МОНГОЛ ЖИМСНИЙ ИРЭЭДҮЙ
“Монгол жимс” хөтөлбөр хэрэгжүүлье
Час улаан алим, гонзгой шар гадил, ягаахан гүзээлзгэнэ. Уншигч та дуртай л биз дээ. Харамсалтай нь, эд цөм хилийн чанадаас хэт хамааралтай. Монгол Улс жимсний үйлдвэрлэлээ гадаадад бүрэн алдчихаад байна. Бид хэрэгцээт жимснийхээ бараг 90 хувийг хилийн чанадаас зөөдөг. Гэтэл хүн амын жимсний хэрэглээ жилээс жилд улам бүр нэмэгдсээр. Сүүлийн таван жилд импортын жимс хоёр дахин өсчээ. Төрөл, зүйл нь ч олширч. Монголчууд өнгөрсөн онд 26 мянган тонн жимс, жимсгэнэ импортолсныг Гааль, татварын ерөнхий газрын цахим хуудсанд тэмдэглэжээ. Харин 3000 орчим тонныг дотооддоо бэлдсэн байна.
Эртнээс уулын жимс түүж, иддэг байсан монголчууд өөрсдөө тарьж, ургуулсан түүх, туршлага тийм ч зузаан биш. Гэхдээ хагас зуун жилийн өмнөөс таримал жимсний анхны станц байгуулж, үр, суулгац бэлдсэн түүхтэй. Гэвч 60 гаруй жилийн настай жимсний салбар өнөө хэр өндийж босоогүй л байна. Харин бусад ургамал, ногооны үйлдвэрлэл хэдийнэ эрийн цээнд хүрчээ.
Манай улс тогтмол биш ч үр тариа, төмснийхээ хэрэгцээг бүрэн хангадаг. Бас хүнсний ногооныхоо талыг эх орондоо бэлтгэдгийг та юу эс андахав. Гэтэл монгол жимсний жим бүдгэрч, импортынх улам тодорч байна. Хэрэглээнд жин дардаг импортын жимсний эрүүл, аюулгүй байдалтай холбоотой олон асуудал гардаг. Манай сонин ч импортын жимсний жимээр сурвалжлага бэлтгэн, цувралаар хүргэж байсан. Биднийг сурвалжлах явцад Монгол Улс хил даван орж ирж буй жимс, жимсгэнэд бүрэн хяналт тавьж чаддаггүй нь ил болсон. Мөн импортын жимс иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг талаар сэтгэл сэртхийлгэм судалгааны дүнг танилцуулж байв. Цахим сүлжээгээр ч энэ талаарх бараан сэтгэгдэл, ноцтой баримтууд хөвөрдөг.
Монголчууд өнгөрсөн онд 26 мянган тонн жимс, жимсгэнэ импортолсон.
Уг нь жимс бол шидэт анагаагч, амин дэмийн сан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор насанд хүрсэн хүн жилд дунджаар 35 килограмм жимс, жимсгэнэ хэрэглэх ёстой. Харин монголчууд үүнээс гурав дахин бага хэрэглэдэг байна. Дээрх байгууллагын тооцоог эш үндэс болговол манай улсын жимсний жилийн хэрэглээ 100 мянган тонныг давах төлөвтэй.
Ер нь монголчууд жимсний үйлдвэрлэлээ яагаад тэлж чадахгүй байна вэ. Энэ асуултыг холбогдох яам, харъяа холбоодод тавилаа. Харин салбарынхан хэд хэдэд шалтгаан учирлав.
Нэгдүгээрт, жимс тун “ямба”- тай ургамал. Жирийн биш таатай орчин хүсэмжилдэг. Тийм орчинд л “торнидог”. Эс бөгөөд ус дааж, өсөлт нь зогсдог. Тэр утгаар ширүүн бас сэрүүн манай уур амьсгал жимсний хувьд тун тааламжгүй бүс нутаг. Энэ эрсдэлээс үүдэн манайд ургадаг жимс тийм ч олон биш.
Мөн жимсний бизнес мөнгөний машин биш. Багаар бодоход гурван жил болж, анхны ургац, үр шимээ өгдөг. Тухайлбал, алимны мод л гэхэд гурваас дөрвөн жилийн дараа эхний ургацаа өгдөг байна. Харин энэ хугацаанд арчилж тордоно, хайрлаж хамгаална. Бас алимны суулгац, хашаа, хамгаалалт, усалгаа тордолгоо гээд өндөр өртөгтэй. Ийм зардалтай аж ахуйг эрхэлж зүрхэлдэг хүн олон биш. Энэ мэт шалтгаан нь үйлдвэрлэгчдийг “үргээчихдэг” байна.
Гэхдээ энэ амтат салбарт гэгээн мэдээ бий. Манайд чацарганы тариалалт илт сэргэжээ. “Ургадаг” алт хэмээн нэрлэдэг энэ жимс Монгол орны эрс, тэс уур амьсгалд гойд зохицдог. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас “Чацаргана” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд чацарганы тариалалт дөрөв дахин нэмэгдсэн. Уншигч та ч анзаарч буй биз. Чацарганы шүүснээс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй. Харин энэ шаргал “алт”-наас бусад жимсний үйлдвэрлэл төдий л ахисангүй. Уг нь мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, халуун орны ханборгоцой, гадил, киви зэргийг эс тооцвол бусад нь Монгол нутагт ургах боломжтой юм байна. Тэр дундаа алим бол тарихад тохиромжтой жимсний нэг. Бас интоор, чавга, гүзээлзгэнэ. Гэвч энэ төрлийн тариалалт дотоодын үйлдвэрлэлийн 10 хувьд ч хүрэхгүй байна.
