Хавайн шүүх цагаачлалын хоригийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

Мэдээ

АНУ-ын Хавай мужийн холбооны шүүгч Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг шинэчилсэн хоригийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Цагаачлалын эсрэг энэ хориг нь исламын шашныг ялгаварласан төдийгүй үндсэн хууль зөрчсөн гэж шүүхээс үзсэн байна. Цагаачлалын бодлогыг шинэчлэх нь Ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа үеэр өгсөн гол амлалтуудын нэг байсан юм. Шүүхээс дээрх шийдвэрийг гаргаснаар АНУ-ын Засгийн газар хоёр дахь удаагаа бүтэлгүйтэлтэй тулгарч магадгүй болоод байна. Хавай мужийн шүүгч Деррик Уотсоны гаргасан энэхүү шийдвэрээр 90 хоногийн хугацаанд шинээр визний хүсэлт хүлээн авахгүй гэж тусгасан цагаачлалын хоригийг хүчингүй болгож байгаа юм. Ингэснээр гуравдугаар сарын 16-наас эхлэн хэрэгжих байсан Ерөнхийлөгчийн цагаачлалын эсрэг шийдвэрт хориг тавьсан явдал боллоо.

Харин Дональд Трамп "Энэ шийдвэр биднийг сул дорой харагдуулж байна. Энэ бол шүүх хяналтаа хэт тогтоосны ил тод жишээ" гэж мэдэгджээ. Улсын өмгөөллийн байгууллага, технологийн компаниуд болон их, дээд сургуулиуд Дональд Трампын цагаачлалын хоригийг эдийн засагт сөрөг нөлөөтэйгөөс гадна улсын үндсэн суурь зарчмаас гажсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Засгийн газар Сан Франциско хотын тойргийн шүүхэд, бүр цаашилбал дээд шүүхэд давж заалдаж магадгүй гэж албаныхан үзэж байгаа аж.




САНАЛ БОЛГОХ