Хэмнэлт сургасан хүндрэл
Нийтлэл
Илүүдлээсээ салж буй нь эдийн засгийн хүндрэлийн эерэг тал
Эмэгтэйчүүд цэцэг аваад баярладаг бол эрчүүд юунд хөөрч, догдолдог вэ. Энэ асуултын хариултыг оймс үйлдвэрлэгч нэгэн компани олжээ. Үндэсний үйлдвэрлэгч “Янмал” компани Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан оймсыг сарнай шиг эвхэж, баглаа болгон боосон нь олон хүний сонирхол татав. Гурван төрлийн сонголт бүхий оймсон баглаа нэг хэсэгт инээд бэлэглэж, багагүй хэсгийнх нь эгдүүцлийг төрүүллээ. Эрчүүд ч оймсноос төрсөн сэтгэгдлээ нийгмийн сүлжээнд дэлгэж, энэ хэдэн өдөр шуугиан тариад байна. Гол нь инээд, эмзэглэл дагуулсан энэ баглаанаас эрчүүдийн сонирхлоос гадна дотоодын үйлдвэрлэгчдийн эрмэлзлэлийг харж болж байгаа юм.
Хэдхэн жилийн өмнө, бидний нэрлэж заншсан “Цэргийн баяр” буюу гуравдугаар сарын 18-нд эрчүүддээ өгчих өнгө үзэмж, үнийн хувьд боломжийн бэлэг цөөн байсантай та санал нийлэх биз. Хилийн чанад бүр тодруулбал, Хятадад үйлдвэрлэсэн үзэг, асаагуур төдийхнөөс хэтэрдэггүй байлаа. Гэтэл одоо өөрчлөгджээ. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн цөөнгүй болжээ. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, чанар, үзэмжид тавих хандлага сүүлийн жилүүдэд ахисан нь харагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон “Цэргийн баяр”-аар гэхэд оймсон баглаанаас гадна эрчүүдэд зориулсан дотуур хувцасны “Эр хүн” брэнд олон хүний сонирхол татсан. Төрөөд сар гаруйн хугацаа болж буй энэ брэнд сүүлийн хэдэн өдөр борлуулалт сайтай байсныг үйлдвэрлэгчид нь мэдээлж байна. Ингээд зогсохгүй дотоодын үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, шинэ багц бүтээгдэхүүн санал болгожээ. “Эр хүн”-ийг үндэслэгч “Трэнд Криетор” компани органик гоо сайхны “Lhamour” брэндтэй хамтран эрчүүдэд зориулсан бэлгийн багц гаргажээ. Энэ мэт үйлдвэрлэгчид маань эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байна.
Уламжлалт сар шинийн баяраар гэхэд Монголоор овоглосон бараа, бүтээгдэхүүний сонголт өмнөх жилүүдтэй харьцуулахад олширсон. Цөөнгүй хүнийг догдлуулж, удалгүй урмыг нь хугалсан ягаан халзан 20 мянган төгрөгийн дэвсгэрттэй шоколадаас эхлээд эсгийн эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүний багц, хүзүүний алчуур гээд үнэ, чанарын хувьд боломжийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид санал болгосон
Өмнөх жилүүдээс ялгаатай нь тэд өнгө үзэмж, чанарыг эрхэмлэдэг болжээ. Бас үнийг ч бодолцдог болсныг шил шилээ дарсан баярууд бидэнд баталлаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн амаргүй байдал манай бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сорьж байна. Хэн чадалтай нь тэсч үлдэх хатуу хууль үйлчилснээр дасан зохицох, давж гарах хат суулгаж буйг бизнес эрхлэгчид ч, эрдэмтэн, судлаачид ч хэлдэг. Тиймээс бизнесийн загвар, хандлага, дэд бүтцээ анхаарах болсноо нэгэн танил бизнес эрхлэгч маань учирлаж байв. Ингээд зогсохгүй сүүлийн хэдэн жил хэмнэлтийн горимд ажиллаж, үр ашиггүй зардлаа танаж сурчээ. Хэрэггүй, үр ашиггүй ажиллах хүчнээсээ салсан. Ах дүү, танил, тал гэхээсээ илүү мэдлэг, ур чадвар сайтай хүнийг ажилд авахыг хичээж буйгаа тэрбээр нуусангүй.
Манай үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар ахижээ
7.5 тэрбум төгрөгийн орлоготой компани өдгөө 700 сая төгрөг олдог болжээ. Тиймээс үр ашигггүй зардлаа танаж, хэмнэлтийн горимоор ажиллаж сурч байна хэмээн барилгын төмөр хийцийн үйлдвэрлэл эрхлэгч хэлж байсан. Энэ бол Монголын бизнесийн орчинд оршин тогтнож буй хувийн хэвшлийн нийтлэг төрх. Өөрөөр хэлбэл, илүүдэл жингээсээ салж буй нь эдийн засгийн хямралын эерэг тал.
Тэрчлэн ханшийн хямрал ч саартай зэрэгцээд сайныг дагуулж байна. Ам.доллар болоод юанийн ханш чангарснаас импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Энэ нь эргээд дотоодын бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан болж байгаа аж. Цаашлаад валютын ханшийн зөрүүнээс ашиг олж буй компаниуд ч байна. Тухайлбал, 2016 онд хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргасан “Монгол шуудан” компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 10 дахин өсчээ. 90 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай байсан компани 2016 онд нэг тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон. Тус компани транзит шуудан нэвтрүүлж, улс дамнан үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь орлогыг нь дэмжжээ. Улмаар ам.долларын ханшийн өсөлт ашигт нь дэм болсон. Мөн ноос, ноолуурын “Говь” компанийг нэрлэж болно. Компанийн борлуулалтын орлого 24 орчим хувиар өсөж, 88.6 тэрбум төгрөг болсон. 2016 онд Герман, Японд салбар дэлгүүрээ нээсэн тус компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 438.3 сая төгрөгийн ашиг олсноо санхүүгийн тайландаа дурджээ.
Дотоодын зах зээл сайнгүй байгаа учраас дэлхийн зах зээл тийш тэмүүлж байна. Илүү инноваци, нэмүү өртөг шингэсэн, экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьдог болсныг судлаачид онцолдог. Тиймээс интернэт худалдааны платформыг ашиглах, хилийн чанадаас түнш олоход анхаарч буй компанийн удирдлага олон байна. Мөн өнгөрсөн зун гараанаас гарсан Монгол, Японы Эдийн засгийн түншлэл манай хувийн хэвшилд итгэл төрүүлж буй аж.
Одоогоос 10 жилийн өмнөхтэй харьцуулахад манай үйлдвэрлэгчдийн хүчин чадал ахисан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг хувийн хэвшилд олгосон. Хэдийгээр тод биш ч энэ санхүүжилтийн үр шим алгуур тодорч эхлээд байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай эрдэс түүхий эдийн бус экспорт 30 хувиар нэмэгдсэнийг МУИС-ийн багш, эдийн засагч Б.Алтанцэцэг өгүүлсэн. Ялангуяа, гутал, хувцас, бусад эдлэлийн экспорт 76 хувиар дээшилснийг төв банк гадаад худалдааны тоймдоо дурджээ.
Бизнесийн салбар дахь хөнгөн үйлдвэрлэл ийн өндийж байна. Үүдээ барьсан үйлдвэр нэмэгдэж байгаа ч хаалгаа нээж буй аж ахуйн нэгжийн тоо ч өссөөр. Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 2016 оны эцсийн байдлаар 141 мянгад хүрсэн. Энэ нь улирлын дүнгээс 2000-гаар өндөр үзүүлэлт гэвэл та итгэх үү.
Макро эдийн засгийн хүндрэлээс үүдэн хувийн хэвшлийн байдал хүнд байгаа. Гэтэл эдийн засгийн хямралын эсрэг зоримог тэмцэж, өндийж буй үйлдвэрлэгчид ч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал зөвхөн хүндрэлийг авчраад зогсохгүй хэтийн хөгжилд түлхэц үзүүлэх хэмнэлт, мэргэн менежментийг ч дагуулдаг аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй