Эрүүл амьдрах 1000 боломж
Амьдралын хэв маяг
25 нас хүрэхээсээ өмнө турахгүй бол цаашид хэзээ ч турахгүй гэсэн ойлголт их байв
Сүүлийн жилүүдэд монголчууд эрүүл мэнддээ ихээхэн анхаарах болсон. Энэ сайшаалтай хэрэг. Гэвч үүнээс ч сайшаалтай нэг хэрэг нь эм тангаар “угжих” биш хөдөлгөөнөөр, байгалийн аргаар эрүүлжихийг эрмэлзэж байна. Зарим байгууллага фитнесс төвүүдтэй бартер хийж, ажилчдынхаа эрүүл мэндэд анхаардаг. Энэ нь ерөнхийдөө идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь ажлын бүтээмжийг сайжруулдагтай холбоотой байх. Гэхдээ л хэн хэндээ хожоотой л зүйл шүү дээ.
Үнэгүй фитнесс олдохгүй байсан ч хувцас, гангарааны мөнгөө фитнесс төвүүдэд зарцуулдаг хүмүүс ч олширчээ. “Хувцас бурхан, бие чөтгөр” гэдэг үг бол хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэгсдийн хувьд бол “Хувцас чөтгөр, бие бурхан” юм байна. Хуучин 25 нас хүрэхээсээ өмнө турахгүй бол цаашид хэзээ ч турахгүй гэсэн ойлголт манайд их байв. Харин одоо 30, 40, тэр ч бүү хэл 50 нас гарсан хүмүүс амьдралын хэв маяг, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өөрчлөхөөр дахин нэг боломж өөртөө олгож эхэллээ. Тэдний гаргасан үр дүн ч гайхалтай.
“Хувцас чөтгөр, бие бурхан” гэдэг үзэл дэлгэрчээ
Монголын алдартай фитнесс мисс, Азийн аварга Г.Гансаруул “Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа өөрийгөө толинд хараад, ерөөсөө л турах хэрэгтэй гэж эрс шийдсэн. Бас нэг танил маань намайг “Тогоо, шанага хангинуулахаас өөр юм мэдэхгүй бүдүүн хар авгай” гэж доромжилсонд голдоо ортол гомдож билээ. Тэгэхээр нь би шаралхаж, “Намайг ямар болохыг хараарай” гэж бодоод хоёр хүүхдээ дагуулаад фитнесст явдаг байлаа” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ. Тэрбээр өөртөө хатуу зорилт тавьж, өөрийгөө ялан дийлж 56 кг турж, одоогийн үр дүнд хүрсэн. Г.Гансаруул одоо өөртөө итгэлтэй, аз жаргалтай, хэний ч өөдөөс инээмсэглэх сэтгэлийн тэнхээтэй гайхалтай бүсгүй. Хүсэл байгаад хичээж чадвал боломж хэн бүхэнд байдгийг түүнээс харж болно. Энэ мэт илүүдэл жин, элдэв өвчнөөсөө салж, гайхалтай өөрчлөлт хийж чадсан хүмүүс олон болжээ.
Хоёр, гуравхан жилийн өмнөхтэй харьцуулахад үйлчилгээний зориулалттай барилга бүхэн дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралыг дэмжих төвтэй болсон. Төрөл нь ч хүртэл сонголттой. Фитнесс, кросс фит, баллет, халуун йог, анти-гравити буюу агаарын йога, бүжгийн бүх төрөл, спиннинг гээд л өөрийн хүсэл сонирхол, хүчин чадал, сэтгэл зүйдээ тохирсон төрлөөр хичээллэх боломж бий. Үсэрч, цовхчихгүй тайван аргаар турахыг хүсэж байгаа хүмүүс балет, йог сонгох нь зүйтэй.
Харин нэг сумаар хоёр туулай буудахыг эрмэлзэгчид салса, бачата, гудамжны гээд аль ч төрлийн бүжгийн төвд элсэж болно. Илүүдэл жингээ ч хасна, бүжиглэх хэрэг гарвал олны нүдийг ч хужирлана.
Харин эрч хүч мэдэрч, зогсолтгүй хэмнэлээр давшилдаг хүмүүст спиннинг, кросс фит тэргүүтэн зохимжтой. Харин бие дааж, өөрөө дасгалаа тааруулмаар байвал фитнесс төвд хандаарай. Эдгээр төв ч халуун сэтгэлээ харамгүй хайрлаж, жилийн дөрвөн улиралд элдэв хямдрал зарладаг. Цагийн хуваарь нь уян хатан, 2-10 хүртэл салбартай. Үүр цайхтай уралдаж, өглөөний хүн болох. Шөнийн идэвхтэн бол 24.00 цаг хүртэл ч үүд хаалга нь нээлттэй. Ийм олон боломж олгож байгаа нь биднийг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгож чадахгүй байгаа бол бурууг өөрсдөөсөө хайхаас өөр замгүй болгох шиг.
Дасгал хөдөлгөөний төвүүд амралтын өдрүүдэд дугуйтай аялж, ууланд авирдаг. Мөн бооцоотой тэмцээнүүд зохион байгуулдаг. Хэн өөрийгөө дийлж, өөрчлөгдөж чадсан нь нэг сая төгрөг, бүр автомашин ч хожих боломжтой.
Дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй амьдардаг хүмүүсийн гаргасан нэгэн уриалга олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн нь саяхан. Энэ нь нийгмийн даатгалын мөнгөөр спорт төвүүдэд үнэгүй хичээллэх эрхтэй болох юм. Тэгвээс хэдэн мянган төрлийн өвчний эх үүсвэр болсон хөдөлгөөний дутагдлаас зайлсхийхэд том алхам болж чадах билээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй