 тонноор биет хэмжээ өсөж, үнийн дүн нь гурав дахин нэмэгдэж, 26.9 сая ам.долларт хүрсэн гэж Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэлд тусгажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй