“Samsung"-ийн “Galaxy S8” хэрэглэгчийнхээ царайг таних функцтэй болно

Мэдээ


“Samsung Electronics”-ийн энэ сард шинээр танилцуулахаар зэхэж байгаа “Galaxy S8” ухаалаг гар утас бэлэн бус төлбөр тооцоог баталгаажуулахдаа хэрэглэгчийнхээ царайг таних функцтэй болох юм байна. Энэ сарын сүүлээр танилцуулах уг гар утас “Samsung Pay” үйлчилгээгээр дамжуулан бэлэн бус төлбөр тооцоо хийх боломжийг олгоно. Тус компани ирэх саруудад хэрэглэгчийн нүүрний төрхийг баталгаажуулалтын хэрэгсэл болгох талаар банкнуудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцэхээр товлож байгаа талаар дотоод эх сурвалж мэдээлжээ. Өнгөрсөн оны сүүлээр “Galaxy Note 7”-ийн цэнэг хураагуур хэт халсны улмаас галд автсан тохиолдлууд бүртгэгдэж эхэлснээр эдгээр гар утаснуудыг эргүүлэн татах шаардлагатай болсон юм.
“Samsung Electronics” компани гар утаснуудаа эргүүлэн татах, шинэчлэн гаргах, мөн шинэчлэн гаргасан бүтээгдэхүүнээ эргүүлэн татах ажилд зургаан тэрбум ам.доллар зарцуулжээ. Техник үзүүлэлтийн хувьд маш сайн үнэлгээг авсан ч цэнэг хураагуурын согогийн улмаас зах зээлээс хасагдсан дээрх гар утасны дараа гарч буй анхны тэргүүн зэрэглэлийн төхөөрөмж гэдэг утгаараа “Galaxy S8” нь “Samsung Electronics”-ийн нэр хүндийг эргэн сэргэхэд нөлөөлөх нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байна.



САНАЛ БОЛГОХ