Хэрэгцээт жимснийхээ 90 хувийг хилийн чанадаас зөөдөг
Монголд жимсний чиглэлийн 2500 гаруй иргэн, аж ахуйн нэгж бийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэв. Тэдний 90 гаруй хувь нь зөвхөн чацаргана тариалдаг. Иймд бусад төрлийн жимсний тариалалтыг тэлэх шаардлага байгааг салбарынхан хэлж байв.
Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал “Хүйтэн бүсэд жимс ургадаггүй гэсэн хөлдсөн сэтгэлгээг л гэсгээмээр байна” хэмээн учирлаж байна. Тэрбээр Монголд хүлэмжийн аж ахуйгаар гүзээлзгэнэ, усам үзэм тариад эхэлснийг онцлов. Түүний хэлсэн нь ч зөв. “Ногоон сор” зэрэг компани хүлэмжид гүзээлзэнэ, усан үзэм, тарвас тэргүүтнийг жилийн дөрвөн улиралд тарьж байгаа. Мөн манайд өргөн зах зээл бий гэдгийг тус компанийн захирал бидэнд ярьсан юм.
Зах зээл ийн байтал салбарын нөхцөл байдал сайнгүй л байна. Чацарганаас бусад жимсний үр, сортын судалгаа бараг зогсчээ. Мөн жимсний усалгаа, тариалалт, хураалт, боловсруулалтын технологи хуучирсан. Энэ салбарын хүний нөөцийн мэдлэг, туршлага ч зузаан биш байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймд салбарын хөгжлийг эрчимжүүлэх томоохон хөтөлбөр хэрэгтэй байгаа аж. Яг л “Чацаргана” дэд хөтөлбөр шиг. Үүнийг ч салбарын яамны мэргэжилтэн хүлээн зөвшөөрч байлаа.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг Монгол нутагт тарих боломжтой жимсний тариалалтыг дэмжихэд анхааран ажиллаж буйгаа онцлоод үүнд төрийн их хэмжээний санхүүгийн дэмжлэг шаардлагатай болохыг тэмдэглэв. Бас нэн тэргүүнд, манайд нутагшсан сортыг дэлгэрүүлж, тариаланчдад хүртээмжтэй олгох нь чухал хэмээн уламжлав.
Эцэст нь, нэгэн гэгээн түүх өгүүлье. Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээний “Ernst & Young” компаниас богино хугацаанд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн 16 залуу удирдагчийг саяхан тодруулсан. Энэ дунд чацарганаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч манай нэгэн компанийн захирал багтсан юм. Тэгвэл дэлхийн зах зээлд хэдийнэ бүтээгдэхүүнээ нийлүүлж буй тус компани 2010 онд дээр өгүүлсэн “Чацаргана” хөтөлбөрт хамрагдаж, суулгац авч, тариалалтаа эхлүүлж байжээ. Улмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн энд хүрээд буй нь энэ. Өөрөөр хэлбэл, төрийн бодитой дэмжлэг, тогтвортой бодлого салбарыг хөгжүүлдэг нь эндээс харагдаж байгаа биз. Иймд “Монгол жимс” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэйг салбарынхан онцолсон юм.
ЗГМ: ТОДРУУЛГА
2017 он гэхэд дотоодод үржүүлсэн алимны суулгацаас жимс хүртээд эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
- “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд хэд орчим төгрөгийн санхүүжилт хийсэн бэ?
- 2010-2016 он хүртэл хэрэгжүүлж буй “Чацаргана” дэд хөтөлбөрөөр 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ хүрээнд чацарганы 2.5 сая ширхэг суулгацыг үржүүлэгчдээс худалдан авч, 2500 гаруй аж ахуйн нэгжид зээлээр олгосон. Үүний үр дүнд жимс, жимсгэний талбай эрс нэмэгдэж, жимчдийн мэдлэг, чадвар сайжирсан.
Монгол Улс 2009 онд 1500 га талбайд чацаргана тариалж 300-400 тонн ургац хураан авдаг байсан. Харин 2015 оны байдлаар 6000 га талбайд тарьж, 2000 гаруй тонн хураан авдаг болсон. Тариалалт нь үлэмж нэмэгдсэн. Одоо боловсруулах үйлдвэрийг нэмж байгуулах шаардлагатай. Үүнээс гадна Монгол нутагт 60 гаруй төрлийн зэрлэг жимс ургадаг. “Чацаргана” хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 2.4 тэрбум төгрөгийг зээлээр бусад жимсний тариалалтад олгосон.
Салбарын яамнаас алим, чавга, интоорын тариалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд эдгээр жимсний суулгацыг дотооддоо үйлдвэрлэдэг болохоор ажиллаж байна. Энэ хүрээнд 2013 онд суулгац үржүүлэх сонгон шалгаруулалт зарласан. Үүнд, Дархан эрдэм шинжилгээний хүрээлэн, Дорнод болон Увсын эрдэм шинжилгээний станц зэрэг найман байгууллага шалгарсан. Тэдэнд суулгац үржүүлэхэд зориулж зээл олгосон бөгөөд Их цэцэрлэгээ байгуулан, амжилттай ажиллаж байна. Ингэхээр 2017, 2018 онд гэхэд дотоодод үржүүлсэн алим, интоорын суулгацаас жимс хүртээд эхэлнэ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй